Сонгинохайрхан дүүргийн ЕБС-ийн төгсөх ангийн сурагчдыг хамруулсан “Өсвөр үе – Бидний ирээдүй” нэгдсэн арга хэмжээ өнөөдөр /2026.10.02/ болж, гамшгийн үеийн бэлэн байдлын сургалт, дадлага зохион байгууллаа.
Арга хэмжээний онцлог нь АНУ, ОХУ, БНХАУ, Чех, Унгар, Япон зэрэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамдын төлөөлөл оролцож, тухайн улсад суралцах боломж, тэтгэлэгт хөтөлбөрийн талаар төгсөх ангийн сурагчдад мэдээлэл өгсөн юм.
Арга хэмжээг нээж Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын дарга Б.Золбоо үг хэлэхдээ залуучууд, өсвөр үеийнхний хөгжилд чиглэсэн ажил нь ирээдүйд оруулж буй хамгийн чухал хөрөнгө оруулалт гэдгийг онцоллоо.
Мөн тэрбээр сурагчдыг гамшиг, эрсдэлд бэлэн байх, зөв дадал хэвшилтэй, өндөр ёс суртахуунтай иргэн болон төлөвшихийн чухлыг дурдан, мэргэжил сонголт, ирэх жилүүдэд эрэлттэй байх ажлын байр, хорт зуршил, донтолтоос урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл өгч, нээлттэй ярилцлага өрнүүлэв.
Энэ үеэр сурагчид гал түймэр, газар хөдлөлт болон болзошгүй гамшиг, ослын үед өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хэрхэн хангах талаар бодит нөхцөлд дадлага хийж, эрэлч нохдын ажиллагаа, өндрөөс аврах болон гал түймэр унтраах үйл явцтай танилцлаа.
Түүнчлэн хар тамхи, хорт зуршлын хор уршиг, донтолтоос урьдчилан сэргийлэх талаар мэргэжлийн байгууллагууд сургалт явуулсан бөгөөд сурагчид аврах ажиллагааны дадлагыг анх удаа бодитоор үзэж байгаагаа илэрхийлжээ.
“Өсвөр үе – Бидний ирээдүй” арга хэмжээг Сонгинохайрхан дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл болон Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлөөс хоёр дахь жилдээ зохион байгуулж байна.
Тус арга хэмжээнд дүүргийн Боловсролын хэлтэс, Прокурорын газар, Цагдаагийн газар, Онцгой байдлын хэлтэс, Нэгдсэн эмнэлэг, Эрүүл мэндийн төв, Хүүхэд, гэр бүл, хөгжил, хамгааллын хэлтэс, Шүүх шинжилгээний хэлтэс, Улаан загалмайн хороо, Үндэсний аврах бригад болон ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газар зэрэг байгууллагууд оролцож, хүүхэд, өсвөр үеийнхэнд практик мэдлэг, бодит мэдээлэл хүргэлээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна