Жүжигчин Хью Грант (57) Их Британий иргэдийн нууцаар чагнасан асуудлаар шүүх дээр ялалт байгуулж "Mirror group"-ээс 6 оронтой нөхөн төлбөр авахаар болсон байна. Маргалдагч талууд энэ талаар тохиролцоонд хүрч чадсан гэж хэвлэл мэдээллийнхэн мэдээллээ. "Дейли Миррор" групп нь "Сандей Миррор", "Сандей пийпл" зэрэг хэвлэлүүдийг эрхлэн гаргадаг бөгөөд тус хэвлэлийн газар 1998- 2010онуудад алдарт жүжигчнээс гадна жүжигчид Мишель Коллинс(56), экс хөлбөмбөгчин Кевин Кийган(66) нарын утасны яриаг хууль бусаар чагнадаг байжээ. Хью Грант "Би Би Си" телевизэд өгсөн ярилцлагынхаа үеэр "Би өмгөөлөгчтэйгөө Миррор группийн хууль бус үйлдлийг таслан зогсоохын тулд энэ асуудлыг заавал шийдвэрлүүлэх болно гэж шийдсэн" гэж хэлсэн байна. Тэрээр мөн твиттер цахим хуудсандаа "Миррор групп өөрийн хийсэн хууль бус үйлдлийг нуун дарагдуулахын тулд чадах бүхнээ хийсэн гэдгээ хүлээсэн" гэж бичжээ. Жүжигчин Хью Грант нөхөн төлбөрт авсан мөнгөө "Hacked off" хэмээх 2011онд байгуулагдсан хууль бусаар чагнах халдлагад өртсөн хохирогчдын эрх ашгийг хамгаалах байгууллагыг үйл ажиллагаанд зарцуулах болно гэж Британий "Би Би Си" телевиз мэдээллээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна