Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Болорчулуун "Арваад хоногийн өмнө орсон цас, борооны улмаас сүүлийн буудай бага зэрэг чийгтэй байна. Тиймээс Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн салбаруудын хатаалгаар дамжуулж аж ахуйн нэгж, тариаланчдын буудайг авч байгаа. Сүүлийн өдрүүдэд цаг агаар тогтуун байгаа учир ургац хураалтын ажил эрчимтэй, хэвийн үргэлжилж байна" гэлээ.
Ургацын төв штабаас мэдээлснээр ургацын урьдчилсан балансаар Монгол Улс энэ жил 450.3 мянган тонн үр тариа, үүнээс 425.8 мянган тонн буудай, 151 мянган тонн төмс, 95.1 мянган тонн хүнсний ногоо, 30.1 мянган тонн тосны ургамал, 86.3 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авахаар тогтоосон юм.
Тухайлбал, 2018 оны аравдугаар сарын 21-ний байдлаар 48.2 мянган га-г ангилан хадаж, нийт 257.1 мянган га-гаас 342.1 мянган тонн үр тариа, үүнээс 330.4 мянган тонн улаанбуудай, 12.8 мянган га-гаас 160.1 мянган тонн төмс, 8.2 мянган га-гаас 91.8 мянган тонн хүнсний ногоо, 37,3 мянган га-гаас 89,9 мянган тонн тэжээл, 27,2 мянган га-гаас 13,2 мянган тонн тосны ургамал тус тус хураан аваад байна.
Энэ нь үр тарианы 75.3 хувь, төмсний 98,7 хувь, хүнсний ногооны 98,8 хувь, тэжээлийн 66 хувь, тосны ургамлын 47 хувийг хурааж аваад байгаа үзүүлэлт юм. Үр тариа, төмс, хүнсний ногооны хураалт дунджаар 91 хувьтай, нийт дүнгээр улсын хэмжээнд ургац хураалт 80 орчим хувьтай байгаа юм.
Мөн энэ сарын 19-ний байдлаар малчид 941 мянган тонн өвс, 38.9 мянган тонн ногоон тэжээл, 7.2 мянган тонн үйлдвэрийн тэжээл, 31.4 мянган тонн гар тэжээл, 2.4 мянган тонн дарш, 40 мянган тонн давс, хужир бэлтгээд байна. Ингэснээр улсын хэмжээнд хадлан, тэжээл бэлтгэлийн ажил 73,5 хувьтай байгаа аж.
Архангай, Баян-Өлгий, Булган, Говьсүмбэр, Орхон, Сэлэнгэ, Ховд, Хөвсгөл аймаг хадлан, тэжээл бэлтгэсэн хэмжээгээрээ улсдаа тэргүүлж яваа. Одоогийн байдлаар аймаг, сумын аюулгүйн нөөцөд 9.2 мянган тонн өвс, 2.3 мянган тонн тэжээл бэлтгээд байгаа юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна