Өнөөдөр Нийслэлийн цагдаагийн газраас автомашин хулгайлах болон хүнийг санаатай алах гэмт хэргийн нөхцөл байдлын талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Хуралд Нийслэлийн цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, дэд хурандаа Ц.Амгалан-Энх, Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, хошууч Э.Товуудорж, Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн тасгийн дарга, дэд хурандаа М.Болдбаатар нар оролцов.
-ХУЛГАЙН ГЭМТ ХЭРЭГ 2,3 ДАХИН ӨСЧЭЭ-
Нийслэлийн хэмжээнд он гарснаас хойш эхний улиралд нийт 7975 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 3293 буюу 31,2 хувийг хулгайн гэмт хэрэг эзэлж байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 2,3 дахин өссөн үзүүлэлт. Хулгайн гэмт хэргийн ихэнхийг буюу 2688 гэмт хэрэг буюу 81,6 хувийг бусдын өмчийг хулгайлах гэмт хэрэг эзэлсэн. Тиймээс ЦЕГ болон Нийслэлийн цагдаагийн газраас хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр олон ажил хийж ажиллаж байгаагаа дуулгалаа.
Автомашин тонох, бүтнээр нь хулгайлах гэмт хэргүүд их бүртгэгдэх болжээ. Энэ чиглэлээр арга хэмжээ авсны үр дүнд автомашин болон эд зүйл хулгайлдаг бүлэг хэд хэдэн этгээдүүдийг баривчилсан байна. Өнөөдрийн байдлаар автомашин хулгайлж зарж борлуулдаг, унаж сэлгүүцдэг 2-3 бүлэг этгээд баригдсан. "Приус" автомашинуудыг хулгайлаад, арлын дугаарыг нь сольдог, "Да хүрээ" зах болон үнэгүй.мн гэх мэт зарын сайтуудад зар тавьж зардаг Улаанбаатар хотын харьяат 23-25 орчим насны залуус баригдсан байна.
-СОГТУУРСАН ЗАЛУУС МАРГАЛДАЖ, НЭГНИЙХЭЭ АМИНД ХҮРСЭН ХЭРЭГ ХОЁР Ч БҮРТГЭГДЖЭЭ-
Цагдаагийн ерөнхий газрын, Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга хошууч Э.Товуудорж ярихдаа "Улаанбаатар хотын хэмээнд энэ оны эхний дөрвөн сарын байдлаар хүн алах гэмт хэрэг 29 бүртгэгдсэнийг цагдаагийн алба хаагчид халуун мөрөөр нь түргэн шуурхай ажилласны үр дүнд гэмт хэргийн илрүүлэлт 100 хувьтай байна. Сүүлийн үед нийгмийг цочроож, олон нийтэд хүрсэн хэргүүдээс танилцуулахад:
-2018 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 26-р хороо, Саруул хотхоны 112-р байранд оршин суух 27 настай Э гэгч эмэгтэйн амь насыг онц хэрцгий аргаар хөнөөж, улмаар маргааш нь буюу дөрөвдүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө гэмт хэргээ баллах зорилгоор уул уурхайн тэсэлгээний очлуур ашиглан бензинээр талийгаачийн цогцсыг галдан шатаасан хэрэг гарсан. Уг хэргийг талийгаачийн төрсөн дүү, Налайх дүүрэгт оршин суух хаягтай, 19 настай, эрэгтэй Б нь найз Э-гийн хамтаар бүлэглэн үйлдсэн нь тогтоогдсон. Одоогоор хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна.
Мөн согтуурсан үедээ залуучууд хоорондоо маргалдаж, нэгнийхээ амь насанд хүрсэн хоёр ч тохиолдол бүртгэгдлээ. Тухайлбал, 2018 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн II хороо, 25 дугаар эмийн сангийн орчимд байрлах шөнийн цэнгээний газраас архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн таван залуу гарч яваад, гудамжинд гурван залуутай үл ойлголцсоны улмаас маргалдаж зодолдсоноор иргэн Г хүнд гэмтэж, иргэн Н духан тус газраа зэвсгийн чанартай зүйлээр хатгуулж, амь насаа алдсан хэрэг гарсан. Энэ хэргийг Сүхбаатар аймгийн харъяат, эрхэлсэн тодорхой ажилгүй А, Ч , Б нар бүлэглэн үйлдсэн болох нь тогтоогдсон.
Мөн шөнийн цагаар такси үйлчилгээ үзүүлэх нэрээр иргэдийг айлган сүрдүүлж дээрэмддэг этгээдүүдийг баривчилсан. Тодруулбал, "Тоёото приус" маркийн мөнгөлөг саарал өнгийн автомашинд суусан иргэдийг багажнаас хоёр этгээд гарч ирэн хутга тулгаж, эд зүйлийг нь дээрэмдсэн хэрэг гарлаа. Тус гэмт этгээдүүд "Приус" маркийн автомашинд улсын дугаар хулгайлан ашиглаж үйлддэг болохыг тогтоон энэ сарын 20-ны өдөр баривчилсан. Эл хэргийг Улаанбаатар хотод оршин суух хаягтай, өмнө нь ял шийтгэл эдэлж байсан 21-25 насны И, Б, Э нарын бүлэг үйлдсэн байна" гэлээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна