Улаанбаатар хотоос 100 километрийн зайд орших "Ээж" хаданд мөргөж, залбирал үйлдэх зон олны хөл тасардаггүй. Өчигдөр /2018.04.22/ 14.00 цагийн орчимд очиход олон хүн цугларсан байв. Ээж хаданд мөргөхийн тулд 1-2 цаг орчим оочерлож байж сая нэг "Ээжийн" зүүн мөрөнд хүрч, хүслээ шивнэх боломж олдож байлаа. Буян үйлдэж, сүсэглэн залбирахаар ирсэн олон түмэнд ингэж оочерлох асуудал биш байв. Угаас хэзээд ийм л дараалалтай байдгийг тэр хавьд дэлгүүр, цайны газар ажиллуулдаг иргэд хэлсэн.
Би одоогоос хоёр жилийн өмнө "Ээж" хаданд мөргөөд буцсан. Тухайн үед ирэхэд "Ээжийнхээ бор авдарт мөнгөө хийгээрэй" хэмээн нэг ах хандив өргөж буй хүмүүсийн мөнгийг төмөр хайрцаганд хийхэд тусалж, оронд нь хадаг өгч байсан. Өнөөдөр очиход "Өгч байгаа хандивыг юунд зарцуулах уу" гэдэг асуултад ах өнөө л янзаараа "Орчны тохижилтод зориулна" хэмээн хариулж сууна. Тэгтэл "Ээж" хадны орчин тойрон хоёр жилийн өмнө ирээд буцахад ямар байсан яг тэр хэвээрээ л байна. "Ээждээ" л гэж олон түмний зорьж авчирсан идээ будаа энд тэнд унасан, тарсан, хандиваар босгосон гээд үзүүлчих юм үнэндээ тэнд алга. Хандивыг хэн хариуцаж, хэрхэн зарцуулдаг талаар асуухад "Байгаль ээж сан" ТББ гэв. Энэ ТББ нь "Ээж хад"-ыг 30 жил эзэмших эрх авсан гэдэг.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна