Каори Фукусима (Kaori Fukushima)
Вакцинжуулалт эхэлнэ гэдэг корона вирусийн улмаас хохирч байгаа ямар ч улсын хувьд сайн мэдээ. Гэвч covid-2019 –ийн эсрэг вакцины дэлхийн зах зээлийг ямар улс хяналтдаа оруулах вэ гэсэн асуулт түгшүүр төрүүлсэн хэвээр байна. Вакцины тусламжтайгаар вирусийгбодитоор ялж чадсан улс нь корона вирусийн дараах олон улсын нийгэмлэгт өөрийн дүрмийг тогтоож чадах учраас ийм түгшүүр явж байгаа юм.
Иймд Хятад онцгой түгшүүр төрүүлж байна. Хятадын “Sinofarm” корпорацын бүрэлдэхүүнд багтдаг “Sinovac Biotech” компанийн боловсруулсан идэвхгүйжүүлсэн вакциныг 2-8 градусын температурт тээвэрлэх боломжтой бол Америкийн “Pfizer”-ийн бүтээгдэхүүнийг зөвхөн хасах 70 градус ба түүнээс доош температурт тээвэрлэх ёстой. Ийм үзүүлэлттэй учраас Хятадын вакциныг хөгжиж буй улс орнуудад ч ашиглах боломжтой болж байгаа юм. Улмаар он дуусах хүртэл 600 сая тун вакцин үйлдвэрлэхээр төлөвлөсөн Хятад нь дэлхий даяар хөгжиж байгаа улс орнуудын зах зээлийг дэлхий даяар эзлэн авч таарах байх.
Хятадын вакцинаас хэр хамааралтай байна вэ?
Энэ сарын 3-нд НҮБ-ийн Ерөнхий Ассамблейн тусгай хуралдаанд БНХАУ-ыг төлөөлөн оролцсон Гадаад хэргийн сайд Ван И нь “Хятад нь их гүрний хувьд хүлээсэн үүргийнхээ дагуу хөгжиж буй улс орнуудад вирусийн эсрэг шинэ вакциныг идэвхтэй ханган хийлүүлэх болно” гэж мэдэгдсэн. БНХАУ-ын албаны хүмүүс арванхоёрдугаар сарын 4-нд мэдэгдэл хийхдээ он дуусах хүртэл дэлхийн зах зээлд вирусийн эсрэг шинэ вакцин 600 сая тунг нийлүүлнэ гэсэн. Энэ бол Хятад нь “вакцин тулгуурласан давшилтын бодлогоо” хэрэгжүүлж эхэлж байгаагаа дэлхий дахина ил тод зарласан хэрэг.
Энэ сарын 2-нд болсон вирусийн эсрэг вакцины салбар дах Хятадын судалгааг идэвхжүүлэхэд зориулсан зөвлөгөөн дээр БНХАУ-ын шадар сайд Сун Чуньланьхэлэхдээ 2020 онд корона вирусийн эсрэг тэмцлийн тэргүүн эгнээнд байгаа нисэх буудал, далайн боомт болон бусад эрсдэлийн бүлгийн хүмүүсийг вакцинжуулалтад хамруулна гэсэн. Арми болон эмч нарыг вакцинжуулаад эхэлчихсэн.
Хятадын Технологийн их сургуулийн профессор Ван Цзюньчжи нь “Хятадын идэвхгүйжүүлсэн вакцины үндсэн үзүүлэлтүүд нь байгалийн вирусийн бүтэцтэй ойр тул тарьсны дараа хүний биеийн дархлааны зүгээс хангалттай өндөр хариу үйлчлэл үзүүлж, аюулгүй байх болно” гэжээ. “Physer” ба “Moderna” вакцинуудыг тус бүр хасах 70, хасах 20 градусын горимыг хатуу баримтлан хадгалах ёстой. Харин Хятадын идэвхгүйжүүлсэн вакцинуудыг 2-8 градусын температурт тээвэрлэх боломжтой нь тогтмол нислэгээр тээвэрлэхэд асуудал болохгүй.
“Newsweek” сэтгүүлд энэ сарын 4-нд гарсан мэдээлэл ёсоор бол Турк нь арванхоёрдугаар сарын хоёрдугаар хагасаас эхлэн Хятадад үйлдвэрлэсэн вакцины тарилгын эхлүүлнэ. Өмнөд Америкийн зарим орнууд дараагийн хэдэн сарын турш Хятад вакцинаар хүн амаа тарьж эхэлнэ. Түүнчлэн Марокко нь оны сүүл гэхэд Хятадад үйлдвэрлэсэн вакцинаар насанд хүрсэн хүн амынхаа 80 хувийг тарих гэж байна.
Арабын Нэгдсэн Эмирт улсууд “Sinovac Biotech” вакциныг ашиглаж эхлэх гэж байгаагаа энэ сарын 9-нд албан ёсоор мэдэгдсэн. Энэ улс нь “Sinovac Biotech” вакцины клиник туршилтын гурав дах шатны туршилтын явуулаад үр нөлөө нь 86 хувьтай гэж тогтоосон. Туршилтын явцад ямар нэг гаж нөлөө гараагүй гэдгээр тус вакцин аюулгүй гэдэг нь батлагдсан. Нэгдсэн Эмирт улсуудын төрийн албан хаагч олон хүнийг энэ вакцинаар хэдийн тарьсан. Гэсэн хэдий ч Хятадын вакцины бодит үр нөлөөний талаар эргэлзээ байсаар байна.
Хятад иргэд өөрсдөө эх орныхоо үйлдвэрийн вакцинд тун ихээр эргэлздэг гэдгийг нийтээрээ мэддэг. Жишээлбэл, Уганд улс дах Хятадын ЭСЯ-ы гаргасан мэдээнээс үзвэл орон нутгийн Энэтхэг компанийн хэрэгжүүлж байгаа барилгын төслүүд дээр ажилладаг 47 хятад ажилтнаас covid-2019 илэрсэн. Тэдний заримд нь халуурах, ханиалгах, бие тавгүйтэх, гүйлгэх зэрэг шинж тэмдэг илэрсэн гэж байгаа. Хамгийн гол нь энэ 47 хүн Хятадад үйлдвэрлэсэн корона вирусийн эсрэг вакцин хийлгэсэн байсныг Тайванийн “Цзыю шибао” сонин мэдээлсэн. Хэрэв үнэхээр тийм бол Хятадын вакцин үр нөлөөгүй гэдгээ бас нэг удаа харуулсан хэрэг болох юм.
Хятадын албаны мэдээгээр “Sinovac Biotech” вакциныг энэ оны зургаадугаар сараас эхлээд хилийн чанад руу ажиллахаар явж байгаа хятад ажилчдад нэн тэргүүнд хийх болсон. Энэ хугацаанд төвийн мэдлийн байгууллагуудад ажилладаг 56 мянган ажилчдад вакцин хийлгэсэн гэж мэдэгдсэн. Тэгэхээр Уганд дах төслийн ажилтнуудад мэдээж хэрэг вакцин хийсэн гэсэн үг. Гэвч Хятад нь үүнийг албан ёсоор батлахгүй байгаа юм.
Үүнээс гадна энэ оны аравдугаар сард Бразилд хийгдсэн туршилтын үеэр “Sinovac Biotech” вакцин нь туршилтад оролцсон хүмүүст тун таагүй хариу урвал үүсгэж, нэг нь бүр нас барсан байсан. Энэхүү сөрөг хариу урвал нь вакцины аюулгүй байдалтай холбоогүй гэж Хятадын албаныхан мэдээлэхтэй зэрэгцээд Бразил дах туршилтыг зогсоосон нь Бразилын эрх баригчдын гаргасан улс төрийн шийдвэр гэцгээж байна.
“Lancet” анагаахын сэтгүүлд гарсан клиник туршилтын үр дүнгээс үзвэл “Sinovac Biotech” вакцин нь анхны тарилгаас хойш 28 хоногийн дараа хүн биед корона вирусийн эсрэг эсрэг биет ялгаруулах нөлөө үзүүлдэг ч эсрэг биетүүдийн түвшин нь хэт бага байсны улмаас эхний тарилгын дараа давтан халдвар авах тохиолдол бүртгэгдэж байжээ.
Вакцин үйлдвэрлэгч компанийг тойрсон таагүй дуулиан
Хятадын вакцин нэр муутай байгаа нь тус улсын эмийн үйлдвэрлэл эцсээ хүртэл ил тод биш байгаатай зарим байдлаар холбоотой. Хятадын томоохон вакцин үйлдвэрлэгч “Kang Tai Bio Co., Ltd” компанийн ТУЗ-ын тэргүүн Ду Вэйминийг тойрсон таагүй дуулиан үүний нэг жишээ. “New York Times” сонин энэ сарын 7-нд энэ хүнтэй холбоотой зарим баримтуудыг илчилсэн нийтлэл гаргасан байна. “Kang Tai Bio Co., Ltd” нь корона вирусийн эсрэг өөрийн гэсэн шинэ вакцин боловсруулж байгаа атлаа Британи ба Шведийн “Astra Zeneca” компаниас Их Британид бүтээсэн адил нэртэй вирусийн эсрэг вакцин 200 сая тунг Хятадад үйлдвэрлэх амлалт авсан байх юм.
Цаашлаад “Kang Tai Bio Co., Ltd” ба Ду Вэйминь нь вакцин үйлдвэрлэхтэй холбоотой янз бүрийн таагүй дуулианы баатрууд болоод удаж байгаа юм байна. 2013 онд эдний үйлдвэрлэсэн В гепатитын эсрэг вакцин тариулсан 17 нярай нас барсны дараа дуулиан дэгдсэн. Тухайн үедээ хийгдсэн вакцин ба нярайн нас баралт хоорондын шалтгаан ба үр дагаврын холбоог тогтоож чадаагүй ч эрх баригчид хэргийг бушуухан дарахын тулд гомдол гаргаж, зарга үүсгэсэн эцэг эхчүүд болон бусад хүмүүст дарамт шахалт үзүүлж, олон нийтийн санаа бодлыг хянах аргуудыг ашигласан учраас ийм байдалд хүрсэн гэж яригдаж байна. Тэр явдлаас хойш Хятадын нийгэмд “Kang Tai Bio” компани болон Ду Вэйминь итгэх итгэл алдагдсан.
Ду Вэйминьтэй холбоотой хүмүүсийн эрүүл мэндэд аюул учруулсан өөр нэг хэрэг бүр 2010 онд гарсан байдаг. Тухайн үед хяналтын албаныхан тус компанид үйлдвэрлэсэн галзуугийн эсрэг 180 мянган тун вакцин бодит үр нөлөөгүй гэдгийг илрүүлсэн. Ду Вэйминь дуулианаас зайлсхийхийн тулд “Kang Tai Biological” компанийн хувьцааг эмийн өөр үйлдвэрт шилжүүлж өгсөн гэж мэдэгдэж байсан байна.
Мөн тэр жил “Kang Tai Biological”-л үйлдвэрлэсэн В гепатитын эсрэг вакцин тариулсан Гуандун мужийн бага сургуулийн олон арван сурагчид бөөлжүүлэх, толгой өвдөх зэрэг шинж тэмдэг илэрч байна гэж гомдол мэдүүлж байсан. Эрх баригчид үүнийг вакцины чанартай холбоогүй, зүгээр л олныг “хамарсан сэтгэцийн гаралтай хариу урвал” гэж тайлбарлаад аргалж өнгөрөөсөн. Гэвч гурван жилийн дараа дээр дурдагдсан нярайн эндэгдэл гарахад олон нийт маш ихээр эргэлзэж эхэлсэн. Гэвч эрх баригчид ч тэр, албаны сонин хэвлэлүүд ч тэр вакцинтай холбоотой асуудал байгааг үгүйсгэж, эцэг эхчүүд, вакцины эсрэг мөрдлөг явуулсан эрдэмтэд ба сэтгүүлчдийг “өдөөн хатгалга явуулсан”, “эмх замбараагүй байдал үүсгэсэн” хэргээр баривчилсан. Тэдний гүтгэлэг явуулсан, хуурамч мэдээлэл тараасан хэрэгт буруутгаж байгаад дуугүй болгож чадсан.
Ду Вэйминь нь ээлжит удаагийн вакциныхаа зөвшөөрлийг хурдан гаргуулахын тулд хяналтын албаныханд хахууль өгсөн тул албаны хүмүүсийг авлигын хэргээр ялласан. Гэхдээ Ду Вэйминьд ямар ч ял тулгаагүй. “New York Times” хэдийгээр энэ бүхний үнэн шалтгааныг дурдаагүй ч Ду Вэйминь гэгч нь тун өвөрмөц намартай хүн гэж тооцогддог. Тэрээр Цзянси мужид ядуу тариачны гэрт төрж, техник мэргэжлийн сургуулийг арай ядан дүүргэсний дараагаар орон нутагтаа ариун цэвэр шалгадаг албан тушаалд шургалж дөнгөөд, удалгүй Хятадын эмийн үйлдвэрлэлийн салбарт гарсан “өөрчлөлт ба нээлттэй байдлын давлагаа” гэгчийг ашиглан мандсан хүн юм байна.
“Kang Tai Bio Co., Ltd” нь энэ мэтээр таагүй дуулианд нэр холбогдсон атал БНХАУ дах Билл Гейтсийн сангийн тэргүүн асан Рей Йипом (Ray Yip) нь түүнийг “Хятадын вакцин үйлдвэрлэлийн хамгийн орчин үеийн компаниудын нэг” гэж тодорхойлсон байх юм. Дээр өгүүлсэнчлэн “Kang Tai Bio Co., Ltd” өөрийн гэсэн идэвхгүйжүүлсэн вакцин боловсруулаад есдүгээр сараас клиник туршилтыг эхлүүлсэн. Мөн үүнтэй зэрэгцээд “AstraZeneca” гэдэг Британийн вакциныг үйлдвэрлэнэ. Шэньчжэнь хотын удирдлага вирусийн эсрэг шинэ вакцины үйлдвэр барихад зориулж 20 мянган ам метр талбайг түрээсээр өгөөд байгаа.
Хятадын “вакцины гадаад бодлогыг” эсэргүүцэх тухай
Ингэснээр бий болсон нөхцөл байдлыг Засгийн газраа дэмжигч Хятадын эмийн үйлдвэр эрхлэгчид нь орон нутгийн болон төв засгийн газартай “хүзүү сээрээрээ хэлхэлдсэн” нөхцөл байдал үүссэн гэж тайлбарлаж болно. Хэрэв Хятадад үйлдвэрлэсэн вакциныг зөвхөн Хятадад ашиглаж байвал энэ гагцхүү Хятадын дотоод хэрэг байх атал covid-2019-ийн эсрэг Хятадын вакциныг дэлхий даяар ашиглахаар шахаж байна. Ингээд зогсохгүй корона вирус намжсаны дараах олон улсын хамтын нийгэмлэгийн бүтэц ямар байх нь аль улсын вакцин дэлхийн зах зээлийг хянаж байгаагаас хамаарахаар болоод байна.
Германы “Süddeutsche Zeitung” сонин “Дэлхийг хамарсан Хятадын “вакцины гадаад бодлого” нэртэй дараах тайлбарыг нийтэлжээ.
Үүнд “Үүний өмнө Хятад нь янз бүрийн улс оронд чиглэсэн “эмнэлгийн амны хаалтын гадаад бодлого” гэгчийг явуулах замаар вирусийн гарал үүслийн талаарх дэлхийг хамарсан мэтгэлцээнийг тогтоон барихыг чармайж байсан. Энэ удаад “вакцины гадаад бодлого” явуулж байгаа бөгөөд зорилго нь зүгээр нэг бэлгэдлийг ялалт байгуулах төдийхөн биш. Огт биш. Хятадын ирээдүйд юунд хүрэх гээд чармайгаад байгаа нь ойрын хэдэн сарын дотор ойлгомжтой болно. Өмнөд Америк ба Карибын тэнгис орчмын орнууд Бээжингээс хэдийн тэрбум тэрбумаар нь зээл авсан. Тэд Хятадын вакцин авахаар шийдсэн. Мексик 3500 вакцины мөнгийг төлөөд байгаа бол Бразилын Эрүүл мэндийн сайд нь Хятадын вакциныг бусдаас өмөөрөгч өмгөөлөгч болоод явж байна. Азийн олон орон энэ давалгаанд нэгдсэн. Хамгийн цөөндөө 16 улс нь Хятадын вакцины клиник туршилтын хөтөлбөрт оролцон, худалдаж авахаар болсон тухайгаа мэдэгдсэн. Хятадын удирдагчид корона вирусийн эсрэг Хятадын вакцинуудыг стратегийн давшилтыг эрүүл мэндийн салбар дах “Торгоны зам” хөтөлбөр гэж зарласан”.
Өөрөөр хэлбэл Хятад эрүүл мэндийн салбарын “Торгоны зам” бодлогыг хэрэгжүүлж, вирусийн эсрэг вакцины салбарт “Нэг бүс-нэг зам” төслийг хэрэгжүүлэх гэж байна. Хятадад дуулгавартай байгаа улсуудад нэн тэргүүнд анхаарах бөгөөд тэнд Хятад тоглоомынхоо дүрмийг өөрөө тогтооно. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Хятадад дагаар орсонтой адилаар Хятадын вакциныг хэрэглэсэн бүх улс орнууд Хятадыг дагадаг болж магадгүй гэсэн таамгийг “Süddeutsche Zeitung” дэвшүүлжээ.
Хэрэв Хятадын ийм “вакцин давшилтыг” сөрөхийн тулд ардчилсан орнууд хөгжиж буй улсуудын зах зээлд өрсөлдөх боломжийн үнэтэй, хямд вакцин боловсруулж чадахгүй бол эцсийн дүнд дэлхийн дийлэнх хэсэг нь Хятадын вакцинаас дэндүү хамааралтай болж хувирна. Ингэснээр Хятад нь дэлхий дээр өөрийн гэсэн шинэ журмыг тогтоох замаа нээх юм.
Ийм нөхцөлд вакцины практик хэрэглээ хүрээгээ тэлж байгаад баярлаад сууж болохгүй.
Япон улс нь дараа жил Токиод Олимпын тоглолт явуулахын тулд вакцинтай болохыг хүсэх нь мэдээж бөгөөд энд Хятадын вакцин авахаас бүх хүчээрээ зайлсхийх нь маш чухал. Япон нь оройтсон ч гэлээ өөрийн гэсэн вакциныг амжилттай бий болгох ёстой. Үүнээс ард олных эрүүл мэнд, аюулгүй байдал төдийгүй корона вирусийн дараах дэлхийн дэг журам ямар байх вэ гэдэг хамаарна гэдгийг гүнээ ухамсарлах ёстой юм.