Эрүүл мэндийн даатгалын систем өнгөрсөн дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн цахим хэлбэрт шилжсэн. Тэгвэл өнөөдрийн байдлаар иргэний үнэмлэх ашиглан хөнгөлөлттэй эм олгох систем хэрэгжээгүй байна. Харин эмийг цахимаар олгож байгаа юм байна. Энэ нь иргэн өрхийн эмнэлэгт үзүүлснээр эмч тухайн хүнд тохирсон жорыг цахимд бичиж үлдээнэ. Цахимд тусгай код ашиглан нэвтэрч тухайн хүний мэдээллийн дагуу хөнгөлөлттэй эм олгож байна. Өрхийн эмнэлэгийн ачааллаас шалтгаалан цахим хэлбэрт шилжсэнээр ачаалал бүр нэмэгдэж, компьютер, интернет гацахаас эхлээд хүндрэлтэй байгаа гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна. Мөн дүүрэг харгалзаж хөнгөлөлттэй эм олгодог болсон нь иргэдэд ачаалал нэмэгдүүлж байгаа юм. Жишээ нь дүүрэг бүрт хүн амын тоо харилцан адилгүй мөртлөө хүн ам ихтэй дүүргүүдэд хөнгөлөлттэй үнээр эм олгох эмийн сан дутмаг байгаа нь иргэдийн хэрэгцээг хангахгүйд хүрчээ. Хөнгөлөлттэй эм авах иргэд сарын эхээр нэмэгддэг байна. Нэг эмийн санд сард 2.3 сая орчим төгрөг орж ирдэг. Өмнө нь дөрвөн сая төгрөг орж ирдэг байжээ. Ихэвчлэн 50-иас дээш насныхан болон бага насны хүүхдэд хөнгөлөлттэй эм авдаг. Зүрх судас даралтын эм хамгийн эрэлттэй байгаа. Хоёрдугаарт, хоол боловсруулах эрхтэн тогтолцооны эм, гуравдугаарт антибоитик эрэлттэй байна. Жагсаалтад багтсан эмийг бүгдийг олгохыг хичээдэг. Бусад эмийн сангийн адил зах зээлийн жишиг үнэ тогтоодог. Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар улсын хэмжээнд 861 эмийн сантай гэрээ байгуулан ажилладаг. Мөн улсын хэмжээнд 28 тэрбум төгрөгийг иргэд, даатгуулагчдадаа хөнгөлөлттэй олгох эмд зарцуулдаг. Харин нийслэлд 321 эмийн санд сардаа нэг тэрбум 31 сая төгрөгийн хөнгөлөлттэй эмээр үйлчлэх эрх өгдөг ажээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна