ФИЛ НАЙТЫН “ПҮҮЗЭНД ДУРЛАГЧ” НОМЫГ УНШИГЧИДДАА ӨРГӨН БАРИХАД БЭЛЭН БОЛЖЭЭ


Найк брэндийг үүсгэн байгуулагч Фил Найтын өөрийн амьдрал, Найк брэндийн талаар урьд хожид ам нээж байгаагүй түүхээ хүүрнэн өгүүлсэн "Пүүзэнд Дурлагч" ном Монгол хэлнээ орчуулагдан уншигчдын гар дээр очиход бэлэн болжээ.

Стэнфордын Бизнесийн Сургуулийг дөнгөж дүүргэж будаг нь ханхалсан эрэл хайгуулч, цэл залуухан Фил Найт ааваасаа тавин доллар зээлэн Японоос сайн чанартай, хямд үнэтэй пүүз импортлох энгийн зорилготой өөрийн гарааны компаниа байгуулж байв. 1964 онд өөрийн Plymounth Valiant машины арын тээшнээс пүүзээ борлуулж эхэлснээр эхний жилдээ 8000 долларын ашигтай ажиллаж байсан бол өнөөдөр Nike-ын жилийн орлого нь 30 тэрбум доллар давсан юм. Гарааны бизнесүүдийн эрин үед Nike бусад компаниудаас хамгийн түрүүнд алтан жишгийг тогтоож өндөрлөгт хүрч чадсан төдийгүй свүүш лого нь дэлхийн аль ч өнцөг буланд танигдсан, спорт болон хувцас загварын түүхэнд тод томруун өөрчлөлтийг авчирсан билэг тэмдэг болсон билээ.

Гэвч свүүш хэмээх логоны цаана Фил Найт дандаа нууцлаг нэгэн хэвээрээ үлдсээр ирсэн байдаг. Харин одоо тэрээр анх удаа энэхүү илэн далангүй, даруухан, зоримог, хөгжилтэй хэрнээ ухаалаг намтараа эхнээс нь хүүрнэн өгүүлсэн байна.

Энэ бүх түүх түүнийг хорин дөрөвхөн насанд нь дэлхийг тойрохоор үүргэвчээ үүрэн Ази, Европ болон Африкын улс орнуудаар аялж амьдралд тулгарах Агуу Асуултуудын эрэлт мордох амьдралын салаа замын уулзвараас эхэлсэн байдаг бөгөөд томоохон компаниудад ажилд орохын оронд хэвшмэл бус хандлагыг сонгож өөрийн эрс өөр, эрч хүчтэй бизнесийг эхлүүлэхээр шийдсэн байдаг.

Найт түүний эхэн үеийн амжилтын хажуугаар сүйрүүлэм сааталууд, өршөөлгүй өрсөлдөгчид, тоо томшгүй эргэлзэгчид, үзэн ядагчид болон дайсагнасан банкирууд зэрэг маш олон эрсдэл, итгэл мохоом уналтууд түүнийг мөрөөдлөөс нь зааглах ангал мэт оршсоор байв. Гэвч энэ бүхний эцэст тэрээр өөрийн анхны хамтрагч, гүйлтийн дасгалжуулагч омголон бөгөөд онцгой нэгэн Билл Боуверман болон анхны ажилчид, эрээвэр хураавар нөхдүүд хожим нийлж зангидсан гар шиг ах дүүсийн холбоо торниулж чадсан харилцааг эргэн дурссан болно. Тэд хамтдаа нэг зорилгоор амьсгалахын ер бусын хүчийг ашиглан өнөөгийн спортын амьдралын итгэл найдвар, түүхийг өөрчилсөн амин сүнс нь болж чадсан байна.

Дэлхийн хамгийн нөлөө бүхий гүйцэтгэх удирдлагуудын нэг ФИЛ НАЙТ нь Найк корпорацийн үүсгэн байгуулагч бөгөөд 1964-2004 хүртэл Гүйцэтгэх Захирал болон 2016 хүртэл Төлөөлөн Удирдах Зөвлөлийн Даргын үүрэгт ажлыг хашсан юм. Тэрээр одоо эхнэр Пеннигийн хамт Орегон мужид амар жимэр амьдарч байна.

Ингээд номын орчуулагчын үгийг бүрэн эхээр нь уншигчиддаа хүргэхэд

"Фил Найтын үүсгэн байгуулсан Найк брэндийг дэлхийн дөрвөн зүг найман зовхист мэдэхгүй хүн байхгүй билээ. Найтын энэхүү намтарыг Монгол хэлнээ хөрвүүлэх тохиол тэртээх 1995 онд олдсон гэлтэй.

Анх 1995 онд сагсан бөмбөгт хорхойсч сэтгүүлийн доторх зурагт хуудсыг ханан дээрээ наах үед гайхалтай, сонирхол татам, амьтай мэт хармагц гараад гүймээр эсвэл өмсөөд тогломоор ч юм шиг, хэзээ ч үл зогсом мөнхийн хөдөлгөөнд орших нууцлаг хүч гэмээр нэгэн зүйл байсан нь тоглогчын өмссөн пүүзний хоёр хажуу талд байх зөв тэмдэглэгээ шиг свүүш буюу Найкын лого байсан юм. Тэр даруйдаа сонирхолыг минь соронзон мэт татснаар биеийн тамирын саарал өмдөн дээрээ балын харандаагаар свүүш зурчихаад ээжээрээ хар утсаар битүүлэн оёулж өмснөөр анх Найктай танилцсан инээдтэй гэмээр түүхтэй юм. Одоо бодоход энэ бүхэн урьд нь надад тохиолдож байсан мэт мэдрэмж төрж байсан нь өнөөдөр уншигч та бүхэнд хүргэх завшаан байжээ гэж бодогдоно.

Спорт миний амьдралд асар их эрч хүч, зорилго тэмүүлэл, төвлөрөлийг өгч, жижиг том гэлтгүй саад бэрхшээл, өвчин зовлон, элдэв сорилтыг даван туулахад эрч хүч, сэтгэлийн тэнхээ өгсөөр ирсэн юм. Хожим энтрепренер болохоор шийдсэнээс хойших хүндхэн өдрүүдэд свүүш бүтсэн жинхэнэ түүх өнөөдөр ч шидэт гэмээр үүргээ гүйцэтгэж урам зоригийг бадрааж, итгэл үнэмшлийг төрүүлж байгаад мөн хамгийн чухал нь намтарыг бусаддаа унших боломжийг бий болгож байгаадаа сэтгэл тун өег байна.

Найтын Найк брэндийг бий болгохоор сэтгэл шулуудан туулж өнгөрүүлсэн тунчиг адармаатай, сонирхолтой амьдралаас сургамж авах гайхалтай намтар тул Монголд шинээр бизнес эрхлэхэд тулгарах саад бэрхшээл, чөдөр тушаа бүрийн хажуугаар сөрөн гарч буй болон түүний өмнө хүчин мөхөсдсөн мянга мянган энтерпренерүүдэд итгэл найдвар төрүүлж урам зориг өгөхөөр энэхүү номын хуудас бүрт сэтгэлээ шингээн орчууллаа.

Хүн бүр хөнгөн атлетикын тамирчин гэх Найкын торниулсан соёл бол өнөөгийн хүн төрөлхтөнд шүдний өвчин болж буй хөдөлгөөний дутагдал, түүнээс үүдэлтэй олон өвчин тухайлбал хорт хавдар, чихрийн шижин, зүрхний шигдээс, тамирдалт, хэт таргалалт зэрэгт хамгийн зөв хариулт юм. Бид хөлдөө зөвхөн Найкын пүүз, хувцас хэрэглэл өмссөн бус тэдний бойжуулж сая сая хүмүүсийг байлдан дагуулсан мөнхийн хөдөлгөөнд өдөр бүр шинэ сорилттой учирч даван туулж дараа дараагийн тулгарах шинэ сорилтуудад бэлэн байх эрч хүчийг олж авахад оршиж буй мэт.

Нөгөөтэйгүүр Найтын бизнесийн замналаа эхлүүлсэн Америк орон бол энтрепренерүүдийн өлгий гэгддэг ч сүүлийн үед энэ байр сууриа алдахуйд бидний хөрш Хятад улс инноваци болон энтрепренерүүдээ бодлоготой дэмжсний үр дүнд таатай экосистем бүрэлдэн шинэ Цахиурын Хөндийг цогцлохоор шаргуу ажилласаар. Энэ хооронд Америкчууд энтрепренерүүдийг зөвхөн Цахиурын Хөндийгөөс бус Америк орон даяар сэрээж идэвхжүүлэхээр энтрепренерүүдийн Гурав дах Давалгааг эхлүүлэхээр идэвхийлэн хөдөлж эхлэв. Харин Монголчууд бид эртнээс ахуй амьдрал, байгаль дэлхийтэйгээ харилцах, эдлэл хэрэглэл, хоол хүнс цөм бүтээлч, энтрепренер ард түмэн байсныг түүх гэрчилдэг. Зөвхөн уул уурхайд тулгуурласан хөгжлийн бодлого бус харин давхар өнөөгийн нэн тулгамдсан эрүүл мэнд, эрчим хүч, боловсрол, хүнс шим тэжээл, тээвэр, хөдөө аж ахуй зэрэг салбаруудад инноваци, энтрепренерүүдээ дэмжих талаар тууштай бодлого барихгүй бол олон жил эрэлд нь морьдсон нийтээрээ дэвжин дээшлэх (prosperity) хөгжилд хүрэх боломжгүй юм. Дэлхийн зах зээлд шандасаа сорих нь өнөө цагийн энтрепренерүүдийн том зорилт байх учиртай юм. Тиймээс Найтын намтарыг уншаад залуучуудын бүтээлч эрэлхийлэл, шинийг санаачлах сэтгэлгээг сэргээж, бидний өмнө тулгарсан бэрхшээл сорилтод шийдэл олж бизнес эрхлэх итгэл найдварыг төрүүлсэн бол зохиогч болон миний зорилго биелэх буй заа.

Энэхүү Нью Йорк Таймсын хамгийн их борлуулалттай Бестселлер мөн www.goodreads.com-н дэлхий даяарх номын хорхойтнууд, уншигчдын сайшаал хүртсэн хамгийн өндөр үнэлгээтэй 2016 оны шилдэг ном, 2017 оны турш хамгийн олон удаа уншигдаж байгаа Найтын намтар нь хүүхэд залуучууд, бизнест хөл тавьж буй энтрепренерүүд болон амжилтанд хүрсэн хүмүүсийн намтар түүхэнд дуртай хүн бүрийн ширээний ном болно гэдэгт итгэлтэй байна.

Хүн бүр энтрепренер. Гагцхүү уншиж, сэтгэж, гүйж байвал энтрепренерүүдэд маш том боломж бий." гэжээ.

Энэхүү номыг Аз Хур Номын Их Дэлгүүрээс болон 7000-7969 утсаар холбогдон захиалан уншиж болох юм байна


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Зам тээврийн яамны ТНБД асан Б.Насантогтоход шүүхээс 5 жилийн хорих ял ногдууллаа 6 цагийн өмнө
Бэлэн мөнгө авсан жолоочид цалингийн шийтгэл оногдуулжээ 7 цагийн өмнө
Э.Бат-Амгалан: Би нийслэлийн МАН-ын даргад нэрээ дэвшүүлэхгүй 7 цагийн өмнө
Өнгөрсөн долоо хоногт 104 ослын дуудлага бүртгэгджээ 8 цагийн өмнө
30 гаруй жилийн түүхтэй “Бодь Даатгал” брэндээ шинэчилж, “Богд Даатгал” боллоо 9 цагийн өмнө
Б.Бат-Өлзий: Та бүхнийхээ итгэлийг алдахгүй, дараагийн цолонд хүрэхийн төлөө хичээж зүтгэх болно 10 цагийн өмнө
Б.Баярхүү: Хүүг минь дэмждэг монголынхоо ард түмэнд баярлалаа 10 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна 11 цагийн өмнө
Ихэнх нутгаар хүйтэрнэ Өчигдөр
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ 2026/10/31
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ 2026/10/31
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг 2026/10/31
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна 2026/10/31
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна 2026/10/31
Улаанбаатар хотод ялимгүй цас орно 2026/10/31
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 2026/10/30
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 2026/10/30
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 2026/10/30
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 2026/10/30
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 2026/10/30