Нөөцөөрөө дэлхийд дээгүүрт орох "Эрдэнэт" үйлдвэртэй зэрэгцэн Монголыг тэжээх саалийн үнээ гэгддэг Оюутолгойн ордыг ашиглах гэрээг Санжийн Баярын Засгийн газар 2009 онд байгуулж байлаа. Монголын тал 34 хувийг нь эзэмшдэг энэ гэрээгээр улстөрчид өнгөрсөн хугацаанд хэдэн ч удаа оролдов, хэд нь ч имижээ босгож, өөрийн ярьдаг сэдэв болгов гээд тоочиж болох ч монголчуудад ногдол ашгаа хэзээ өгөх вэ гэдэг асуулт өнөө хэр хариултгүй байсаар байна.
"Оюутолгой" төслийн анхны хөрөнгө оруулалт 4.1 тэрбум доллараас 7.1 тэрбум доллар болтлоо өссөнийг Ерөнхий сайд ч, Уул уурхайн сайд ч мэдэгдэж байв. "Оюутолгой"-н зүгээс 6 тэрбум ам.доллар гэж хэлдэг. Яагаад ингэж нэмэгдэх болов, хөрөнгө оруулалтын хэмжээ яагаад зөрөөд байна вэ гэдэгт ч бид хариулт авч чаддаггүй. Өнгөрсөн 10 хүрэхгүй жилд энэ ордыг ашиглах гэрээндээ бид дөрөв дэх удаагаа өөрчлөлт оруулахаар ярьж байна.
Сү.Батболдын Засгийн газрын үеийн өөрчлөлт
Оюутолгойн Хувь нийлүүлэгчдийн гэрээнд 2011 оны зургадугаар сарын 8-нд нэмэлт оруулжээ. Ингэхдээ төслийн санхүүжилтийн хүүг бууруулах, Монголын тал санхүүжилт хийх, төслийн санхүүжилтэд оролцох эрхтэй байх, төслийн санхүүжилтийг гуравдагч этгээдээс тэргүүн ээлжид авах, шаардлагатай тохиолдолд санхүүжилтийн эрсдэлээс хамгаалах хувилбарыг ашиглах, өмнө нь гэрээнд тусгагдсан байсан давуу эрхийн хувьцааны асуудлыг өөрчлөх, Монголын талын эзэмшлийн 34 хувь ямар ч тохиолдолд буурахгүй байх зэрэг асуудалд нэмэлт өөрчлөлт хийсэн байна.
Энэ талаар тухайн үеийн Сангийн сайд С.Баярцогт "Монголын талын эзэмших хувиа бид хоёр аргаар баталгаажуулж байгаа. Нэгдүгээрт, Монголын талын эзэмших хувь 34-өөс доош буухгүй гэж өмнө нь байсан. Түүнийгээ ямар нэгэн санхүүжилтийн шинэ арга хэрэглэх болгонд 34 байна гэдгийг сая зааж өглөө. Нөгөө нэг өөрчлөлт нь давуу эрхийн хувьцаагаар санхүүжинэ гэдгийг хасаад санхүүжилтийн өөр аргыг хэрэглэнэ гэдэг заалт оруулж байгаа. Давуу эрхийн хувьцаагаар санхүүжүүлэхээр хүмүүс үүнийг энгийн хувьцаатай холиод тэгээд 34 хувийг зургаа, долоо хувь боллоо гэж тайлбарлаад байгаа юм" хэмээн ярьж байв.
Ч.Сайханбилэгийн кабинетын хоёр гэрээ
Эхнийх нь 2014 оны наймдугаар сарын 14-нд Эрчим хүчний сайдаар М.Сономпил ажиллаж байх үед хийгджээ. Засгийн газар "Оюутолгой" ХХК-ийн хооронд "Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ"-нд гарын үсэг зурсан. Гэрээг тухайн үед "Оюутолгой компани удахгүй ашиглалтад орох Тавантолгойн цахилгаан станцаас эрчим хүч худалдан авах юм. Мөн өмнөд бүсийг цахилгаан эрчим хүчээр тогтвортой хангах цогц төлөвлөгөөг ажил хэрэг болгоход урт хугацаанд хамтран ажиллах тухай" хэмээн тайлбарлаж байв.
Тухайн үед "Рио Тинто" компанийн Зэсийн группийн гүйцэтгэх ерөнхий захирал Жан Себастьян Жак "Эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ нь "Оюутолгой"-н хувьд томоохон дэвшил болж байна. Энэ нь Засгийн газар болон "Оюутолгой" компани нэгдмэл зорилгын төлөө хэрхэн хамтарч ажиллахыг батлан харуулсан үйл явдал боллоо. Энэ удаад бид өмнөд бүсийг урт хугацааны эдийн засгийн хувьд өрсөлдөх чадвартай, найдвартай цахилгаан эрчим хүчээр хангахад хамтран ажиллана" гэж байсан юм.
Гэхдээ энэ гэрээний гол өөрчлөлт бол "Оюутолгой" үйл ажиллагаагаа явуулж эхэлснээс хойш дөрвөн жилийн дотор дотоодоос эрчим хүч ашиглана гэсэн заалтыг Хөрөнгө оруулалтын гэрээний 7.2.1-оор түдгэлзүүлсэн явдал аж.
Алдарт Дубайн гэрээ
Энэ гэрээг 2015 оны тавдугаар сарын 18-нд тухайн үеийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг АНЭУ-д албаны хүмүүсийн хамт очиж байгуулсан. Далд уурхайн бүтээн байгуулалтын санжүүжилтийн төлөвлөгөөний гэрээг янз бүрээр шүүмжилсэн. Оюутолгойгоос монголчууд 2023 оноос ашиг хүртэх байсныг 2037 он хүртэл хойшлуулсан хэмээж байв. Ч.Сайханбилэг сайд ч тухайн үедээ 2037 он гэх тоог хэлж байсан юм.
Дээрээс нь татварын маргаантай холбоотой асуудал. Тухайн үед Сангийн сайдаар хожим Ерөнхий сайд болсон Жаргалтулгын Эрдэнэбат ажиллаж байв. Энэ үед манай татварын албанаас "Оюутолгой" компанид 130 сая ам.долларын татвар төлөх акт тавьж байв. Тиймээс дээр байгуулсан гэрээнд тус компанийн татварын тайланг 30 сая доллар болгож бууруулсан нь хамаг хүний уур ундууцлыг төрүүлсэн. Тодруулбал, "Оюутолгой" компанийн 2010-2014 он хүртэлх таван жилийн татварын тайланг ажлын тав хоногийн дотор Сангийн яам хүлээж авах шийдвэр гаргаж байжээ. Энэ бол татварын байгууллагын тавих ёстой актыг Сангийн сайд, яам яаран сандран гүйцэтгэсэн шийдвэр байв.
Гэрээг өөрчлөх У.Хүрэлсүхийн багийн төлөвлөгөө
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар энэ талаар өнгөрсөн долоо хоногт мэдэгдлээ. Тэрээр "Оюутолгойн гэрээг сайжруулах зорилгоор энэ оны нэгдүгээр сараас эхлээд олон удаагийн яриа хэлэлцээг "Рио Тинто" болон "Оюутолгой"-той хийсээр ирсэн. Удаан хугацааны яриа хэлэлцээний үр дүнд бид Монгол Улсын ногдол ашиг хүртэх хугацааг наашлуулах, Монгол Улсад үзүүлж байгаа санхүүгийн дарамтыг бууруулах гэсэн таван үндсэн зарчмаар тохиролцож харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурахаар болсон. Оюутолгойн гэрээ илүү ашигтай болох суурь нөхцөл бүрдэж байна. Үүний үр дүнд зээлийн хүү буурна. Манай талын эзэмшиж байгаа 34 хувь бол хувь нийлүүлэгчдийн зээлээр санхүүждэг. Санхүүжилтийн гэрээ өндөр хүүтэй байсан. Зээлийн хүүг бууруулж, "Оюутолгой" компанид эзэмшиж байгаа Монгол Улсын хувийн үр өгөөжийг дээшлүүлж, ашиг хүртэх хугацааг наашлуулна. Эдийн засгийн хувьд үр ашигтай болгох зарчмын шийдэлд хүргэсэн" гэлээ.
Мөн маргаантай байсан цахилгаан станцын асуудлыг хэлэлцэнэ. Эрчим хүчний асуудал маргаантай явж ирсэн. "Оюутолгой" компани жилд 150 сая ам.долларын цахилгаан импортоор авдаг. Үүнийгээ больж дотоодоосоо эрчим хүч авах нэгдсэн шийдэлд хүрсэн. Ингэснээр Тавантолгойг түшиглэн цахилгаан станцбарих, дотоодын эх үүсвэрээс найдвартай эрчим хүч авах нөхцөл үүснэ. Яриа хэлцлийн дүнд ч ийм үр дүн гарлаа. Татварын маргаантай байсан 35 сая ам.долларын татвар төлүүлэхээр боллоо. "Оюутолгой" компани эхэндээ зөвшөөрдөггүй байсан бол одоо 35 сая долларын татварын төлбөр дээр зарчмын хувьд тохирчээ. Нийт тавигдаад байгаа татварын актууд дээр санал зөрөлдсөн учир Арбитр дээр очиж шийдүүлэх боломжтой. Нийт 150 орчим сая долларын татварын асуудал хөндөгдөж байгаа учраас эцсийн шийдвэрийг Арбитр дээр гаргана гэсэн мэдээлэл өгсөн.
Гэхдээ тэр ерөнхий зүйл л хэлж байна. Монголчуудын хүртэх ашгийг наашлуулна гэж байна, хэд болгож байгаа юм гэдэг нь ч тодорхойгүй. Татварын асуудлаа ч эцэслэж шийдээгүй, аман хэлэлцээ шиг зүйлийг олон нийтэд мэдэгдчихлээ. Дээрээс нь УИХ-аас гарч ажиллаж байгаа ажлын хэсэгтэй хамтарч гадаадын экспертүүдийг Засгийн газрын шугамаар урьж ажиллуулах, Хөрөнгө оруулалтын гэрээнүүдэд бодитой хөндлөнгийн үнэлгээ хийх, сайжруулах ажил хийнэ гэдгээ хэлсэн. Хэзээ ч урих гаднын экспертүүд юм, дүн нь хэдийд ч гарах юм, бас л тодорхойгүй. Тэгсэн хэр нь гэрээгээр оролдох сонирхлоо илэрхийлчихлээ, У.Хүрэлсүхийн багийнхан.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна