Жил бүрийн 10-р сарын 31-ний өдөр дэлхийн олон оронд Halloween буюу Сүнсний баярыг тэмдэглэдэг уламжлалтай. Энэхүү баяр нь хүмүүс аймшгийн болон үлгэрийн баатруудын дүрд хувирах, хулуу сийлэх, хүүхдүүд айлаар явж чихэр цуглуулах зэрэг сонирхолтой зан үйлээрээ алдартай.
Halloween баярын эхлэл нь одоогийн Ирланд, Их Британи болон Европын зарим нутагт амьдарч байсан эртний Кельт ард түмний Samhain хэмээх баяртай холбоотой. Тэд жил бүрийн 11-р сарын1-нийг шинэ жилийн эхлэл гэж үздэг байсан бөгөөд ургац хураалт дуусаж, өвөл эхлэх үеийг тэмдэглэдэг байжээ. Харин 10-р сарын 31-ний шөнө амьд болон нас барсан хүмүүсийн ертөнцийн зааг бүдгэрч, сүнснүүд дэлхийд эргэн ирдэг хэмээн итгэдэг байсан гэдэг. Иймээс хүмүүс гал түлж, баг өмсөн, хачирхалтай хувцас өмсөж,муу ёрын сүнснээс өөрсдийгөө хамгаалдаг байжээ.
Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр энэхүү уламжлал Христийн шашны Гэгээнтнүүдийн өдөр буюу All Saints' Day-тай холилдсон байна. Улмаар 10-р сарын 31-ний оройг All Hallows'Eve гэж нэрлэх болж, энэ нэр нь аажмаар Halloween болон өөрчлөгджээ.
Halloween баяр өнөөгийн хэлбэрээрээ хөгжихөд Америк улс чухал нөлөө үзүүлсэн юм.1800-аад онд Ирланд, Шотландын цагаачид уг баярын уламжлалыг Америкт авчирсан бөгөөд 1900-аад оноос олон нийтийн арга хэмжээ, хувцасны үдэшлэг болон өргөжсөн байна. Ялангуяа1950-иад оноос хүүхдүүд айлаар явж "Trick or Treat" буюу чихэр өгөхгүй бол тоглоом хийнэ гэсэн утгатай уламжлал өргөн дэлгэрчээ.
Баярын хамгийн алдартай бэлгэдлийн нэг бол хулуу юм. Анх Ирландад хулуу биш, харин манжин сийлж дотор нь лаа байрлуулан дэнлүү хийдэг байсан гэдэг. Харин Америкт очсоноор хулуу илүү түгээмэл болж, өнөөгийн Halloween-ий гол бэлгэдэл болсон байна. Мөн сүнс,шулам,араг яс, хар муур зэрэг дүрслэлүүд нь эртний домог, ардын итгэл үнэмшилтэй холбоотой юм.
Өнөөдөр Halloween-ийг АНУ, Канад, Ирланд, Их Британи, Япон, Австрали зэрэг олон улс оронд тэмдэглэдэг. Улс орон бүр өөр өөрийн онцлогтойгоор баярладаг бөгөөд АНУ-д хүүхдүүд айлаар явж чихэр цуглуулдаг бол Японд гудамжны парад, дүр хувиргалт, косплейарга хэмжээ ихээр зохион байгуулагддаг.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна