УИХ-ын гишүүн Б.Баярмаа 2025 оны хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ жилийн орлогоо 132 сая төгрөг хэмээн мэдүүлжээ. Энэ нь өмнөх оны 46 сая төгрөгийн орлогоос 86 сая төгрөгөөр өссөн үзүүлэлт юм.
Түүний гэр бүлийн орлого сүүлийн хоёр жилд 102 сая төгрөгт өөрчлөлтгүй байна.
Б.Баярмаа 2024 онд нийт 2.5 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх нэг орон сууц, нэг оффис, нэг авто зогсоол, нэг баригдаж дуусаагүй орон сууц эзэмшиж байсан бол 2025 онд хөрөнгийн тоо өөрчлөгдөөгүй ч нийт үнэлгээ нь 1.8 тэрбум төгрөг болж буурчээ.
Тээврийн хэрэгслийн хувьд 2024 онд нийт 101 сая төгрөгөөр үнэлэгдэх Mazda Demio, Toyota Aqua, Toyota Land Cruiser 80, Suzuki Grand Vitara гэсэн дөрвөн автомашинтай гэж мэдүүлсэн байна. Харин 2025 онд автомашины тоо нэг болж, үнэлгээ нь 87 сая төгрөг болжээ.
Мөн 60 сая төгрөгөөр үнэлэгдэж байсан үнэт эдлэлийн үнэ цэнэ 30 сая төгрөг болж, хоёр дахин буурсан байна.
Дотоодын банк дахь хадгаламжийн хэмжээ 2024, 2025 онд 17 сая төгрөгөөр өөрчлөлтгүй байгаа бол бусдаас авах авлага нь 734 саяас 602 сая төгрөг болж буурчээ.
Харин хурдан удмын адуу эзэмшдэггүй бөгөөд “Шинэ зуун энержи”, “ММС Трейд”, “Ганга Илд” ХХК-иудад хувьцаа эзэмшдэг гэж хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ тусгасан байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна