Улаанбаатар, 2026 оны наймдугаар сарын 17. Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17) өнөөдөр Улаанбаатар хотноо албан ёсоор нээлтээ хийлээ.
Наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд үргэлжлэх бага хурлаар газрын доройтол, цөлжилт, гангийн өсөн нэмэгдэж буй эрсдэлийг бууруулах, газрын нөхөн сэргээлт, ганд тэсвэрлэх чадавх, бэлчээрийн тогтвортой менежмент, хөрс хамгаалал, санхүүжилт болон хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх асуудлаар дэлхийн улс орнууд хэлэлцэнэ.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал нээлтийн ёслолд хэлсэн үгэндээ дэлхий нийт газрын доройтол, цөлжилттэй тэмцэх зорилго, амлалтаар дутаагүй ч тэдгээрийг бодит үр дүнд хүргэх нөөц бололцоо, санхүүжилт, технологи, институцийн орчин илүү шаардлагатай байгааг онцлов.
“Бид их ярьж, их тунхаглаж бол чадсан. Харин үгээ үйлдэл болгож чадаж байна уу? COP17 бол өмнөх шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай.”
Тэрбээр Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 81,9 хувь нь цөлжилт, доройтолд өртөж байгааг дурдаад, COP17-оос хүлээж буй хамгийн том өөрчлөлт нь “ярианаас үйлдэл рүү, зорилгоос хэрэгжилт рүү, амлалтаас хэмжигдэхүйц үр дүн рүү шилжих” явдал гэдгийг тодотголоо.
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад газрын доройтол, ган, цөлжилт нь зөвхөн байгаль орчны асуудал байхаа хэдийнэ больж, хүнс, ус, эдийн засгийн тэсвэрлэх чадавх, иргэдийн ирээдүйд шууд нөлөөлж байгааг онцлов.
“Дэлхийд шийдэл дутагдаагүй, харин тэдгээрийг өргөн хүрээнд хэрэгжүүлэх нь гол сорилт болж байна. Улаанбаатар хотод амлалтаас газар дээрх бодит, хэмжигдэхүйц үр дүнд шилжихэд шаардлагатай улс төрийн манлайлал, хөрөнгө оруулалт, түншлэлийг дайчлах ёстой.”
Тэрбээр COP17-ын амжилтыг зөвхөн гаргасан шийдвэрээр бус, тэдгээр нь улс орнуудын иргэд, эдийн засаг, газар нутагт ямар бодит өөрчлөлт авчирснаар хэмжих ёстой гэдгийг онцолж, газрыг нөхөн сэргээх нь байгаль орчны өмнө хүлээсэн үүргээс гадна хүн, тогтвортой байдал, тэсвэрлэх чадавхад хийж буй хөрөнгө оруулалт гэдгийг тэмдэглэлээ.
Нээлтийн үеэр COP16-ын даргалах эрхийг Монгол Улсад албан ёсоор шилжүүлж, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын даргын үүргийг хүлээн авлаа.
COP17-ын хүрээнд газрын нөхөн сэргээлт, ганд тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх, бэлчээрийн тогтвортой менежментийг дэмжих, хөрөнгө оруулалт, санхүүжилтийг нэмэгдүүлэхэд чиглэсэн хэлэлцээ, өндөр түвшний уулзалтууд үргэлжилнэ.
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал 2026 оны наймдугаар сарын 28-ныг хүртэл Улаанбаатар хотноо үргэлжилнэ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна