2026 оны улсын төсвийн тодотголоор ахмад настны суурь тэтгэвэр, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэмж, төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин, хүнс болон шатахууны нөөц бүрдүүлэлт, эрчим хүчний салбарын засвар шинэчлэлд хөрөнгө хуваарилжээ.
Тодруулбал, төсвийн тодотголын хүрээнд дараах арга хэмжээг хэрэгжүүлэхээр баталсан талаар мэдээллээ.
435 мянган ахмад настанд суурь тэтгэвэр олгоно
Арваннэгдүгээр сарын 1-нээс 435 мянган ахмад настанд сар бүр 100-300 мянган төгрөгийн суурь тэтгэвэр олгож эхэлнэ. Үүнд нийт 196.3 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөжээ. Мөн ирэх оны эхнээс үнийн өсөлтийг харгалзан тэтгэврийг дахин нэмэгдүүлэхээр мэдэгдсэн байна.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэмжийг нэмэгдүүлнэ
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн халамжийн тэтгэврийг 26 хувиар нэмэгдүүлж, сарын хэмжээг 600 мянган төгрөг болгожээ. Харин асаргааны тэтгэмжийг 12 хувиар нэмэгдүүлэн 370 мянган төгрөг болгосон байна. Эдгээр нэмэгдэлд арваннэгдүгээр болон арванхоёрдугаар сард нийт 29.7 тэрбум төгрөг зарцуулах бөгөөд давхардсан тоогоор 171.4 мянган хүн хамрагдана.
Багш, төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинд хөрөнгө хуваарилжээ
Боловсрол, эрүүл мэнд, шинжлэх ухаан болон төрийн үйлчилгээний салбарын ажилтнуудын цалинг нэмэгдүүлэхэд 170.1 тэрбум төгрөг төсөвлөсөн байна. Мөн боловсролын салбарын 93.5 мянган багш, ажилтны нэмэгдсэн цалинг бүтэн жилээр олгоход шаардлагатай 674.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэжээ.
Мах, гурил, хүнсний ногоо, шатахууны нөөцөд 140.9 тэрбум төгрөг зарцуулна
Ирэх онд 20 мянган тонн мах, 12 мянган тонн хүнсний ногоо, 100 мянган тонн улаанбуудай нөөцлөхөөр төлөвлөжээ. Мөн гурван сарын хэрэглээний шатахуун хадгалах сав байгуулах аж. Энэ нь хүнс, шатахууны нийлүүлэлт тасалдах, үнэ өсөх үед нөөцөөс зах зээлд нийлүүлэх замаар өрхийн орлогод ирэх дарамтыг бууруулах зорилготой гэж тайлбарлав.
Эрчим хүчний салбарт 186.2 тэрбум төгрөг хуваарилжээ
Импортын цахилгаан болон үйлдвэрлэлийн үнэ тарифын өсөлтийг өрхүүдэд шууд үүрүүлэхгүй байхад 107.3 тэрбум төгрөгийн татаас олгоно. Харин цахилгаан станц, дамжуулах болон түгээх сүлжээ, тоног төхөөрөмжийн засвар шинэчлэлд 78.9 тэрбум төгрөг зарцуулахаар баталжээ.
Шатахууны импортын татварын хөнгөлөлтийг үргэлжлүүлнэ
Шатахууны хомсдол, үнийн огцом өсөлтийг хязгаарлах зорилгоор импортын гаалийн болон онцгой албан татварыг тодорхой хугацаанд тэглэсэн зохицуулалтыг үргэлжлүүлэхээр мэдээллээ. Мөн шатахуун хилээр нэвтрүүлэх, тээвэрлэх хурд болон хадгалах хүчин чадлыг нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа аж.
ТӨК-иудын зардлыг танаж, 1.6 их наяд төгрөгийн ногдол ашгийг төсөвт төвлөрүүлнэ
Төрийн өмчит компаниудын ногдол ашгаас 1.6 их наяд төгрөгийг төсөвт төвлөрүүлж, цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээнд зарцуулахаар болжээ. Мөн төрийн өмчит компаниудын тээвэр, шатахуун, тавилга, автомашин, томилолт, зар сурталчилгаа, зөвлөх үйлчилгээ болон сургалтын зардлыг хязгаарласан байна.
Түүнчлэн урсгал болон хөрөнгийн зардлаас 1.4 их наяд төгрөгийн эх үүсвэр чөлөөлж, өрхийн орлого, нийгмийн хамгаалалд зарцуулахаар төлөвлөжээ.
Төсвийн сахилга батыг сайжруулж, улсын болон орон нутгийн төсвийн зарцуулалтыг уялдуулах, төрийн өмчит компаниудын үр ашгийг нэмэгдүүлэх, олон нийтийн хяналтыг сайжруулах чиглэлээр ажиллахаа мөн илэрхийлсэн байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна