Гадаад харилцааны яамнаас өнөөдөр "Мэдээллийн цаг" хэвлэлийн бага хурал зарлаж ГССХГ-ын захирал, хэвлэлийн төлөөлөгч Х.Мандахцэцэг цаг үеийн асуудлаар болон хийж хэрэгжүүлсэн онцлох ажлын талаар мэдээлэл өглөө.
Нэгд, Монгол Туркийн Засгийн газар хоорондын хамтарсан хорооны 8 дугаар хуралдааныг гуравдугаар сарын 20-21-ний өдрүүдэд зохион байгуулсан бөгөөд хуралдаанаар хоёр талын харилцааны асуудлууд, цаашдын хамтын ажиллагааны төлөв байдал чиглэлийн талаар санал солилцжээ. Тухайлбал, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим Туркийн Гадаад эдийн засгийн харилцааны зөвлөл, Туркийн экспортлогчдын нийгэмлэг, Туркийн худалдааны танхимуудын холбоотой хөгжүүлж буй хамтын ажиллагааг идэвхжүүлж, бизнесийг дэмжих уулзалт, арга хэмжээг энэ онд зохион байгуулах,цаашид хамтран ажиллахаар болжээ.
Хоёрт, Монгол, Казахстаны ЗГХК-ын 7 дугаар хуралдаанд гуравдугаар сарын 28-29-ний өдрүүдэд ХНХ-ын сайд С.Чинзориг тэргүүтэй төлөөлөгчид оролцож худалдаа, эдийн засаг, зам тээвэр, боловсрол, хөдөө аж ахуй зэрэг салбарын хамтын ажиллагааны асуудлыг хэлэлцжээ.
Гуравт, БНСУ-ын Засгийн газар хоорондын хамтарсан хорооны 3 дугаар хуралдааныг гуравдугаар сарын 26-ны өдөр зохион байгуулсан бөгөөд хуралдаанаар хоёр улсын "Иж бүрэн түншлэлийн харилцаа"-г гүнзгийрүүлэн бэхжүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, худалдаа хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, зах зээл, тусламжийн төслүүдийн хэрэгжилтийг түргэтгэх асуудлыг хэлэлцжээ. ГССХГ-ын захирал, хэвлэлийн төлөөлөгч Х.Мандахцэцэг хэлэхдээ хоёр орны иргэдийн зөрчих нөхцөлийг хөнгөвчлөх тал дээр тодорхой үр дүнд хүрсэн. Урт хугацааны олон удаагийн визийг олгох тал дээр БНСУ-ын тал нааштай хандаж байгаа. Цаашид БНСУ-руу визгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж байна гэсэн юм.
Дөрөвт, УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Парламентын Ассамблей дахь "Торгоны замыг дэмжих бүлэг"-ийн бага хуралд гуравдугаар сарын 12-16-ны өдрүүдэд оролцжээ. Энэ үеэр "Бүс ба зам" санаачлага бидэнд алдсан боломжуудыг олгож байна хэмээгээд торгоны замыг сэргээн хөгжүүлэх талаар Монгол Улс дэмжин ажиллахаа илэрхийлж илтгэл тавьжээ.
Мөн БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчяний урилгаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх дөрөвдүгээр сарын 8-12 өдрүүдэд БНХАУ-д албан ёсны айлчлал хийх болсон байна. Энэ айлчлалын хүрээнд Ерөнхий сайд иж бүрэн стратегийн түншлэлийг хөгжүүлэх хүрээнд уулзалт хэлэлцээр хийхээр болжээ. Мөн "Дэлхийн хөгжлийн төлөөх нээлттэй, Шинэлэг Ази" сэдвийн дор зохион байгуулах Азийн Боаогийн чуулга уулзалтад оролцохоор болжээ. Энэ уулзалт нь 2001 оноос хойш зохион байгуулагдаж байгаа бөгөөд Ази болон эрчимтэй хөгжиж байгаа орнуудын индэр хэмээн нэрлэгддэг байна. Боаогийн чуулга уулзалтаар эдийн засгаа хөгжүүлэх хамтын ажиллагааны талаар хэлэлцэх гол зорилготой ажээ.
Эх сурвалж: Itoim.mn
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна