Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дахь Тавантолгойн бүлэг ордоос Гашуунсухайт хилийн боомт хүртэлх 240 км урт хүнд даацын тусгай зориулалтын авто замыг өнөөдөр бүрэн ашиглалтад орууллаа.
Нээлтийн арга хэмжээнд Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, холбогдох яамдын удирдлагууд, Хөгжлийн банкны Тэргүүн дэд захирал А.Энхжин, Тээвэр хөгжлийн банкны төлөөлөл, төслийн гүйцэтгэгч “Тал нутгийн хөгжлийн зам” ХХК-ийн удирдлага, инженер, техникийн ажилтнууд, орон нутгийн удирдлагууд болон тээвэрчдийн төлөөлөл оролцов.
Эдийн засгийн өсөлтийг дэмжих зам, тээвэр, ложистикийн сүлжээг хөгжүүлэх зорилгын хүрээнд нийт 1 их наяд төгрөгийн санхүүжилттэй уг авто замын барилгын ажлыг бүрэн дуусгах, асфальт бетон хучилт хийхэд зориулан Хөгжлийн банкнаас 49.8 сая ам.долларын санхүүжилт олгож байгаа юм.
Тус авто зам нь 240 км урт, 14.5 метр өргөн, 7.5 метр зорчих хэсэгтэй бөгөөд уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэх зориулалттай, 200 тонн хүртэлх ачаалал даах хүчин чадалтайгаараа онцлог юм.
Шинээр ашиглалтад орсон замаар Тавантолгойн бүлэг ордоос Гашуунсухайт чиглэлд зөвхөн ачаатай тээврийн хэрэгсэл зорчих бол 2011 онд ашиглалтад оруулсан хоёр эгнээ авто замыг эсрэг чиглэлд буюу Гашуунсухайтаас Тавантолгой чиглэлийн тээвэрт ашиглана. Ингэснээр тус чиглэлд нийт дөрвөн эгнээ бүхий хүнд даацын авто замын сүлжээ бүрдэж байна.
Шинэ зам ашиглалтад орсноор тээвэрчид аюулгүй, найдвартай нөхцөлд ажиллах боломж нэмэгдэж, автомашин, техникийн эвдрэл гэмтэл болон зам тээврийн осол, эрсдэл буурах ач холбогдолтой. Түүнчлэн ачаа тээврийн урсгалыг эрчимжүүлж, экспортын хүчин чадлыг нэмэгдүүлэх, улмаар эдийн засгийн өсөлтийг дэмжихэд чухал хувь нэмэр оруулахыг албаныхан онцоллоо.
Гашуунсухайт хилийн боомт нь Монгол Улсын уул уурхайн бүтээгдэхүүний экспортын хамгийн том гарц бөгөөд нүүрсний экспортын 51.4 хувь, зэсийн баяжмалын экспортын 55 орчим хувийг дангаар дамжуулдаг стратегийн ач холбогдол бүхий боомт юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна