16 настай охин болон 32 настай эмэгтэйн амь насыг онц ноцтойгоор хохироосон хэрэгт Ц.Дагвадоржид бүх насаар нь хорих ял оноосон. Харин уг хэрэгт шүүгдэгч, хохирогчийн статустайгаар оролцсон Э.Номин-Эрдэнэ, Э.Ган-Эрдэнэ нарт холбогдох хэргийг, мөн насанд хүрээгүй шүүгдэгч Х.Энхсайхан нарыг цагаатгасан шүүхийн шийдвэр гарсан билээ. Хохирогч охины ээж Г.Отгонтуяа болон түүний өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүйгээ мэдэгдэж давж заалдсан ч шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн. Тиймээс Улсын дээд шүүхэд хандсан юм.
Тэгвэл энэ сарын 29-ний пүрэв гарагт УДШ-ийн Хяналтын шатны шүүхээр дээрх хэргийг хэлэлцэхээр болсон байна. Охины ээж Г.Отгонтуяа, "2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаан болно. Энэ шүүх хурал бидний хувьд зүгээр нэг шүүх хурал биш, сүүлийн 2-3 жил тээсэн зовнил, нулимс, итгэл найдвар, шударга ёсыг хүлээсэн хүлээлтийн нэгэн чухал өдөр юм" гэж цахим хуудастаа нийтэлжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна