Монголын шинэ үеийн утга зохиолыг үндэслэгчдийн нэг, их зохиолч С.Буяннэмэхийн “Төгөлдөр Буяннэмэх” сан, “С.Лувсанвандан” сангийнхан хамтран Их зохиолч Сономбалжирын Буяннэмэхийн судлалын хөгжил: Өнөөдөр ба Ирээдүй олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа. Энэхүү хуралд БНХАУ-ын Бээжингийн Төвийн Үндэсний их сургуулийн доктор, профессор, С.Буяннэмэх судлаач Ван Мандуга, доктор, профессор С.Байгалсайхан, МУСГЗ, доктор, профессор Ч.Дагвадорж зэрэг эрдэмтэн, судлаач судалгаа, шинжилгээний ажлаа танилцуулсан юм. Мөн эрдэм шинжилгээний хуралд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн Ахлах зөвлөх Ж.Батбаясгалан үг хэллээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн Ахлах зөвлөх Ж.Батбаясгалан Монголын шинэ үеийн утга зохиолыг үндэслэгчдийн нэг, их зохиолч С.Буяннэмэхийн туурвисан уран бүтээл, хэл, соёлын өвийг ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээх, эрдэмтэн зохиолчдын үйл хэргийг залуучуудын оюун санаанд шингээхэд “Төгөлдөр Буяннэмэх” сан болон судалгааны байгууллагуудын оролцоо чухал болохыг онцоллоо. Нийслэлийн зүгээс өв соёл, оюуны бүтээлийг дэмжин ажиллахаа илэрхийллээ.
Эрдэм шинжилгээний хурлын үеэр С.Лувсанвандангийн нэрэмжит гоо зүйн дээд шагналыг “Төгөлдөр Буяннэмэх” сангийн хамт олонд гардууллаа. Энэхүү гоо зүйн дээд шагналыг Монголын XX зууны нэрт эрдэмтэн, урлаг, утга зохиолын салбарт гоо зүй хэмээх онол, судлалыг дэлгэрүүлсэн эрдэмтэн, хэл бичгийн ухааны доктор С.Лувсанвандан агсны нэрэмжит сан 2005 оноос олгож эхэлжээ. Монголын шинэ үеийн утга зохиолын үндэслэгчдийн нэг, их зохиолч С.Буяннэмэхийн намтар, уран бүтээлийг олон нийтэд хүргэж буй хувь нэмрийг нь үнэлэн тус шагналыг олголоо.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна