С.Даваасүрэн: Түлшийг богино хугацаанд асаах түргэн асаагчийг судалж байна

О.Шүрэнцэцэг
1 цагийн өмнө

-Түлшийг богино хугацаанд асааснаар агаарын бохирдлыг 20-30 хувиар бууруулах боломжтой-

Тавантолгой түлш компани 2026-2027 оны халаалтын улиралд Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхөд нийт 427 мянган тонн шахмал түлш нийлүүлэхээр төлөвлөж байна. Халаалтын улирлын эхэнд эрчим хүчний баяжуулсан нүүрсээр үйлдвэрлэсэн 120 мянган тонн шахмал түлшийг борлуулж буй бол ирэх сараас хагас коксон түлшийг худалдаанд гаргах юм байна.

Энэ жил хэрэглээнд нэвтрүүлсэн түлшний шинж чанар, нийлүүлэлтийн талаар  Тавантолгой түлш ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Даваасүрэнгээс тодрууллаа.

-Энэ жилийн халаалтын улиралд мидлинг буюу завсрын бүтээгдэхүүнээр бус угааж баяжуулсан эрчим хүчний нүүрсээр үйлдвэрлэсэн шахмал түлшийг айл өрхүүдэд нийлүүлж байгааг танай компаниас онцолж байна. Эрчим хүчний нүүрсээр хийсэн түлш мидлингээс юугаараа ялгарч, ямар шинж чанар нь сайжирсан вэ?

-Бид 2019-2026 он хүртэл мидлингээр түлш үйлдвэрлэж байсан. Энэ халаалтын улиралд Эрдэнэс Тавантолгой ХК-иас нийслэлчүүдэд зориулан угааж баяжуулсан эрчим хүчний нүүрс нийлүүлж байна. Экспортод гаргадаг түүхий эдээс үлдсэн завсрын бүтээгдэхүүн болох мидлингээр түлш хийдэг байсан бол энэ жил зөвхөн нийслэлчүүдэд зориулан зорилтот түүхий эдээр түлш үйлдвэрлэж байна гэсэн үг.

Угааж баяжуулсан эрчим хүчний нүүрсээр хийсэн түлшийг мидлингтэй харьцуулахад үнслэг болон хүхрийн хэмжээ буурч, илчлэг нь 6126 ккал-аас 6318 ккал болж нэмэгдсэн.

Багануурын түүхий нүүрс, мидлинг, эрчим хүчний баяжуулсан нүүрс, хагас коксон түлшийг харьцуулан лабораторийн шинжилгээ хийлгэхэд Монгол Улсын хатуу түлшний стандартыг бүрэн хангасан дүгнэлт гарсан.

-Энэ түлш гэр хороололд ашиглаж байгаа бүх төрлийн зууханд тохиромжтой юу? Анхаарах онцгой нөхцөл байгаа юу?

-Бүх төрлийн зууханд тохиромжтой. Харин иргэд угаар мэдрэгч төхөөрөмжөө тогтмол асаалттай байлгах хэрэгтэй байна. Түүхий нүүрс хэрэглэдэг байхад утаа нь маш их үмхий үнэртэж, гэрт суунагладаг байсан. Нүдэнд харагдаж, хамарт үнэртэж байгаа учраас хаалга үүдээ нээж, агаар сэлгэлт хийдэг байсан. Харин бидний сүүлийн 5, 6 жил хэрэглэж байгаа шахмал түлшний угаар харагдахгүй, үнэртэхгүй. Үүнээс болж хүн угаартаж байгаагаа мэдэхгүй, гүн хордлогод орох эрсдэл гарсаар байна. Угаартах эрсдэлээс сэргийлэх хамгийн гол арга бол мэдрэгч төхөөрөмжөө шалгаж, байнга асаалттай байлгах. Иргэд “дуугараад байна” гэх шалтгаанаар мэдрэгч төхөөрөмжөө унтраачихдаг. Төхөөрөмж дуугарна гэдэг нь та угаартах эрсдэлтэй байгааг анхааруулсан дохио. Зуух, яндангийнхаа битүүмжийг шалгахаас илүүтэйгээр угаар мэдрэгч төхөөрөмжөө байнга шалгаж, асаалттай байлгах хэрэгтэй. Энэ бол таны үнэрлэх, харах мэдрэмжийг орлож, эрүүл мэнд, амь насыг хамгаалах чухал төхөөрөмж гэдгийг хэлмээр байна.

-Шинэ түүхий эдээр хийсэн түлш агаарын чанарт ямар нөлөө үзүүлэх вэ?

-Түүхий нүүрсний хэрэглээг зогсоож, мидлинг хэрэглээд агаарын бохирдол 40 хувиар буурсан суурин станцуудын дүн бий. Энэ жил эрчим хүчний баяжуулсан нүүрсээр хийсэн түлш болон хагас коксон түлш хэрэглээд агаарын бохирдлыг 2018 онтой харьцуулахад 50 хувиар, өөрөөр хэлбэл өмнөх үзүүлэлтээс 10 пунктээр бууруулах зорилготой байна.

Мөн манай компани түлш асаагч үйлдвэрлэдэг үндэсний үйлдвэрлэгчидтэй хамтран ажиллахаар судалгаа хийж байна. Түлшийг асаах эхний 30-50 минутад утаа маш ихээр гарч, агаарын бохирдолд нөлөөлдөг. Нойтон мод, зуух яндангийн таталт зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалаад түлшийг асаасан даруйд их утаа ялгаруулдаг. Түлшийг богино хугацаанд асаадаг гал асаагчийг хэрэглээнд нэвтрүүлэхээр судалж, туршиж үзэхэд 17 минутад бүрэн асааж байна. Түлшийг уугиулахгүй, богино хугацаанд асаадаг асаагчийг хэрэглээнд нэвтрүүлвэл агаарын бохирдлыг өнгөрсөн жилээс 20-30 хувиар бууруулах боломжтой.

-Энэ халаалтын улиралд 427 мянган тонн түлш нийлүүлэхээр төлөвлөсөн байна. Өвөл удаан үргэлжилж, их хүйтэрвэл түлш нэмж нийлүүлэх боломжтой юу?

-Боломжтой. Энэ жил 280 мянган тонн хагас коксон түлш худалдан авна. Тендерийн хуулиар дахин 20 хувь хүртэлх тонныг авах боломж байгаа. Энэ нь заавал авна гэсэн үг биш. Дээр нь бид эрчим хүчний баяжуулсан нүүрсээр эх орондоо түлш үйлдвэрлэж байна. Түүхий эдийн нөөц, үйлдвэр, ажиллах хүч байна. Үйлдвэрлэлээ нэмэх боломжтой гэсэн үг.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
С.Даваасүрэн: Түлшийг богино хугацаанд асаах түргэн асаагчийг судалж байна 1 цагийн өмнө
Төрийн банк “Бодь Цогт Групп” ХХК-тай хамтран ногоон санхүүжилтийг дэмжинэ 1 цагийн өмнө
Зохиолч Б.Цэвэлмаагийн “Буриадын их нүүдэл” ном уншигчдын хүртээл боллоо 1 цагийн өмнө
Ц.Сандаг-Очир: Нөмрөгт одоогоор ямар ч ан амьтан алга, ажлын хэсэг байгуулж, үнэлгээг тогтооно 2 цагийн өмнө
У.Отгонбаяр: Нөмрөгийн дархан цаазат газар амьдралдаа очиж үзээгүй 2 цагийн өмнө
Нэг өдөрт хүрэн баавгайтай холбоотой 15 дуудлага бүртгэгджээ 3 цагийн өмнө
Шатахууны үнэ 560 төгрөгөөр нэмэгдэж, иргэд 24 цаг оочерлоод ч шатахуун авч чадахгүй байна 3 цагийн өмнө
Тоосгоны үйлдвэрийн авто замыг хоёр хоног хааж, засварлана 4 цагийн өмнө
​Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 71 хувьд хүрлээ 4 цагийн өмнө
Орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 7.6 хувиар өсжээ 5 цагийн өмнө
Г.Билгүүн: Монголын стандарт дэлхийн жишгээс хол биш. Харин бид итгэлцэл, бодит үр дүнг бий болгох ёстой 6 цагийн өмнө
Худлаа хэлж, хулгай хийж чадахгүй хойно шил, лааз түүж амьдарч байна 7 цагийн өмнө
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна 7 цагийн өмнө
Б.Пүрэвдагва сонгинохайрхан дүүргийн 100 ортой хүүхдийн эмнэлгийг ирэх сарын 1-ний дотор ашиглалтад оруулана 22 цагийн өмнө
Дүүргийн 35 дугаар хороонд тоглоомын талбай байгуулж байна Өчигдөр
О.Цогтгэрэл: Бүлгийн даргын ажлаа өгөхийг шахсан зүйл байхгүй Өчигдөр
Н.Алтанхуяг: Хэн ч АН-ын бүлгийн дарга болсон бүлгээ зохион байгуулаад авч явж чадна гэж бодож байна Өчигдөр
"Чингис хаан" аялал жуулчлалын цогцолборын мэдээллийн төвийн барилга угсралт 90 хувьтай хэрэгжиж байна Өчигдөр
Тамхины хяналтын тухай хууль намрын чуулганаар батлагдах уу? Өчигдөр
Маргаашийн хөгжлийг өнөөдөр санхүүжүүлэв: Багахангай–Хөшигийн хөндийн төмөр зам ашиглалтад орлоо Өчигдөр