Бүдүүн шулуун гэдэсний төв эмнэлэг “Сөүл эмнэлэг”-ийн Гүйцэтгэх захирал, 18 жил бүдүүн шулуун гэдэсний мэс заслын эмчээр ажиллаж буй Н.Оргилоос 2 хүн тутмын 1 нь өвчлөх болсон шамбарам өвчний талаар зөвлөгөө мэдээлэл авсныг хүргэж байна.
- Хүн амьдралынхаа аль нэг үед шамбарам өвчин тусах магадлал 50 хувь учраас энэ өвчнийг тусахгүй байхын тулд амьдралын хэв маягаа эрүүл байлгах нь чухал. Удаан хугацаагаар суух, эслэг багатай хоол идэх, бие засах дадлаа буруу байлгах зэрэг нь энэ өвчнийг тусах магадлалыг нэмэгдүүлдэг. Тиймээс ус сайн уу, эслэг ихтэй хоол ид, тогтмол хөдөлгөөн хий.
- Шамбарам нь хүний биед байдаг судаслаг бүтэц ба аажмаар хөвсийж томордог архаг явцтай өвчин учраас хошногоноос цус гарах, дутуу хүндэрсэн мэт мэдрэмж төрөх, овойж хавдах, өвдөлттэй бие засах, загатнаж хорсох тохиолдолд яаралтай мэргэжлийн эмчид хандаж оношоо зөв тодруулж эртхэн эмчлүүлэх хэрэгтэй. Дур мэдэн эмчилснээс үүссэн хүндрэлийн тоо буурахгүй нэмэгдсээр байна. Фэйсбүүк, хиймэл оюун ухаан биш эмч таныг оношилж эмчилнэ гэдгийг битгий мартаарай.
- Шамбарам өвчнийг сэдрээхгүйн тулд аль болох дүлж хүндрэхээс зайлсхийх, өтгөн хатахаас сэргийлэх, жорлонд удаан суухгүй байх хэрэгтэй.

- Шамбарам бол халдварт өвчин биш. Тиймээс туссан нэг нь санаа зовоод суух биш эмчид яаралтай хандах нөгөө талаар шамбарам туссан хүнээс цэрвэх шаардлагагүй. Гэхдээ гэр бүлээрээ идэж уух зүйл ижил, амьдралын хэмнэл адилхан тохиолдолд хэн нь ч тусч болно. Шамбарам биш амьдралын сөрөг хэв маяг чинь халдварлаж байна гэдгийг санах хэрэгтэй.
- Уул уурхай, банк санхүү, такси үйлчилгээнийхэн буюу удаан цагаар сууж ажилладаг хүмүүс энэ өвчинд нь өртөх нь их байна. Тиймээс ажил олгогчид хүссэн үедээ бие засах боломж, орчин нөхцлөөр ажилтнуудаа хангах, мэргэжлээс шалтгаалсан өвчин учраас бүдүүн шулуун гэдэсний оношилгоо тогтмол хийлгэж дадах нь чухал.
- Цус гарсан болгон шамбарам биш байдаг. Хэдийгээр шамбарам өвчин хавдарт шилждэггүй ч цус гарсан л бол шамбарам гэж өөрөө дур мэдэн тайвшраад, үл тоогоод яваад байж болохгүй. Давтан их хэмжээний цус алдалт, өтгөний шинж өөрчлөгдөх, шалтгаангүйгээр турах зэрэг шинж тэмдэг илэрч байвал яаралтай эмчид ханд. Бүдүүн шулуун гэдэсний олон төрлийн өвчин бий. Хавдрын өвчлөл ч буурахгүй нэмэгдсээр байна. Тиймээс эмчид эрт ханд.
- Хэрвээ та дөчөөс дээш настай бол бүдүүн гэдэсний дуран оношилгоо жилд заавал нэг удаа хийлгэх хэрэгтэй. Учир нь монголчуудын хоол, хөдөлгөөн, амьдралын хэв маяг, архи дарсны хэрэглээ зөв явж ирээгүй учраас хамгийн өндөр эрсдэл дөчөөс дээш насныханд үүсдэг.
- Хүндэрсэн хойно нь хагалгаанд ордог хэнэггүй зан нийтлэг болчихлоо. 100 мянгаар эмчилж болох юмыг заавал хүндрүүүлж 2-3 саяын хагалгаанд орох нь эрүүл мэндийн, эдийн засгийн хохирлыг нэмэгдүүлж байна. Хэнэгггүй зангаа эрүүл мэнд тэр дундаа бүдүүн шулуун гэдэсний асуудал дээр гаргамааргүй байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна