Хуулийн төсөл боловсруулагчдын сургалт эхэллээ


Улсын Их Хурлын Тамгын газраас Монголын Хуульчдын холбоо, Швейцарын хөгжлийн агентлагтай хамтран зохион байгуулж буй Хуулийн төсөл боловсруулагчдын сургалт өнөөдөр (2023.05.24) эхэллээ. Парламентат ёс өндөр түвшинд төлөвшсөн улс орнуудын нийтлэг жишгийн дагуу зохион байгуулж буй энэхүү сургалтын бэлтгэл хангах ажлыг 2021 оноос эхлүүлсэн бөгөөд оролцогчдод 3.0 кредит олгохын зэрэгцээ олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сертификат гардуулах юм.

Сургалтыг нээж хэлсэн үгэндээ Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга, Хууль зүйн ухааны доктор (Ph.D) Л.Өлзийсайхан, хуулийн төслийн эхийг барих ажлыг тодорхой хугацаанд хийсэн, мөн судлаачийнхаа хувьд парламент судлалаар дагнан ажилладаг учир хуулийн төсөл боловсруулагчдыг бэлтгэх механизм бүрдүүлэх шаардлага байгааг олж харж, үүнийг бий болгох зорилт тавьснаа дурдаад, чамгүй хугацаанд төлөвлөж, хичээн хэрэгжүүлсэн энэхүү зорилтоо өнөөдөр ажил хэрэг болгож байгаадаа баяртай байна гэлээ. Тэрбээр, ардчилал, эрх зүйт ёсыг төлөвшүүлж буй аливаа улсын парламент нийгмийн харилцааны агуулга, мөн чанарт нийцсэн, улс орны хөгжлийн түвшин, ард түмний аж амьдралын онцлог, соёлд тохирсон, олон улсын нийтлэг жишиг, хандлагыг харгалзсан, эрх зүйн суурь зарчим, үнэт зүйлсэд тулгуурласан, амьдрал, практикт хэрэгжихүйц чанартай хууль батлан гаргахыг эрхэм зорилгоо болгодгийг онцлоод, үүнд хуулийн төсөл боловсруулагчдын үүрэг, оролцоо чухал гэдгийг чухалчлан тэмдэглэв.

Гурван өдөр үргэлжилж, хууль зүйн салбарын тэргүүлэх эрдэмтэн, багш нар, хуулийн төсөл боловсруулах ажлын арвин туршлагатай, өндөр ур чадвартай мэргэжилтнүүд, хуулийг практикт хэрэглэдэг шүүгч нар зэрэг арав гаруй багш удирдан явуулах энэхүү сургалтаар төсөл боловсруулагч, хууль, хууль зүйн техникийн талаарх суурь ойлголтоос эхлээд хуульд тавигддаг агуулгын болон хэлбэрийн шаардлага, төсөл боловсруулах арга ажиллагаа, эрх зүйн рецепци, хууль тогтоомжийн системчлэл зэрэг зайлшгүй тулгамддаг олон асуудлыг эрх зүйн онол, практикийн үүднээс иж бүрнээр авч үзэх юм. Түүнчлэн тодорхой хуулийн төсөл дээр дадлага хийх бөгөөд Улсын Их Хурал, түүний Тамгын газрын үйл ажиллагаа, хууль тогтоох ажилд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг, тогтолцоо, зохион байгуулалт, арга ажиллагаатай газар дээр нь дэлгэрэнгүй танилцана.

Цаашид тогтмолжуулан явуулах энэхүү Хуулийн төсөл боловсруулагчдын сургалтын анхны ээлжинд Улсын Их Хурлын Тамгын газрын хуулийн төслийн эхийг баригч, хуульч нар, мөн төрийн захиргааны төв байгууллагуудын Хууль, эрх зүйн газар, хэлтсийн ажилтнуудаас бүрдсэн 50 суралцагч хамрагдаж байна.

Сургалтын хөтөлбөрийг Монголын Хуульчдын холбооны Сургалтын хороо магадлан итгэмжилснийг тус холбооны ерөнхийлөгч, Хууль зүйн ухааны доктор (Ph.D) П.Одгэрэл нээлтийн үеэр хэлсэн үгэндээ дурдаж, хуулийн төсөл боловсруулагчид бол нийгмийн харилцааны зохицуулалтын зохион бүтээгч нар юм хэмээн чухалчлан тэмдэглэв. Тэрбээр, сургалтын ач холбогдлыг өндрөөр үнэлж, энэхүү чухал сургалтыг санаачлан, хэрэгжүүлж буй Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, удирдан явуулж буй Улсын Их Хурлын Тамгын газрын Парламентын судалгаа, сургалтын хүрээлэнгийн захирал Ц.Цогзолмаа болон нийт зохион байгуулагчид, эрдэмтэн багш нар, суралцагч нарт амжилт хүсэв. Мөн сургалтыг хамтран зохион байгуулж буй Швейцарын хөгжлийн агентлагийн Хамтын ажиллагааны газрын захирал, хатагтай Стефани Бурри дүрст мэндчилгээ илгээж, сургалтын үйл ажиллагаанд амжилт хүслээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Э.Батшугар: Эмч нарын цалин үе шаттай нэмэгдэж байгаа 9 цагийн өмнө
Д.Золзаяа: Шавь нараа харахаар надаар дутах юм шиг санагдаад багшийн мэргэжлээ орхиж чадаагүй 12 цагийн өмнө
“Өсвөр үе – Бидний ирээдүй” нэгдсэн арга хэмжээ боллоо 13 цагийн өмнө
Д.Цогтбаатар: Ахмадын тэтгэврийг 1.5 сая төгрөгт хүргэх бүрэн боломжтой 13 цагийн өмнө
Улаанбаатарт 9 хэмийн дулаан байна 15 цагийн өмнө
“Өсвөр үе – Бидний ирээдүй” нэгдсэн арга хэмжээ боллоо Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа Өчигдөр
Диди багш: Цэцэрлэг сонгоно гэдэг хүүхдээ хэдэн цаг байлгах газраа сонгож байгаа хэрэг биш Өчигдөр
Г.Дамдинням: Намайг огцруулаад шатахууны асуудал хэвийн болно гэвэл шууд больчихмоор байна Өчигдөр
Б.Дашпүрэв: Шатахууны 11 хоногийн нөөцтэй байна Өчигдөр
64-78 настай ахмад бүжигчид хөдөлгөөнтэй байхыг уриаллаа Өчигдөр
Ш.Оюун: Орон сууцанд удирдлага бариад хэвтэхийг жаргал гэж боддоггүй Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна Өчигдөр
С.Эрдэнэбат: Ахмадуудад тэтгэврийн зээлээс бусад төрлийн зээл олгодоггүй нь Үндсэн хууль зөрчсөн асуудал 2026/10/01
О.Алтангэрэл: Шатахууны асуудалд иргэдийн тэвчээр тасарч, шударга ёс, үнэнийг шаардан жагсаж байна 2026/10/01
ИРГЭД: Төрөөс их зүйл хүсээгүй, ядаж шатахуунаа хэвийн олгочих 2026/10/01
АХМАДУУД: Тэтгэврийн зээлтэй, өрнөөс өрний хооронд амьдарч байна 2026/10/01
Л.Мөнхбаясгалан:Шатахуун нөөцлөх сав бэлтгэх зээлийн хүүгийн татаас гэж 20 тэрбумыг ААН-үүдэд тараасан 2026/10/01
“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян” Говьсүмбэр, Замын-Үүдэд хэрэгжиж байна 2026/10/01
Өнөөдөр “Олон улсын кофе өдөр” 2026/10/01