Төрийн банк дундаж давхаргыг дэмжигч банк болно


Дундаж давхаргын эрэлд...

Одоо сайд хийж байгаа, өмнө нь Үндэсний статистикийн хороог даргалж байсан А.Ариунзаяа Монголын гурван хүн тутмын нэг нь ядуу гэж мэдэгдэж байв. 2019 онд танилцуулж байсан энэ тоо 2021 он гарсан ч өөрчлөгдөөгүй биз ээ. Ковид19-ын дэгдэлт дэлхий нийтийг цочроохоос ч өмнө гурван монгол хүн тутмын нэг нь ядуу байсан бөгөөд цар тахлын жилүүдэд байдал сайжирсан гэвэл үнэнээс хол зөрнө.

Гэхдээ эрхэм сайдын танилцуулсан энэ тоо өөр олон асуултыг араасаа дагуулж байгаа юм. Монголчуудын гуравны нэг нь ядуу юм бол гуравны хоёр нь юу болох вэ гэх мэт... Лав баян биш. Нийгмийн хөдөлгөгч хүч болсон “Дундаж давхарга” гэвэл бүр ч биш юм.

Энэ асуултад “Эрчим” клубт тоглож байсан ОХУ-ын хөлбөмбөгчин Артем Кулешагийн “Монголд дундаж давхарга гэж байхгүй. Эсвэл мөнгөтэй, эсвэл ядуу” гэсэн тодорхойлолт л яв цав нийцэх юм шиг. Үнэндээ амьжиргааны баталгаажих түвшингээс дээгүүр орлоготой л бол дундаж давхарга гэж нэрлэх нь өрөөсгөл. Хүний олж байгаа орлого нь хүссэнээ авчихдаг, хүүхдүүддээ сайн боловсрол эзэмшүүлчихдэг, ядахнаа л жилдээ нэг гэр бүлээрээ гадаад, дотоодоор зугаалчих хэмжээнд хүрч байж л “Дундаж давхарга” гэж нэрлэгдэх байх. Түүнээс бус хэн нэгний тогтоож өгсөн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс ахиудуу цалин авсан хүн бүрээ нийгмийг чирэгч “Дундаж давхарга” гэж тодорхойлоод байж болохгүй л дээ. Тиймээс л Артем Кулешагийн тодорхойлж хэлсэн нь үнэнтэй илүү ойр очоод байгаа хэрэг.

Мэдээж үндэстний хөрөнгөтнүүд энэ нийгмийг чирэгч нь. Гэвч дундаж давхарга л хөдөлгөгч хүч нь байх ёстой юм. Хөгжилтэй улс орон бүрт нийгмийг хөдөлгөгч гол хүч нь дундаж давхаргынхан байдаг. Харин манайд бол тийм биш. Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн бодлогын зөвлөлийн Ажлын албаны дарга Т.Хаш-Эрдэнэ “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа бидний зөвшөөрч чадахгүй байгаа энэ үнэнийг шулуухан хэлчихсэн байдаг.

Тэрээр “Бидний дундаж давхаргын тухай төсөөлөл их өөр байна. 2000-аад онд бол зурагттай, хөргөгчтэй айл дундажид тооцогдож, иймэрхүү хэрэглээний энгийн үзүүлэлтээр тооцоод дундаж амьдралтай, нэн ядуу биш гэж үздэг байлаа. Харин одоо асуудалд илүү бодитой хандмаар байна. Нэг хүнд ногдож буй хүнсний тэжээллэг чанар, амьдарч буй байрных нь зай талбай, амьдралын орчин нь хэр аюулгүй байгаа тухай, хүүхдээ сургууль, цэцэрлэгт нь асуудалгүй хамруулаад ажил төрлөө хийж чадаж байгаа эсэх, жилдээ ядаж ганц удаа дотооддоо, эсвэл гадаадад аялал хийж байна уу үгүй юу, хадгаламжтай байна уу гэх мэт асуудлууд тавигдана. Түүвэрчилсэн судалгааг үзэхэд л Монголд дундаж давхарга гэж байхгүй байгаа нь тодорхой болно. Энд манай иргэд хуримтлалтай юу гэсэн асуултад 71 хувь нь “байхгүй”, жилдээ нэг удаа эрүүл мэндийн үзлэгт хамрагдаж чаддаг уу гэсэн асуултад 73 хувь нь “чаддаггүй”, байрны зээл авах боломжтой эсэх тухай асуухад 69 хувь нь “боломжгүй”, хөдөлмөрөөрөө хэдэн жилийн дараа байртай болох вэ гэсэн асуултад 63 хувь нь 20 ба түүнээс дээш жил, гадаадад сурах боломжтой юу гэсэн асуултад 94 хувь нь “боломжгүй” гэж хариулсан байна. Энэ хариултууд дундаж давхарга байхгүйг илтгэж байна. Нөхцөл байдал ийм байгааг дээр дооргүй хүлээн зөвшөөрөхөөс өөр арга алга” гэсэн байдаг.

Шинэ хандлага, шинэ зорилт

Ямар боловч энэ Засгийн газар үнэнийг нуусангүй. Хөгжил дэвшил, аз жаргал, баян ядуугийн зааг ялгаа, улс үндэстнүүдийн үнэлэмжийг тооцох аргачлал үнэндээ өөрчлөгдөж байна. Ямар улсыг хөгжингүй улс гэх вэ, ямар ард иргэдийг аз жаргалтай гэх вэ гэдэг шалгуур ч үндсэндээ хэдхэн жилийн өмнөхөөс эрс ялгаатай болжээ.

Улс орны эдийн засгийг нэг хүнд ногдох ДНБ-ий өсөлтөөр бус, нэг хүнд бодитоор хүртээж буй баялгийн хэмжээгээр үнэлэх ёстой гэсэн санаа биеллээ олж, 100 иргэнтэй, 1000 төгрөг олоод 500 нь иргэддээ зарцуулдаг улс адилхан 100 иргэнтэй, 1000 төгрөг олсон боловч 200-г нь л иргэддээ зарцуулдаг улсаас дээгүүр үнэлэгдэх болов.

НҮБ 2012 оноос эхлэн “Аз жаргалын индекс” (дэлхийн улс орнуудыг иргэдийн орлого, амьдрах хугацаа, нийгмийн халамж, эрх чөлөө, итгэл болон өгөөмөр зан гэсэн зургаан бүлэг үзүүлэлтээр дүгнэдэг) тооцох болсон. Эдийн засгийн багтаамжаараа дэлхийд эхний дөрөвт бичигддэг АНУ, БНХАУ, Япон, Энэтхэгийн аль нь ч энэ “Аз жаргалын индекс”-ийг тэргүүлж байгаагүй. Харин ДНБ-ий өсөлтөө иргэддээ илүү нааж чаддаг, дундаж цалин, нийгмийн үйлчилгээний чанар хүртээмжээр тэргүүлэгч Скандинавын орнууд толгой цохиж иржээ. Бусад улс эхний дөрвийг л харж, өсөлтийн төлөө улайрч байсан бол одоо өсөлтөө өгөөж болгоход анхаарч эхэлсэн гэж хэлж ч болох юм.

Улс орны хөгжлийг хэмжих чиг хандлага ийнхүү өөрчлөгдсөн тул улс төрчид, эрх баригчдын удирдах арга барилд ч өөрчлөлт орж байна. Улс орнууд ДНБ-ий өсөлтөөс гадна, оновчтой зарцуулалтад илүү ач холбогдол өгч, нийгмийн аз жаргалыг хангах секторуудад эерэг үзүүлэлт гаргахыг чармайж буй. Энэ бол нэг талаар жам ёсны гэж хэлж болох ч нөгөө талаар цоо шинэ хандлага, өөрчлөлт юм.

Ө.Гантөр: Төрийн банк дундаж давхаргыг бий болгогч Үндэсний тэргүүлэгч банк байх зорилгыг дэвшүүлэн ажиллана

Монгол Улсын Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар ойлголт, хандлагаа өөрчилж ирээдүйгээ зураглаж, төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлж эхэлсэн нь сайн хэрэг. Дундаж давхаргыг дэмжих, нэмэгдүүлэх нь аль ч Засгийн газрын хамгийн чухал зорилт байдаг. Одоогийн Засгийн газар энэ чиглэлд түлхүү ажиллаж байна. Ингэхдээ иргэдэд илүү бүтээмжтэй хөдөлмөрлөх цаг, боломжийг нь гаргаж өгөх буюу амьдралын чанарыг нэмэгдүүлэх гэсэн нэг, нэгнээсээ харилцан хамааралтай асуудлыг орчин үеийн, шинжлэх ухаанч шинэлэг чиг хандлагаар цогцоор нь шийдэхийг хичээж буй.

Засгийн газраас хэрэгжүүлж буй техник, технологийн дэвшлийг төрийн үйлчилгээнд нэвтрүүлж иргэдийн цагийг хэмнэх, ШУА-д хуримтлагдсан мэдлэгийг эргэлтэд оруулах, шинэ мэдлэг үүсч бий болох тогтолцоог бүрдүүлэх, шинэ тутам боловч ирээдүйтэй салбарт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, боловсролын чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, төвлөрлийг сааруулах эдийн засгийн механизм ажиллуулах зэрэг нь бүгд л чинээлэг дундаж давхаргыг нэмэгдүүлэх зорилготой юм.

Энэ дундаас нэг шийдвэр нь үнэхээр нүдээ, бас цагаа олсон юм. Юу гэхээр, Засгийн газраас ирэх жилүүдэд явуулах бодлого иргэддээ бэлэн мөнгө, тусламж өгөх бус боломж, дэмжлэг санал болгох чиглэлтэй байна гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ард түмэндээ хандаж үг хэлэхдээ онцолсон. Бэлэн мөнгө тараах биш, Ерөнхий сайд “Давс шиг гашуун” гэж тодорхойлсон ч хүмүүст “Чихэр шиг” сонсогдсон нэг мэдээ нь дундаж давхаргад зээл олгох, тэднийг бойжуулах, хооронд нь холбох гүүр болох  банк санхүүгийн тогтолцоог бий болгох тухай байв.

Дугуйг дахин зохиох шаардлагагүй гэдэг. Түүн шиг дахин шинээр банк байгуулж, тогтолцооны өөрчлөлтийг ч хийх гэсэнгүй. Монголын банк санхүүгийн салбарын топ-уудын нэг болох Төрийн банкийг Дундаж давхаргыг дэмжигч банк болгох зорилтыг Засгийн газар дэвшүүлээд байна. Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан ч олон нийтэд хандаж мэдэгдэл хийхдээ онцолсон. Тэрээр “Нийгмийн дундаж давхарга гэдэг нь олон улсын тодорхойлолтоор өөр өөр байдаг. Манайд нийгмийн дундаж давхаргыг нэг саяас гурван сая хүртэлх орлоготой хэсгийг үзэж байна. Тэгэхээр бид нийгмийн дундаж давхаргад үйлчилнэ. Нийгмийн дундаж давхаргыг шинээр бий болгох, бойжуулах эрэлт хэрэгцээг Төрийн банкаар дамжуулан хийнэ. Тус банкны чиг үүргийг нэмэлтээр тодорхойлж байна” гэж мэдэгдсэн юм.

Дундаж давхаргыг дэмжих энэ бодлогыг ч Төрийн банк өнгөрсөн хугацаанд биелүүлж эхэлсэн. Засгийн газраас баталсан “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний дагуу энэ оны хоёрдугаар сарын 23-наас ажлын байраа хадгалж үлдсэн аж ахуйн нэгж, иргэдэд жилийн гурван хувийн хүүтэй зээл олгож эхэлснээр манай улс энэ тогтолцоо руу орсон гэдгийг Ерөнхий сайд онцолсон. Тэгвэл Төрийн банк энэхүү бодлогын хүрээнд Ажлын байрыг дэмжих зээлээр л гэхэд орон нутагт 6185 зээлдэгчид 258.4 тэрбум, Улаанбаатар хотод 2276 зээлдэгчид 152.7 тэрбум төгрөгийн зээлийг олгоод байгаа юм байна.

Арилжааны нэг банк л гэхэд 411.2 тэрбум төгрөгийг иргэд, аж ахуйн нэгжүүдэд олгосон нь яах аргагүй том дэмжлэг. Хамгийн гол нь энэ дэмжлэг үргэлжилж, дундаж давхаргыг дэмжих бодлогыг Төрийн банкаар дамжуулан хэрэгжүүлэхээр болсон нь олзуурхууштай гэдгийг дахин тодотгоё. Тус банкны гүйцэтгэх захирал Ө.Гантөр ч “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөний дагуу жижиг дунд бизнесийг хөгжүүлэх, өрхийг орон сууцжуулах, барилгын салбарын ажлын байрыг нэмэгдүүлэх, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн санхүүгийн цогц үйлчилгээг үзүүлэх замаар нийгмийн дундаж давхаргыг бий болгогч Үндэсний тэргүүлэгч банк байх зорилгыг дэвшүүлэн ажиллана” гэдгээ мэдэгдсэн байна лээ.

Үнэндээ дорвитой хөгжихийн тулд энэ мэтээр зоригтой дэмжих л хэрэгтэй юм. Тэгж байж Артем Кулешагийн “олоогүй” дундаж давхарга Монголд “мэндэлнэ”.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ц.Сандаг-Очир: Нөмрөгт одоогоор ямар ч ан амьтан алга, ажлын хэсэг байгуулж, үнэлгээг тогтооно 49 минутын өмнө
У.Отгонбаяр: Нөмрөгийн дархан цаазат газар амьдралдаа очиж үзээгүй 53 минутын өмнө
Нэг өдөрт хүрэн баавгайтай холбоотой 15 дуудлага бүртгэгджээ 1 цагийн өмнө
Шатахууны үнэ 560 төгрөгөөр нэмэгдэж, иргэд 24 цаг оочерлоод ч шатахуун авч чадахгүй байна 1 цагийн өмнө
Тоосгоны үйлдвэрийн авто замыг хоёр хоног хааж, засварлана 2 цагийн өмнө
​Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 71 хувьд хүрлээ 2 цагийн өмнө
Орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 7.6 хувиар өсжээ 3 цагийн өмнө
Г.Билгүүн: Монголын стандарт дэлхийн жишгээс хол биш. Харин бид итгэлцэл, бодит үр дүнг бий болгох ёстой 4 цагийн өмнө
Худлаа хэлж, хулгай хийж чадахгүй хойно шил, лааз түүж амьдарч байна 5 цагийн өмнө
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна 5 цагийн өмнө
Б.Пүрэвдагва сонгинохайрхан дүүргийн 100 ортой хүүхдийн эмнэлгийг ирэх сарын 1-ний дотор ашиглалтад оруулана 20 цагийн өмнө
Дүүргийн 35 дугаар хороонд тоглоомын талбай байгуулж байна 22 цагийн өмнө
О.Цогтгэрэл: Бүлгийн даргын ажлаа өгөхийг шахсан зүйл байхгүй 23 цагийн өмнө
Н.Алтанхуяг: Хэн ч АН-ын бүлгийн дарга болсон бүлгээ зохион байгуулаад авч явж чадна гэж бодож байна 23 цагийн өмнө
"Чингис хаан" аялал жуулчлалын цогцолборын мэдээллийн төвийн барилга угсралт 90 хувьтай хэрэгжиж байна Өчигдөр
Тамхины хяналтын тухай хууль намрын чуулганаар батлагдах уу? Өчигдөр
Маргаашийн хөгжлийг өнөөдөр санхүүжүүлэв: Багахангай–Хөшигийн хөндийн төмөр зам ашиглалтад орлоо Өчигдөр
Байшин, таван ханатай гэр шатжээ Өчигдөр
Зарим нутгаар цас орно Өчигдөр
Хамгийн их хүлээгдэж буй Тамхины хяналтын тухай хууль юу болов? 2026/10/11