ЖИЛД ХОРД ХАВДРААР 4112 ХҮН АМИА АЛДАЖ БАЙНА


Амьдрал таамаглаагүй гэнэтийн зүйлээр олон. Бид өөрсдийн амьдарч буй цаг хором мөч бүрийг мэдэрч, түүнд талархаж, хэцүү цаг мөчийг дотнын хүмүүсийн хайр сэтгэл, итгэлээр даван гарч сурах хэрэгтэй билээ. Хугацаа нь тодорхойгүй томилолт шиг богинохон энэ амьдралд хорт хавдар хэмээх чимээгүй алуурчин бидэнд ийм харгис сонголт тулгаж, мянга мянган монгол хүний амийг авч одсоор байна.

Тоо баримтаас харахад дэлхийд жилд 14.1 сая хүн шинээр хорт хавдраар өвчилж, 8.2 сая хүн хорт хавдрын улмаас нас барж байгаа төдийгүй ирэх 2030 онд хорт хавдрын өвчлөл 21.7 саяд хүрч, нас баралт нь 14 сая болж нэмэгдэх хандлагатай байна.

Хорт хавдар нь хүний биед хортой эд шинээр үүсч бий болохыг хэлдэг. Бүх эд эрхтэнд хавдар үүсч болно. Хүний бие махбодь маш олон төрлийн эдээс тогтох бөгөөд ямар эдээс үүссэнээс шалтгаалаад хавдар янз бүр байдаг. Хүний биеийн аль нэг хэсгийн эс хяналтгүй өсөж, олширсноор хавдар үүснэ. Хавдар нь хоргүй эсвэл хортой байдаг. Хоргүй хавдар нь биеийн тодорхой нэг хэсэгт байрлаж, түүнээс цааш тархдаггүй, амь насанд аюулгүй юм.

Харин хортой хавдар нь ойролцоох эд эрхтэн рүү ургаж, биеийн бусад хэсэг рүү тархаж үсэрхийлдэг. Хавдрын эсүүд биеийн бусад хэсэг рүү тархахыг үсэрхийлэл гэх аж. Эмч, мэргэжилтнүүдийн хэлж буйгаар хорт хавдраар өвчлөгсдийн 90 хувь нь 45-аас дээш насныхан байдаг гэнэ. Гэвч сүүлийн жилүүдэд цэл залуу хүмүүс ч хорт хавдраар өвчилж харамсалтайгаар хорвоог орхисоор байна.

2016 онд зөвхөн манай улсын хэмжээнд 5991 хүн хорт хавдраар өвчилснөөс 4112 нь нас баржээ. Энэ статистикаар тооцоолбол өдөр бүр 16 хүн хавдар тусч, 11 нь нас барсан болж таарах нь. Гуравхан саяулаа атлаа ганцхан төрлийн өвчнөөр жилд дөрөв, таван мянгаараа хорвоог орхиж байгаа нь дэндүү эмгэнэлтэй биш гэж үү. Шинээр оношлогдсон хорт хавдартай өвчтөний 75.6 хувь нь хожуу шатандаа оношлогдож байгаа нь урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, тэр тусмаа иргэд өнөөдрөөс эхлэн хавдрын эрсдэлт хүчин зүйлсийн талаарх мэдлэгээ нэмэгдүүлж, түүнээс сэргийлэх, эрт илрүүлэг, үзлэгт хамрагдаж, эрүүл мэнддээ анхаарах шаардлагатайг харуулж байна.

Олон улсын эмч мэргэжилтнүүд ч олон жилийн судалгааны үр дүнд дараах гурван асуудалд анхаарлаа хандуулан ажиллахыг дэлхий нийтэд уриалж байгаа билээ.

ЭРҮҮЛ ЗАН ҮЙЛИЙГ ТӨЛӨВШҮҮЛЭХ

Хорт хавдар үүсгэх шалтгаан нь илүүдэл жин, зохисгүй хооллолт, архи, тамхины хэт их хэрэглээ, хөдөлгөөний хомсдол болон элэгний В,С вирусийн халдвар, хүний хөхөнцөр вирусийн халдвараас сэргийлснээр хорт хавдраас сэргийлэх боломжтой аж. Үүний тулд архи, тамхинаас татгалзах, зөв хооллох, хоол хүнсэндээ хүнсний ногоо, жимс, жимсгэнийг түлхүү хэрэглэх, өдөр бүр идэвхтэй хөдөлгөөн хийж, эрүүл амьдралын хэв маягийг өдөр тутмын хэвшил болгохыг эмч, мэргэжилтнүүд зөвлөж байна. Дээрх зан үйлийг иргэн бүр ухамсарлан хэвшүүлж чадвал дэлхий дахинаа 2025 он гэхэд халдварт бус өвчний шалтгаант нас баралтыг 25 хувиар бууруулах аж.

ХОРТ ХАВДРЫГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ

Монгол Улсад хөх, умайн хүзүү, элэгний хорт хавдрын эрт илрүүлэгийн хөтөлбөр хэрэгжиж байна. Үр дүнтэй, эрт илрүүлэлтийн хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хорт хавдрын гуравны нэгийг эрт илрүүлж, эмчлэх улмаар хорт хавдраар өвчлөгсдийн амьдрах хугацааг уртасгах боломжтой юм.

Тухайлбал, умайн хүзүүний өмөнгийн эрт илрүүлэг үзлэгт 30-60 насны эмэгтэйчүүд гурван насны давтамжтайгаар /30,33,36,39,42,45,48,51,54,57,60 нас/, хөхний өмөнгийн илрүүлэг үзлэгт 20-иос дээш насны эмэгтэйчүүд хороодынхоо Өрхийн эрүүл мэндийн төвд үнэ төлбөргүйгээр шинжилгээнд өгч хамрагдаж байна. Мөн хөхний өмөнгөөр өвдөх эрсдэлтэй буюу урьд нь хөхний өмөнгөөр өвдөж ээж эгч дүү буюу садан төрөл нь өвдөж байсан удамшлын өгүүлэлтэй эмэгтэйчүүдийг ч жил бүр үзлэгт хамруулж буй юм. Харин элэгний өмөнгийн эрт илрүүлэгт элэгний В,С вирусийн халдвар тээгч болон элэгний архаг үрэвсэлтэй бүх насны хүмүүс орох ба эдгээр хүмүүс зургаан сар тутам эрт илрүүлэг үзлэгт (ЭХО үзлэг, элэгний хорт хавдрын маркер тодорхойлох шинжилгээ) өгөх шаардлагатай.

ЭМЧИЛГЭЭНИЙ ЧАНАР, ХҮРТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ

Хорт хавдраар өвчилсөн хүн бүр чанартай, үр дүнтэй эмчилгээ, үйлчилгээг авах эрхтэй. Хорт хавдрыг эрт үед нь оношилсноор хорт хавдрын өвчлөлийн гуравны нэгийг эмчлэх боломжтой. Хорт хавдрын оношилгоонд эмнэлзүйн үзлэг, лабораторийн болон дүрс оношилгооны шинжилгээ, эд, эс зүйн шинжилгээ зэрэг олон төрлийн аргыг ашигладаг. Өвчний үе шат, тухайн хүний биеийн байдал зэргээс хамаарч хүн бүрт өвөрмөц эмчилгээ, үйлчилгээг бүх шатны эрүүл мэндийн байгууллага үзүүлдэг. Хорт хавдрыг мэс засал, туяа, хими, дааврын зэрэг төрөл бүрийн аргаар эмчилдэг. Мөн сэтгэл зүй, хоол зүй, нийгмийн тусламж, сэргээн засах зэрэг дэмжих тусламж, үйлчилгээг ч цогцоор нь хүргэдэг байна.

Дээрх асуудалд анхаарлаа хандуулснаар та гэр бүл, найз нөхөд, хамгийн ойр дотны хүмүүсээ хорт хавдар гэх аюулт өвчнөөс аварч чадна. Хорт хавдар дийлдэшгүй өвчин биш.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Олон улсын математикийн 67 дугаар олимпиадад амжилттай оролцсон багш, сурагчдаа урамшууллаа 4 цагийн өмнө
Дэлхий дизель түлшний хомсдолтой нүүр туллаа: Томоохон газрын тосны компаниуд аюулын дохио өгч байна 5 цагийн өмнө
АИ-92-ын 50 мянган төгрөгийн хязгаарлалт 15-ныг хүртэл үргэлжилнэ гэж найдаж байна 6 цагийн өмнө
Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-10см нэмэгдсэн байна 6 цагийн өмнө
Нэгдүгээр ангид элсэгчдийн бүртгэлийг энэ сарын 17-ноос E-Mongolia системээр зохион байгуулна 10 цагийн өмнө
Хүүхдийн мөнгө, халамж, тэтгэмжийг энэ сарын 20-нд олгоно 11 цагийн өмнө
Цахилгаан хязгаарлах байршлууд 11 цагийн өмнө
Зам тээврийн ослоос үүдэн 297 хүн амь насаа алдаж, 1578 хүн гэмтэж, гэмтсэн байна 11 цагийн өмнө
Өнөөдөр ихэнх нутгаар хална 12 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
“Аяллын газрын зураг”-ийн хэвлэмэл хувилбарыг Голомт банкны салбараас үнэ төлбөргүй авах боломжтой Өчигдөр
Ж.Галбадрах: 9700 багш дутуу байхад “Монгол Улс багшийн хомсдолгүй” гэж ярьж болохгүй Өчигдөр
Шатахууныг тэгш, сондгойгоор 50 мянган төгрөгийн лимиттэй олгож эхэлснээр шатахуун авсан машины тоо 2.5 дахин нэмэгджээ Өчигдөр
Зарим голуудын усны түвшин 10-65 см нэмэгдсэн байна Өчигдөр
Хоногийн хугацаанд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн 86 иргэнийг түр саатуулжээ Өчигдөр
COP17 хуралтай холбоотойгоор дараах зохицуулалтыг хийнэ Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Анхаарал, болгоомжгүй байдлаас үүдэж гол, усанд эндэх тохиолдол хамгийн их байна Өчигдөр
Нийслэлд 27 хэмийн дулаан байна Өчигдөр
ТАНИЛЦ: Тэтгэвэр, тэтгэмж, халамж, хүүхдийн мөнгө олгох хуваарь 2026/08/04