Одоогоос 50 жилийн өмнө буюу 1968 оны аравдугаар сарын 20-ны өдөр Монголын чөлөөт бөхийн төдийгүй спортын түүхэнд алтан үсгээр бичигдэх түүхэн үйл явдал болж байв.
Тодруулбал, Мексикийн нийслэл Мехикод болсон зуны XIX олимпийн их наадмын чөлөөт бөхийн төрөлд Ч.Дамдиншарав, Б.Сүхбаатар, Ц.Нацагдорж, Д.Сэрээтэр, Т.Артаг, Ж.Мөнхбат, Х.Баянмөнх, Ө.Эрдэнэ-Очир тэргүүтэй Монголын чөлөөт бөхийн "Алтан үе"-ийн найман төлөөлөгч, ардын багш, гавьяат дасгалжуулагч С.Магсарын удирдлага дор эх орноо төлөөлөн оролцсон юм.
Мехикогийн дэвжээнд 87 кг-ын жинд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Жигжидийн Мөнхбат агсан мөнгө, 52 кг-ын жинд Ардын багш, гавьяат тамирчин Чимэдбазарын Дамдиншарав, 70 кг-ын жинд Ардын багш, гавьяат тамирчин Данзандаржаагийн Сэрээтэр, 78 кг-ын жинд Монгол Улсын гавьяат тамирчин Төмөрийн Артаг агсан хүрэл медаль хүртэж, Монгол Улсын алтан соёмбот далбаагаа олимпийн тэнгэрт анх мандуулсан түүхтэй.
Хагас зуун жилийн тэртээ Мексикээс авчирсан дөрвөн тамирчны олимпийн анхны медалийн замналаар Монголын тамирчид хүн төрөлтөний спортын хамгийн том баяр наадмаас хоёр алт, 10 мөнгө, 14 хүрэл, нийт 26 медалийг хүртээд буй билээ
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна