ТБХ:Монгол Улсын 2025 оны төсвийн тодотголын төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ

Ц.Цэрэнбадам
4 цагийн өмнө

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2025.07.04/ хуралдаан 09 цаг 15 минутад эхэлсэн бөгөөд Байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнгийн танилцуулсан хэлэлцэх асуудлын дараалалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй.

Хуралдааны эхэнд Засгийн газраас 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу Байнгын хороо хуулийн төслүүдийг зүйл бүрээр хэлэлцэв. Хуулийн төслүүдийн талаар асуулт асууж, зарчмын зөрүүтэй санал гаргах гишүүн байсангүй. Иймд Байнгын хороо хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг явуулсан талаарх санал, дүгнэлтийг Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.

Дараа нь Засгийн газраас 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулсан.

Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн хувилбартай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй. Иймд энэ талаарх Байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Үргэлжлүүлэн Засгийн газраас 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн  гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Улсын Их Хурлын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан бөгөөд гишүүдээс гаргасан саналыг нэмж тусгасан төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг  Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Нийслэлийн боловсролын газрын урсгал зардлыг 2.6 тэрбумыг бууруулаад Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдын урсгал зардлыг нэмэх Г.Ганбаатар гишүүний санал дэмжигдсэн тул дахин санал  хураах боломжтой эсэхийг тодруулав.

Мөн  тэрбээр эл санал дэмжигдсэнээр нийслэлийн 100 гаруй багш тэтгэвэртээ гараад авдаг төрийн албан хаагчийн 36 сарын тэтгэмжээ авч чадахгүйд хүрнэ гэж байлаа.

Байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т “Нэгдсэн хуралдаанаар гурав дахь хэлэлцүүлэг явуулахад зөвхөн Төсвийн байнгын хорооноос гаргасан танилцуулгын талаар гишүүд тайлбар хийх, түүнтэй холбогдуулан асуулт асууж болох бөгөөд санал хураалт явуулахгүй” гэж заасныг тайлбарлаад насаараа төрдөө хөдөлмөрлөөд өндөр насны тэтгэврээ гарахдаа авдаг тэтгэмжийг нь хасаж болохгүй тул үүнийг залруулж, буцааж олгоход  онцгойлон анхаарах шаардлагатай гэлээ.

Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга М.Санжаадорж, Нийслэлийн боловсролын газрын урсгал зардлаас  2.6 тэрбум төгрөгийг хасна гэж уг саналыг томьёолсон байсан. Бид тус газрын төсвийг үзэхэд 2.6 тэрбум төгрөгийн төсөвтэй бөгөөд эхний хагас жилдээ үүнийхээ талыг зарцуулсан. Мөн хэмнэлтийн хүрээнд бичиг хэрэг, бүх зардлууд нь хасагдсан тул 1.0 тэрбум гаруй төгрөгийн цалингийн урсгал зардал үлдсэн байна. Одоо ганцхан зардал үлдэж байгаа нь багш нарын тэтгэвэрт гарахдаа авдаг 36 сарын тэтгэмж тул түүнээс нь хасахаар байгаа” хэмээн тайлбарлав.


Ингээд Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд  өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлэг явуулсан талаарх Байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.


Хуралдаан Засгийн газраас 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийн хэлэлцүүлгээр үргэлжилж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.


0
angry
1
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Энхтайваны өргөн чөлөөний хэсэгчилсэн засварын хүрээнд өнөөдрөөс зам хаана 1 цагийн өмнө
Пи Си Молл ХХК "ТОП 100 аж ахуйн нэгж"-ийн дахин шалгарлаа 1 цагийн өмнө
Толгойтын спорт цогцолборын барилгын ажил 75 хувьтай байна 1 цагийн өмнө
​“Нэткапитал Финанс Корпораци” Монгол Улсын ТОП 100 ААН‑ийн нэгээр шалгарч, салбартаа тэргүүллээ 2 цагийн өмнө
Ерөө голд нэг иргэн живж, амиа алджээ 3 цагийн өмнө
ТБХ:Монгол Улсын 2025 оны төсвийн тодотголын төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ 4 цагийн өмнө
Улаанбурхан өвчний тохиолдол 14 мянгыг давжээ 4 цагийн өмнө
Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ 4 цагийн өмнө
​Алдарт Yoshinoya сүлжээ тав дахь салбараа ITC төвд нээлээ 5 цагийн өмнө
Ц.Оюунсүрэн: Миний хань О.Гантулга, дүү Ц.Содномдоржтой улсын наадамд хоёр удаа таарч барилдсан 6 цагийн өмнө
Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно 6 цагийн өмнө
​ Шинэ хоршоо хөдөлгөөнд хамрагдсан малчид улсын төсөвт 500 гаруй сая төгрөгийн татварын орлого төвлөрүүлсэн байна 19 цагийн өмнө
Имарт (Скай Хайпермаркет ХХК) Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжээр дахин шалгарлаа 22 цагийн өмнө
Элчин сайдын яам, дипломат төлөөлөгчийн газрын байр, түүний ойр орчимд дрон нисгэхийг хориглоно 23 цагийн өмнө
Ой, хээрийн гал түймэртэй тэмцэх, шуурхай хариу арга хэмжээ авахад шаардлагатай 6,7 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана 23 цагийн өмнө
“Шунхлай" группийн 8 компани “ТОП-100” ААН-ээр шалгарч өмнөх амжилтаа бататгав Өчигдөр
Т.Аубакир: Тэтгэврийн зээлийг 100 хувь олгох шийдвэрийг өнөөдөр гаргалаа Өчигдөр
Танилц: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр Өчигдөр
Улаанбурхан өвчний 902 тохиолдол гэрээр эмчлүүлж байна Өчигдөр
Тайзанд даруулсан хүүхдүүд болон нэг иргэн хөнгөн гэмтжээ Өчигдөр