Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны 44 дүгээр зарлигийн хүрээнд жил бүрийн тав, есдүгээр сарын бямба, ням гарагуудыг “Тэрбум мод тарих үндэсний өдөр” болгон зарласан. Энэхүү үндэсний хөдөлгөөн нь уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, ой, усны нөөцийг хамгаалах, цөлжилт, газрын доройтлыг бууруулахад чухал ач холбогдолтой юм.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Намрын мод тарих өдөр”-ийн нээлтийн үйл ажиллагааг Дундговь аймгийн Соёл, амралтын хүрээлэнгийн талбайд Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагууд болон төрийн байгууллагуудын оролцоотойгоор зохион байгууллаа.
Нээлтийн арга хэмжээнд Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Иргэний нийгмийн байгууллага хариуцсан зөвлөх Б.Жавхлан, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ж.Мөнхчулуун, аймгийн Засаг даргын зөвлөх Б.Лхагвабаатар, Байгаль орчны газрын дарга Н.Гантулга, Сум дундын ойн ангийн дарга Ц.Амарзаяа болон холбогдох байгууллагын төлөөлөл оролцов. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Иргэний нийгмийн байгууллага хариуцсан зөвлөх Б.Жавхлан Ерөнхийлөгчийн мэндчилгээг уламжилсан юм.
Нээлтийн ажиллагааны үеэр аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун энэ үеэр Дундговь аймагт “Ногоон Дундговь” төслийг хэрэгжүүлэн, мод тарьж ургуулсан иргэн, аж ахуйн нэгжийг урамшуулах, хашаандаа мод ургуулж буй иргэдийн усалгаанд дэмжлэг үзүүлэх, усны нөөцийг бүрдүүлэх, модны тарьц, суулгац, үрслэгээний хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж буйг онцлов. Мөн 2025 онд Хулд суманд хоёр га талбайд салхины хамгаалалтын ойн зурвас байгуулсан бөгөөд энэ онд бүх суманд салхины хамгаалалтын зурвас байгуулах ажлыг газар зохион байгуулалтын төлөвлөлтөд тусгасныг дурдлаа.
Түүнчлэн НҮБ-ын Талуудын 17 дугаар бага хуралд Дундговь аймгаас “Цөлийн хөгжил” төслийг танилцуулсны үр дүнд БНХАУ-ын “Элион” групптэй хамтран ажиллах санамж бичиг байгуулж, тус группийн төлөөлөл аймагт ажилласан байна. Мөн Казахстаны ногоон байгууламжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компанитай хамтран ажиллах санамж бичиг байгуулж, эхний ээлжид нэг сая ам.долларын хөрөнгө оруулалтаар салхины хамгаалалтын зурвас байгуулах гэрээ байгуулжээ.
Өнөөдрийн үйл ажиллагааг Дундговь аймгийн бүх сумдад зэрэг зохион байгуулж байгаа бөгөөд нээлтийн ажиллагааны үеэр15 төрийн байгууллагын 250 албан хаагч оролцож, 299 ширхэг хайлаас, сухай мод тарьж, аймгийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, байгаль орчноо хамгаалах үйлсэд хувь нэмрээ орууллаа.
Дундговь аймаг “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд мод тарих, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, тарьсан модоо ургуулан хамгаалах ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна. Түүнчлэн 2021–2024 онд нийт 466,668 мод, сөөг тарьж, ургуулсан бол 2025–2026 онд шинээр 308,446 мод, сөөг тарьснаар нийт тарьсан мод, сөөгийн тоо 775,114-д хүрээд байна.
“Намрын мод тарих өдөр” энэ оны есдүгээр сарын 20-оос аравдугаар сарын 20-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.
Дундговь аймгийн Байгаль орчны газар
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна