Хоёр настнуудыг цэцэрлэгт хамруулах гэнэтийн шийдвэр хэрэгжихэд бэлэн биш байна


2020-2021 оны боловсролын бүх шатны байгууллагын хичээлийн шинэ жил эхэлсэн ч коронавирустэй холбоотойгоор хоёр настай хүүхдийг цэцэрлэгт хамруулахгүй гэсэн шийдвэр гарсан. Учир нь, 0-3 насныхан тэр дундаа шинээр цэцэрлэгт орсон хүүхдүүд биеийн дархлаа сул гэж үзжээ. Дөнгөж цэцэрлэгт хамрагдах багачууд есдүгээр сарын дунд, аравдугаар сарын эхээс амьсгалын замын болон гэдэсний халдварт өвчнөөр өвдөх нь нэмэгддэг байна. Ийнхүү хоёр настнуудыг цэцэрлэгт хамруулах боломжгүй болсонтой холбогдуулан УИХ-ын эмэгтэй гишүүд “Хүүхэд харах үйлчилгээ”-г сэргээж, хоёр тэрбум төгрөгийг төсвийн тодотголд суулгуулсан. Энэ үйлчилгээний түр журам батлагдсаны дараа төвүүд үйл ажиллагаагаа эхлүүлэх аж. “Хүүхэд харах үйлчилгээний нэгдсэн холбоо”-ноос хоёр хоногийн өмнө энэ төвүүд ажиллаж эхэлсэн тухай хэвлэлийн хурлаараа зарласан ч Сүхбаатар дүүрэгт лав ажил хэрэг болоогүй байна.

Үүнтэй зэрэгцэн Засгийн газрын даваа гарагийн ээлжит бус хуралдаанаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх хоёр настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулахыг үүрэг болголоо. Уг шийдвэрийг хэрэгжүүлэхийн тулд энэ долоо хоногоос эхлэн ирэх ням гараг хүртэл хүүхдүүдийг бүртгэхээр болсон байна. Энэ ажлын явцыг сурвалжлахаар холбогдох байгууллагуудаар орлоо. БШУЯ-ны хэвлэлийн төлөөлөгч “Өнөөдөр манай Бодлогын газрын дарга Нийслэлийн Боловсролын газар, бусад холбогдох байгууллагатай уулзаж зохицуулалт хийхээр ярилцаж байгаа учир мэдээлэл өгөх боломжгүй байна.

Журам гарахаар маргааш мэдээлэл өгнө” гэж хэллээ. Ерөнхий сайдын энэхүү шийдвэр гэнэт гарсан учраас холбогдох байгууллагууд элсэлтийн журам бусад асуудлын талаар зохицуулалт хийхээр ажиллаж байгаа нь энэ аж. Өөрөөр хэлбэл , салбарын яамнаас хоёр настнуудыг цэцэрлэгт хэрхэн авах, элсэлтийн журмыг шинээр гаргана. Төрийн болон төрийн өмчийн бус цэцэрлэгүүд хэдэн хүүхэд элсүүлэх боломжтой байгааг 15:00 цагаас өмнө Нийслэлийн Боловсролын газар руу илгээх аж. Тус газарт тоо эцэслэгдэж гараад БШУЯ бүртгэлийн журмыг гаргаж, зохицуулалт хийх юм. Эндээс гараад Сүхбаатар дүүргийн Боловсролын хэлтэст ирэхэд Сургуулийн өмнөх боловсролын асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Цэвэлмаа “Өчигдөр орой Нийслэлийн Боловсролын газ раас маргаашнаас бүртгэл эхэлнэ гэс эн урьдчилсан чиглэл ирсэн. Манай дүүргийн төрийн өмчийн 33, төрийн өмчийн бус 29 цэцэрлэг хэдэн хүүхэд элсүүлэх боломжтой байна гэдгийг судална.

Цаана нь орон тоо үлдвэл гурав, дөрвөн настай хүүхэд авах боломж байна уу зэрэг урьдчилсан төлөв байдлын судалгааг хийгээд сууж байна. Одоогийн байдлаар 62 цэцэрлэгээс мэдээ, судалгаа авсан. “Шарга морьт”-д 280 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэг шинээр баригдсан. Тэр цэцэрлэг шинээр байгуулагдсан учраас элсэлт авна. Жишээлбэл, манай дүүргийн харьяаны 40-р цэцэрлэгт өнөөдрийн байдлаар 3-5 насны 124 хүүхэд хамрагдсан байна. Даваа гарагаас нэг бага бүлэг буюу хоёр настай, 25 хүүхэд авах боломжтой гэдгээ хэлсэн. Бидэнд дээрээс өгсөн зөвлөмж, чиглэлд бүртгэлийг энэ сарын 17-21-ний хооронд гэсэн байна лээ. Гэхдээ 21- нд хэвийн горимд шилжих учраас 20-ноос өмнө аваад дууссан байх ёстой. Чиглэл ирэхээр бүх зүйл тодорхой болох байх” гэсэн юм.

ХОЁР НАСТАЙ ХҮҮХДҮҮД УЛСЫН ЦЭЦЭРЛЭГТ ЦӨӨН ТООГООР ОРНО

Хичээлийн шинэ жил эхлэхэд хоёр настай хүүхдийг элсүүлэхгүй гэсэн журам гарсан учраас цэцэрлэгүүд таван настай хүүхдээ өмнөх жилүүдийнхээс олон тоогоор авсан байна. Хоёр настай хүүхдүүдийн орох байсан анги, орон тоог томилчихсон. Ийм учраас урьдчилсан төлөв байдлаа харж байхад ноднин жилийн авч байсан хоёр настай хүүхдийн тоо энэ жил буурах аж. Нийслэлийн Боловсролын газраас өгсөн урьдчилсан чиглэлээр хоёр настай 25 хүүхдийг нэг бүлэг бусад бүлгийнхээ хүүхдийг 40-өөс хэтрүүлэхгүй байх зөвлөмж ирсэн байна. Гэхдээ энэ тоо нь эцсийнх биш гэсэн. Улсын цэцэрлэгүүдэд нөхцөл байдал ийм байгаа бол хувийнх нь хүчин чадалдаа тааруулж авах юм. Төлбөртэй учраас бүлэг дүүргэлт харьцангуй цөөн байдаг байна. Энэ үеэр цэцэрлэгийн бүртгэлийн талаар асуух эмэгтэй “Улсын цэцэрлэгүүд цөөхөн хүүхэд авна гэсэн. Хэрвээ тэгвэл хүүхдээ хувийн цэцэрлэгт л өгөхөөс өөр аргагүй. Төлбөрөө уян хатан байлгавал бидэнд хэрэгтэй л байна” гэсэн юм. Цэцэрлэгийн бүртгэлийн талаар эцэг, эхчүүд хорооны ажилтнуудаас асуух болжээ. Сүхбаатар дүүргийн VII хорооны нийгмийн ажилтан Ц.Түмэндэлгэр “Одоогоор энэ талаар чиглэл ирээгүй. Манай хороонд хоёр настай 195 хүүхэд байгаа. Цэцэрлэгүүдээс хэдэн хүүхэд хамруулах боломжтой тоог авч байгаа гэсэн. Хүмүүс цэцэрлэгт яаж бүртгүүлэх талаар их асууж байна. Бид сайн мэдэхгүй болохоор цэцэрлэгийн удирдлагуудаас асуугаарай гэж явуулж байна” гэлээ. Үүний дараа Нийслэлийн 135 дугаар цэцэрлэгт очиход эрхлэгч нь ”Манайх хоёр настай 50 хүүхэд авах боломжтой. Хүүхдийн тоо гаргах гээд завгүй байна” гэсээр цааш явсан юм.

Хичээлийн шинэ жил эхлэхэд хоёр настай хүүхдийг элсүүлэхгүй гэсэн журам гарсан учраас цэцэрлэгүүд таван настай хүүхдээ өмнөх жилүүдийнхээс олон тоогоор авсан байна. Хоёр настай хүүхдүүдийн орох байсан анги, орон тоог томилчихсон. Ийм учраас урьдчилсан төлөв байдлаа харж байхад ноднин жилийн авч байсан хоёр настай хүүхдийн тоо энэ жил буурах аж

“ХҮҮХЭД ХАРАХ ҮЙЛЧИЛГЭЭ” ХЭРЭГЖИЖ ЭХЛЭЭГҮЙ

Улсын хэмжээнд 2-3 насны 77 мянган хүүхэд байна. Үүнээс 3000 хүүхэд энэ оныг дуустал хүүхэд харах үйлчилгээнд хамрагдах боломжтой. Хүүхэд харах үйлчилгээнд улсаас хоёр тэрбум төгрөг төсөвлөсөн. Засгийн газар, Улсын Онцгой комисс энэ үйлчилгээнд 2020-2021 онд 2-3 насны хүүхдүүдийг хамруулахаар болсон. Ингэснээр хүүхэд харах үйлчилгээний 160 орчим төв үйл ажиллагаагаа маргаашнаас эхлүүлэх гэж байна гэж хоёр өдрийн өмнө “Хүүхэд харах үйлчилгээний нэгдс эн холбоо”-ноос хийсэн хэвлэлийн хурлаар онцолсон.

Гэвч зарим дүүргэд үйл ажиллагаа нь эхлээгүй байна. Энэ талаар Сүхбаатар дүүргийн Боловсролын хэлтсийн СӨБ-ын асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Цэвэлмаа “Хоёр настай хүүхдийг цэцэрлэгт хамруулахгүй гэдэг УОК-ын шийдвэр гараад, УИХ-ын эмэгтэй гишүүд хүүхэд харах үйлчилгээг хэрэгжүүлнэ гэж хоёр тэрбум төгрөг батлуулсан. Тэгээд есдүгээр сарын 15-наас өмнө “Хүүхэд харах үйлчилгээ”-ний журам шинэчлэгдэж гарна, түүнээс хойш үйлчилгээ эхэлнэ гэж “Хүүхэд харах үйлчилгээний холбоо”-ноос мэдээлэл ирсэн. Журам нь өнөөдрийн байдлаар гараагүй байна.

Гэтэл өчигдөр орой УОК, Ерөнхий сайдын шийдвэрээр хоёр настай хүүхдийг цэцэрлэгт хамруулах болчихлоо. Хүүхэд харах үйлчилгээ, улсын цэцэрлэг хоёр настнуудыг авах болсон гээд давхацсан ажлууд бужигнаад байдаг. Улсын цэцэрлэгтээ хамрагдаад үлдсэн нь хүүхэд харах үйлчилгээнд хамрагдах юм байна гэж харж байна. Хоёр настай багачууд хүүхэд харах үйлчилгээнд явна гэдэг хэцүү. Сая өндөржүүлсэн бэлэн байдлын үед есдүгээр сараас эхлээд 2000 хүүхдийн хоолны зардлыг шийдэж өгсөн. Тэгвэл таван настай хүүхдийг нэмэлт элсэлтээр элсүүлнэ гэсэн чиглэл өгсөн боловч хоолны мөнгөний асуудал шийдэгдээгүй хүлээлтийн байдалд байна” гэсэн юм.

Өнөөдрийн байдлаар Хүүхэд харах үйлчилгээний журам шинэчлэгдэж гараагүй учраас ажил нь эхлээгүй аж. Тус дүүрэгт хүүхэд харах үйлчилгээний дөрвөн төв байдаг. Бэлтгэл ажлаа хангаад төвүүд дээрээ судалгаа хийж, ариутгал цэвэрлэгээнд хяналт тавин ажиллаж байгаа аж. Уг дөрвөн төв 50 хүүхэд харах квоттой гэсэн. “Журам гараад хүүхдээ ав” гэвэл бэлэн байна. Хүмүүс хүүхэд харах үйлчилгээнд өгөх гэж байснаа өчигдрийн шийдвэрээр улсын цэцэрлэг рүү хандаж эхэлж байгааг тэрбээр дурдав. Аливаа шийдвэрийг бодит амьдралд хэрэгжих боломжтой эсэхийг судалж байж шийдвэрээ гаргадаг байх сан. Ингэхгүйгээс гэнэт гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх байгууллага, иргэдэд ойлгомжгүй байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Чингис хаан ба монголчуудын ертөнц үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ 1 цагийн өмнө
Н.Учрал: "50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэллээ 1 цагийн өмнө
Хадгаламжийн даатгалын тогтолцоо: Санхүүгийн тогтвортой байдлын баталгаа 3 цагийн өмнө
Архангайд нуурын мөс цөмөрч, “Приус-30” машинтай явсан хоёр иргэн усанд унажээ 3 цагийн өмнө
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ 3 цагийн өмнө
Баян-Өлгий, Ховдын ихэнх, Увсын зарим сумдаар цас орж, цасан шуурга шуурна 4 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна 4 цагийн өмнө
"Дулааны цахилгаан станц-3"-ын хүчин чадлыг өргөтгөн шинэчлэнэ 20 цагийн өмнө
Хэргийн мөрөөр: Хоёр сурагчийн хамт явсан гэх газарзүйн багш Л нь өмнө нь хүчингийн хэрэгт шалгагдаж байжээ 21 цагийн өмнө
Гадаадад аялахад кредит карт яагаад хэрэгтэй вэ? Өчигдөр
Улаанбаатар хотын бизнес эрхлэгчдийн таван төсөл ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад шалгарлаа Өчигдөр
Түгжрэлийг бууруулах зорилгоор ШТС-уудыг 24 цагаар шатахуунаар хангана Өчигдөр
Монгол, Индонез эм, вакцин, цахим эрүүл мэндийн чиглэлээр хамтарна Өчигдөр
АНУ-д зорчих Монгол Улсын иргэдийн анхааралд Өчигдөр
Иргэд: Шатахууны үнэ нэмэгдээд ч оочер буурахгүй, өвөл болж байхад хэцүү байна шүү дээ Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Өчигдөр
Өнөөдөр нутгийн зүүн хагаст жавартай хүйтэн байна Өчигдөр
Онлайн худалдаа хийхдээ залилагчдаас сэргийлэх 4 зөвлөмж Өчигдөр
​"Хамтдаа нисэх БОЛОМЖ” 1+1 Урамшуулал Өчигдөр
Их аварга Хакүхо М.Даваажаргал олон улсын болон Азийн сүмогийн холбоодын ерөнхийлөгчөөр сонгогдлоо Өчигдөр