НЭР, ХӨШӨӨГҮЙ 500 ГАРУЙ ШАРИЛЫГ ЧАНДАРЛАЖЭЭ


Улаанбаатар хотыг агаарын бохирдол аюулын харанга дэлдэж, түүнийг бууруулах арга хэмжээ авахаар төр, засгаас эрвийх дэрвийхээрээ зүтгэж буй. Үүний нэг нь ирэх оны тавдугаар сарын 1-нээс нийслэлд түүхий нүүрс оруулахыг хориглох шийдвэр. Нэгэнт түүхий нүүрс оруулахгүй гээд шийдчихсэн учраас иргэдээ хөлдөөчихгүйн тулд цахилгаанаар гэр, байшингаа халаах боломж бүрдүүлэх зорилгоор хэд хэдэн дэд станц барих тогтоол Засгийн газраас гаргасан.

Үүний хүрээнд Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан, Баянгол дүүргийн гэр хорооллын 20 мянга гаруй айл өрхийг цахилгаанаар халаах хүчдэлийг дэмжих дэд станц барих ажил эхлээд байна. Уг станцыг ашиглалтад оруулснаар 20 000 айл тус бүр 4кВт-ын цахилгаан халаагуур ашиглах боломж бүрдэх аж. Дэд станц барих газрыг нийслэлийн ЗДТГ-аас олгосон бөгөөд Чингэлтэй дүүргийн XII хороо, Далан давхарын оршуулгын газрын 1.6 га талбайд барихаар өнгөрсөн зургадугаар сард төлөвлөжээ.

1950-иад оноос талийгаачдыг оршуулж эхэлсэн тус газарт албан бус тоогоор 42 000 шарил бий аж. Гэхдээ энэ нь зөвхөн хөшөөтэй, нэр нь мэдэгдэж буй шарилын тоо. Цаана нь хэнийх болох нь мэдэгдэхгүй хэчнээн шарил байгааг тодорхойлох аргагүй. Дэд станц барих ажлын хүрээнд тус газрын шарил багатай хэсгийг сонгож, 150 ам метр газарт зурвас тогтоогоод байгаа юм. Тухайн зурваст нэр нь мэдэгдэж буй 22 талийгаачийн шарил бий гэнэ. Станцаа барихын тулд тэдний төрөл, төрөгсдөөс зөвшөөрөл авах ёстой.

1 (2)(1) Нэр, хөшөөгүй 500 гаруй шарилыг чандарлажээ

Тиймээс Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрөөр ахлуулсан ажлын хэсгийнхэн ар гэрийнхэнтэй нь холбоо тогтоож, талийгаачийн шарилыг нутаг руу нь зөөх, эсвэл чандарлах ажлыг эхлүүлэх гэнэ. Одоогоор долоогийнх нь ар гэрийн хүмүүстэй холбогдсон бөгөөд тэдний нэг нь тус газарт ээжийгээ нутаглуулсан Нина. Тэрбээр "Миний ээж 1923 онд төрж, 1988 онд өөд болсон юм. Хотын захиргаанаас нэгдсэн шийдвэр гаргаад хийж буй ажлыг би эсэргүүцэх эрхгүй шүү дээ. Тиймээс хийх ёстойгоор нь л хийг гэж бодож байна.

Хэд хоногийн өмнө шинийн 15 тохиосон. Тэр өдөр уншуулах ёстой номуудыг нь уншуулчихлаа. Ер нь нутаглуулсан газар нь тэлж, хог шороондоо дарагдаад, биднээс хойш эргэж тойрох ч хүнгүй болох юм шиг байна. Ганц миний ээж бурхан болсон биш, бусдын жишгийг л дагая. Нэгдсэн ажил зохион байгуулж байгаа учраас шарилыг нь чандарлаж, суварга босгох биз" гэлээ. Ихэнх иргэдийн байр суурь ийм байгааг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны мэргэжилтэн С.Аригуун хэлсэн юм.

Мөн тэрбээр "Ажил эхлүүлэхээс өмнө иргэд эмзэглэж хүлээж авах болов уу гэж эмээсэн. Гэтэл харин ч эсрэгээрээ сайнаар хүлээж авлаа. Бид 14 хоногийн өмнө олон нийтийн хэвлэлээр талийгаачдын нэрсийг гаргаж, ар гэрийнхнийг нь хайсан юм. Гэтэл барилга барих зурваст ороогүй талийгаачдын ар гэрийнхэн ирж уулзаж, чандарлуулж болох уу гэж асууж эхэлсэн. Хог шороо ихтэй, булш эвдэж сүйдэх асуудал их гардаг учраас зөөвөрлөх сонирхол их байдаг юм билээ. Тиймээс эл ажил хурдан дуусах байх гэж бодож байна" гэлээ.

Эдгээрээс гадна нэр нь тодорхойгүй талийгаачийн шарилыг чандарлах ажил эхэлжээ. Үүнийг "Улаанбаатар буян", "Суварга буян" компанийнхан гүйцэтгэж буй бөгөөд өчигдрийн байдлаар ажлын явц 50 хувьтай, нийт 500 гаруй шарил чандарлаад буй аж. Хүчит шонхор захын баруун талд байрлах эл зурвас газарт тус хоёр компанийн нийт 10 гаруй ажилчин, хөндлөнгийн гэрч болж нэг ТББ-ынхан ажиллаж байна.

Энэ сарын 30-ны дотор шарил шилжүүлж, чандарлах ажил дуусах ёстой гэнэ. Гэтэл дэд станц барих газрыг 2-3 удаа сольсноос цаг алдаж, маш давчуу хугацаанд гүйцэтгэж буйг тэд хэллээ. "Шарил байхгүй хэмээн таамаглаж байсан эрүүл, өвс ногоо ургасан газар доороос шарил гарч ирж буй учраас цаашид хэчнээн болж нэмэгдэхийг хэлж мэдэхгүй нь" хэмээсэн. "Улаанбаатар буян" компани өмнө нь ийм төрлийн ажил хийж байсан туршлагатай аж. Өнгөрсөн жил мөн дэд станц барих ажлын хүрээнд Далан давхарын хойд хэсэгт байсан 17 шарилыг чандарлаж, хажууд нь суварга босгожээ.

Мөн иргэдийн хүсэлтээр жилд 40-50 шарил чандарладаг гэнэ. Тус компанитай хамтран ажиллаж буй "Суварга буян" компанийн захирал Г.Бямбадорж "Одоогоор нэр нь тодорхойгүй шарилуудыг гаргаж, чандарлаж байна. Ингэхдээ шарилыг чандарлаж, суварганд байрлуулна. Мөн иргэдийн сүсгийн асуудал байдаг учраас лам нараар зохих ёсных нь номуудыг уншууллаа. Түүнчлэн 30, 40, 50 жил хөрсөнд шингэж буй шарилаас олон төрлийн хорт бодис ялгардаг. Тиймээс юуны түрүүнд ажилчдадаа бүрэн хамгаалах хувцас өмсүүлж байна" гэлээ.

Дэд станц байрлах зурвас газарт хэд хэдэн хятад иргэний шарил байх бөгөөд тэдний ар гэрийнхнийг ирж уулзахыг хүлээж буй гэнэ. Урьд нь дээрх компаниудаар хятад иргэд эмээ, өвөөгийнхөө шарилыг чандарлуулж, нутаг руугаа авч явсан тохиолдол бий аж.

Дээр дурдсанчлан нутаглуулаад олон жил болсон шарилийг хөндөх үед олон төрлийн хорт бодис ялгардаг. Тэр нь хөрсөнд шингэсэн байдаг учраас хөндөх үед агаарт дэгддэг гэнэ. Түүнчлэн нас барж буй хүмүүсийн ихэнх нь өвчнөөр өөд болдог учраас нас барахаас нь өмнө нь хийж байсан эм тарианы хор, мөн өвчнийх нь вирус хөрсөнд хадгалагдах тохиолдол бий аж. Тиймээс шарилыг зөөвөрлөж дууссаны дараа мэргэжлийн байгууллагууд аруйтгаж, хөрс цэвэршүүлэх юм байна.

Энэ мэт хүндрэлтэй асуудал байгаа ч дэд станц барьчихвал гэр хорооллын иргэд төдийгүй, 1.3 сая иргэний эрүүл мэнд, амь насанд заналхийлээд буй агаарын бохирдол бага ч болов буурна гэдгийг мэргэжилтнүүд онцоллоо.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Долдугаар сард 709,503 зөрчил бүртгэгджээ 5 цагийн өмнө
ЭКО ИННОВАЦ ба АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧИЛ 7 цагийн өмнө
"Супер бэлэгтэй 20 жил" аяны хоёр өрөө байрны эзэн: “Үүнээс илүү сайхан зүйл гэж үгүй байх.” 9 цагийн өмнө
Улаанбаатар хотын тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 9 цагийн өмнө
Хилчин байлдагч галын аюулаас нэг өрх айлыг аварчээ 10 цагийн өмнө
Эхийн алдар одонгийн мөнгийг энэ сарын 25-нд олгоно 10 цагийн өмнө
Мотоциклтэй эмэгтэйг араас нь зориудаар мөргөсөн жолоочийг ажлаас нь чөлөөлжээ 10 цагийн өмнө
Ц.Сандаг-очир: Сop17 ба Сop31 хурлын уялдаа нь риогийн гурван конвенцын нэгдсэн хэрэгжилтийг ахиулах чухал алхам болно 11 цагийн өмнө
Хоногийн хугацаанд хулгайлах 22 гэмт хэрэг бүртгэгдэжээ 11 цагийн өмнө
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана 11 цагийн өмнө
Тарвас хураах ажилд явна” гэж гэрээсээ гараад сураггүй болсон 10 настай охиныг эрэн хайж байна 11 цагийн өмнө
Өнөөдөр ихэнх нутгаар хална 12 цагийн өмнө
Олон улсын математикийн 67 дугаар олимпиадад амжилттай оролцсон багш, сурагчдаа урамшууллаа Өчигдөр
Дэлхий дизель түлшний хомсдолтой нүүр туллаа: Томоохон газрын тосны компаниуд аюулын дохио өгч байна Өчигдөр
АИ-92-ын 50 мянган төгрөгийн хязгаарлалт 15-ныг хүртэл үргэлжилнэ гэж найдаж байна Өчигдөр
Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-10см нэмэгдсэн байна Өчигдөр
Нэгдүгээр ангид элсэгчдийн бүртгэлийг энэ сарын 17-ноос E-Mongolia системээр зохион байгуулна Өчигдөр
Хүүхдийн мөнгө, халамж, тэтгэмжийг энэ сарын 20-нд олгоно Өчигдөр
Цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Зам тээврийн ослоос үүдэн 297 хүн амь насаа алдаж, 1578 хүн гэмтэж, гэмтсэн байна Өчигдөр