Өнөөдөр "Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний систем" хэлэлцүүлгийг Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаагийн санаачилгаар НЗДТГ, 84 дүгээр сургуульд зохион байгууллаа. Тус хэлэлцүүлгийг нийслэлийн Боловсролын газар, ШУТИС-тай хамтран зохион байгуулсан бөгөөд сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чанарыг сайжруулах, стандарт шаардлагад нийцсэн өдрийн хоолоор үйлчлэхэд цаашид авах арга хэмжээний зөвлөмж боловсруулж холбогдох байгууллагуудад хүргүүлэхэд оршжээ.
Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Б.Ундармаа, Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга, ШУТИС, ҮТС-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга М.Пүрэвжав болон ЕБС-ийн захирлууд, сургуулийн гал тогоо түрээслэгчдийн төлөөлөл оролцсон байна. Энэ үеэр үдийн цайны хэрэгжилт, тогтолцоог сайжруулах тал дээр санал бодлоо солилцож, цаашид үдийн хоол болгох боломж, тулгамдсан асуудлуудын талаар харилцан ярилцлаа.
Манай улс 2006 оноос "Үдийн цай" хөтөлбөр хэрэгжүүлж байгаа боловч нийслэлийн сургуулиудын 86.7 хувь нь энэ хөтөлбөрийн хүрээнд халуун хоолоор үйлчилдэг байна. Хоол хүнсний илчлэг болон тэжээллэг чанар, зөв зохистой хооллолт, хүнсний бүтээгдэхүүний өртгийг тооцох талаар сургуулийн удирдлага, хөтөлбөр хариуцсан багш, ажилчдын мэдлэг, ойлголт дутмаг байдаг. Үүний улмаас хоол хүнсний хэмжээ чанар, хүнсний аюулгүй байдлыг хэрхэн хангаж байгааг анхаардаггүй, бүтээгдэхүүний бодит болон нийлүүлж буй өртгийн зөрүүг тооцдоггүй асуудлууд үүсдэг аж. Иймд тус хэлэлцүүлгийн хүрээнд үдийн цайтай холбоотой тулгамдсан асуудлуудад авах арга хэмжээний талаар зөвлөмж боловсруулж гаргасан байна
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна