“Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай” хуулийн хэлэлцүүлэг чуулганы танхимд эхэллээ. Цахим хөгжил, инноваци, харилцаа холбооны сайд Ч.Номингийн санаачилсан уг хуулийн төсөлд 13 насанд хүрээгүй хүүхэд нийгмийн сүлжээ ашиглахгүй байх зохицуулалтыг тусгаж өгөөд байна. Үүнээс гадна 13-16 насны хүүхдийн хэрэглээнд зориулсан технологийн хамгаалалтын арга хэмжээг хуульчлах гэж буй юм. Энэ хууль яагаад заавал батлагдах ёстой талаар хоёр баримтыг онцолъё.
Эхний шалтгаан буюу баримт бол АНУ-ын Үндэсний сэтгэцийн эрүүл мэндийн хүрээлэнгээс хийсэн судалгаа. 13 насанд хүрээгүй хүүхэд нийгмийн сүлжээ ашиглахгүй байх ёстойг та энэ судалгааны дүгнэлтээс харах боломжтой. 13 насанд хүрээгүй хүүхдийн тархины хөгжил, танин мэдэхүй, өөрийгөө хянах болон эрсдлийг үнэлэх чадвар бүрэн төлөвшөөгүй байдаг аж. Учир нь хүүхдийн шийдвэр гаргах, импульс хянах, урт хугацааны үр дагаврыг тооцоолох үүрэгтэй тархины урд хэсгийн хөгжил өсвөр насны сүүл үе хүртэл үргэлжилдэг байна. Түүнчлэн шагнал, сэтгэл хөдлолийн хариу урвалтай холбоотой лимбик систем илүү эрт идэвхждгийг АНУ-ын Үндэсний сэтгэцийн эрүүл мэндийн хүрээлэнгээс тогтоожээ. Ийм шалтгаанаар бага насныхан лайк дарах гэх мэт урамшууллын системээр ажилладаг фэйсбүүк, тик ток гэх мэт сошиал платформд донтох эрсдэл өндөр байдаг нь хэдийн нотлогдчихсон үнэн. Бага насны хүүхдүүд эдгээр сошиал платформд донтсоноор цахим дарамт, итгэл олж авах замаар бэлгийн хүчирхийлэлд татан оруулах үйлдлийн золиос болдог нь олон кейсээр батлагдчихсан. Бага насныхан хортой агуулга, хувийн мэдээлэл алдагдах эрсдлийг бодитоор үнэлж дүгнэх чадвар султай байдгийг энэ дашрамд тодотгоё. Тийм ч учраас АНУ 13 настай хүүхдийн хувийн мэдээллийг эцэг, эхийн зөвшөөрөлгүй цуглуулахад тусгай шаардлага тавьдаг юм. Өдгөө фэйсбүүк гэх мэт сошиал платформууд 13 насны босго тавьдгийн цаана ийм учир бий.
Харин 13-16 насныхны нийгмийн сүлжээг бүрэн хориглох нь хүүхдийн мэдээлэл авах, боловсрол эзэмших, үзэл бодлоо илэрхийлэх гэх мэт эрхэд сөргөөр нөлөөлөх эрсдлтэй гэж олон улсын байгууллага, судлаачид үздэг юм байна. Манай улс энэ жишгээр буюу Европ, барууны орнуудын нэгэн адил 13-16 насны хүүхдүүдийн сошиал хэрэглээнд зориулсан технологийн хамгаалалтын арга хэмжээг хуульчлахаар болжээ. Өсвөр насныхны сошиал хэрэглээнд зориулсан технологийн хамгаалалт яагаад заавал хэрэгтэйг Харвардын их сургуулийн хүүхдийн төвийн судалгаанаас харчихаж болно. Энэ бол Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах хууль зайлшгүй батлагдах ёстойг нотолсон хоёр дахь баримт буюу шалтгаан. 13-16 насанд хүүхдийн нийгмийн оролцоо, харилцаа, мэдээлэл авах, суралцах, өөрийгөө илэрхийлэх хэрэгцээ эрчтэй нэмэгддэг ч тархины өөрийгөө хянах, сэтгэл хөдлөлөө зохицуулах, нийгмийн дарамтыг даван туулах чадвар бүрэн төлөвшөөгүй байдаг аж. Тус судалгаанаас та “Өсвөр насныхан бусдын үнэлэмжид илүү мэдрэмтгий байдаг тул алгоритмаар эрчимтэй түгээх, бусадтай өөрийгөө харьцуулах донтуулах шинжтэй сошиалын хохирогчид болох өндөр эрсдэлтэй” гэсэн дүгнэлтийг олж харж болно. Ийм ч учраас Европын холбооны Цахим үйлчилгээний тухай хуульд насанд хүрээгүй хүүхдүүд ашиглах боломжтой сошиал платформд тодорхой хориглолт, хязгаарлалтыг тусгасан байдаг юм байна. Бүр тодруулж хэлбэл өсвөр насныханд тик ток, фэйсбүүк гэх мэт нийгмийн сүлжээг ашиглуулахдаа аюулгүй байдлын анхны тохиргоог хийж өгдөг аж. Танихгүй хүнтэй холбогдох боломжийг хязгаарлах, байршил хуваалцах тохиргоог идэвхгүй болгох, хориотой, хүүхдэд хортой агуулгыг харуулахгүй байх, эцэг эхийн хяналтай байлгах, алгоритмийн эрсдлийг бууруулах гэх мэт хамгаалалтын арга хэмжээг авдаг байна.
Цахим яамнаас санаачилсан Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуульд 13-16 насны хүүхдийн хэрэглээнд зориулсан технологийн хамгаалалтын хэд хэдэн зүйлийг тусгажээ. Хүүхдийн хувийн мэдээлэл байршлын нууцлалыг хамгаалах анхдагч тохиргоог хийх, эцэг эхийн зүгээс хяналт тавих боломжийг бүрдүүлэх, хүүхдэд хортой агуулгын харагдац, түгээлт, алгоритмын санал болголтыг хязгаарлах, танихгүй хэрэглэгчтэй танилцах болон шууд дамжуулалтын боломжийг хязгаарлах, хүүхдинй нас, сэтгэхүйн онцлогт нийцсэн бусад хамгаалалтын арга хэмжээ зэрэг safety-by-design зарчимд суурилсан хамгаалалтын тогтолцоог хэрэгжүүлэхээр тусгажээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна