Дорнод аймгийн Халхгол сумын нутаг дахь Нөмрөгийн дархан цаазат газрын нийт талбайн 79.8 хувь буюу 468 мянга гаруй га газар түймэрт өртсөн урьдчилсан дүн гарсан байна.
Түймэр аравдугаар сарын 8-нд гарч, аравдугаар сарын 16-нд бүрэн унтраасан байна. Одоогоор байгаль орчинд учирсан хохирлыг нарийвчлан тогтоохоор ажиллаж байгаа ч газар зүйн онцлог, байгалийн нөхцөлөөс шалтгаалан зарим бүсэд нэвтрэх боломжгүй болжээ.
Энэ талаар Ц.Сандаг-Очир “Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн хохирлыг тооцох ажлын хэсэг байгаль, цаг агаар, газар зүйн онцлогоос шалтгаалан онцгой хүндрэлтэй нөхцөлд ажиллаж байна. Зурагт хар зураасаар тэмдэглэсэн хэсгээс цааш автомашин, мотоцикль, мориор нэвтрэх боломжгүй болсон” гэв.
Иймд Улсын онцгой комисс болон Хил хамгаалах ерөнхий газарт техникийн дэмжлэг үзүүлэх боломжийг судалж, шаардлагатай арга хэмжээ авах хүсэлт тавьжээ. Энэ хүрээнд нисдэг тэрэг ашиглах болон хөрш улсуудтай хамтран ажиллах боломжийг судалж байгаа аж.
Түймэрт өртсөн ойн сан, зэрлэг амьтдын амьдрах орчинд хүрч, газар дээр нь үзлэг хийж, дээж авсны үндсэн дээр байгаль орчинд учирсан хохирлыг нарийвчлан тогтоох шаардлагатай байна.
Хохирлыг бодитой, нарийвчлалтай тооцож, үндэслэлтэй дүгнэлт гаргах нь байгаль орчны хохирлыг нөхөн төлүүлэх, цаашдын нөхөн сэргээлтийн ажлыг төлөвлөхөд чухал ач холбогдолтой юм гэжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна