Хүүхэд, залуучууд болон нийт иргэдийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх, хуримтлалын зөв дадлыг төлөвшүүлэх зорилготой “Дэлхийн Хуримтлалын Өдөр-2026” аяныг Монгол улс 2017 оноос хойш жил бүр тэмдэглэн өнгөрүүлж байна.

Энэ жилийн хувьд “Мэдээллийг AI-аас Шийдвэрийг та өөрөө” уриатайгаар 10 дугаар сарыг дуустал орон даяар үргэлжлэх юм.
Тус аяны нээлтийн үйл ажиллагаа энэ оны аравдугаар сарын 4-ний өдөр Өмнөговь аймагт зохион байгуулагдаж, нийт 800 гаруй хүүхэд, залуус оролцлоо.

Энэ жилийн аяны хүрээнд хүүхэд, залуучуудад бага наснаас нь хуримтлалын зөв дадал хэвшүүлэх, санхүүгийн зорилгоо тодорхойлох, орлого, зарлагаа зөв төлөвлөх, богино хугацааны хэрэглээнээс илүү урт хугацааны санхүүгийн зорилгодоо төвлөрөх хандлагыг төлөвшүүлэхэд онцгойлон анхаарч байна.

Түүнчлэн хиймэл оюун ухаан болон финтекийн санхүүгийн шийдлүүд хурдацтай хөгжиж буй өнөө үед технологийг мэдээлэл авах, санхүүгээ төлөвлөхөд зөв, хариуцлагатай ашиглахын зэрэгцээ хамгийн чухал нь санхүүгийн эцсийн шийдвэрийг хүн өөрөө гаргах нь чухал болохыг аяны уриагаар онцолж байна.

Аяны нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатар, УИХ-ын гишүүн Р.Сэддорж, Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт, Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат, Хадгаламжийн даатгалын корпорацийн Гүйцэтгэх захирал Б.Ариунболд болон банк, санхүүгийн салбарын бусад төлөөлөл оролцож, хүүхэд, залуучуудад санхүүгийн мэдлэг, туршлагаасаа хуваалцлаа.
Мөн нээлтийн үеэр хүүхэд, залуучуудын дунд Kahoot тэмцээн зохион байгуулж, амжилттай оролцсон хүүхдүүдийг Хадгаламжийн эрхийн бичиг, хуримтлалын зөв дадлыг хэвшүүлэх зорилгоор мөнгө хуримтлуулдаг тэмээгээр шагнаж, урамшууллаа.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна