Ч.Ундрам: Анх 2020 онд Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсоноосоо хойш боловсролын салбарт сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг халж, хүүхэд бүр эрүүл, аюулгүй, стандартын шаардлага хангасан ариун цэврийн байгууламж ашиглах нөхцөлийг бүрдүүлэх асуудалд онцгой анхаарч, тууштай ажиллаж ирсэн.
5 жил хөөцөлдөж хөрөнгө мөнгийг нь босгож зохион байгуулалт, хэрэгжилтийг нь хангуулахаар араас нь явсан ажил маань өнөөдөр бодит үр дүнд хүрч, боловсролын салбарын багш, ажилтнууд, сурагч хүүхдүүд орчин үеийн ариун цэврийн байгууламжтайгаар шинэ хичээлийн жилээ угтах гэж байна.
Нүхэн жорлонг халах нь зөвхөн нэг байгууламжийг шинэчлэх ажил биш. Энэ бол сурагчдын эрүүл мэнд, аюулгүй байдал, тав тухтай орчинд сурч боловсрох эрхийг хамгаалсан чухал хөрөнгө оруулалт юм.
Энэхүү ажлыг бодит үйл хэрэг болгоход санхүүгийн дэмжлэг үзүүлсэн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, төлөвлөлтөөс эхлээд бүтээн байгуулалт, хэрэгжилтийн бүхий л шатанд хамтран ажилласан Боловсролын Яам, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, төрийн болон орон нутгийн бүх байгууллага, инженер, мэргэжилтэн, гүйцэтгэгчид, нийт оролцогчдод чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Эхлүүлсэн ажлынхаа үр дүнг өдөр тутмын амьдралд бодитоор бий болсон байгааг харах хамгийн сайхан.
Харин бүтээн байгуулалтыг ашиглалтад оруулснаар ажил дуусахгүй. Цаашид ариун цэврийн байгууламжийн ашиглалт, арчилгаа, цэвэрлэгээг тогтмол сайн хийж, өнөөдрийн бий болгосон нөхцөлөө улам сайжруулан, олон жил үр өгөөжтэй ашиглана гэдэгт итгэлтэй байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна