МАНУЭЛЬ МИКАЛЛЕР “МОНГОЛ УЛСЫН ЗҮҮН БҮС НУТАГ БОЛ БИДНИЙ ХУВЬД АНХААРАЛ ХАНДУУЛАХ ЁСТОЙ ГАЗАР” ГЭВ


Монгол улсад суугаа АНУ-ын элчин сайдын хэргийг түр хамаарагч ноён Мануэль Микаллер элчин сайдын яамны албаны хүмүүсийн хамт Дорнод аймагт ажиллаж байна. Өнөөдөр өглөө тус аймгийн удирдлагатай албан уулзалт хийж, цаашид хэрхэн хамтарч ажиллах талаар санал солилцлоо.

Түүний хувьд элчин сайдын хэргийг хамаараад жил гаруй хугацаа өнгөрч байгаа. Орон нутагт хийж байгаа энэхүү айлчлалдаа ихээхэн ач холбогдол өгч байгаа гэлээ. Элчин сайд уулзалтын эхэнд, Монгол Улс-Америкийн Нэгдсэн Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой өнгөрсөн онд тохиосон. Энэхүү хөгжлийн харилцааг цаашид шинэ шатанд гаргаж ахиулах ёстой" хэмээн онцлоод Монгол Улсын Зүүн бүс нутаг бол бидний хувьд анхаарал хандуулах учиртай газар гэдгийг илэрхийлэх зорилготой ирсэн гэв.

Мөн Монгол Улс энхийг сахиулах ажиллагаанд үргэлжлүүлэн оролцож байгаад Америкийн ард түмэн сэтгэл хангалуун байдаг, үүнийг илэрхийлэх үүднээс айлчлалын бүрэлдэхүүнд яваа АНУ-аас Монгол Улсад суугаа Батлан хамгаалахын атташе дэд хурандаа Долшнерийг танилцуулсан. Элчин сайдыг дагалдаж түүний ажлын албанаас "Иргэн-Цэргийн дэмжлэг" багийнхан Дорнод аймагт ажиллаж байна. Дашрамд дуулгахад, дээрх багийнхан Монгол орон даяар хүмүүнлэгийн үйлсийг явуулж байгаа юм байна. Тухайлбал, тэдний санаачилга дэмжлэгээр Улаанбаатар хот, Замын-Үүдэд хүүхдийн цэцэрлэг баригдсан бол малчидтай хамтран мал эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулахад анхаарч байна. Уулзалтын үеэр сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр өргөн хүрээтэй сургалтыг Монгол орон даяар зохион байгуулах гэж байгаагаа дуулгав.

Дорнод аймгаас АНУ-ын төрөл бүрийн солилцооны хөтөлбөрт зургаан хүн хамрагдаж байгааг ноён элчин сайд олзуурхаж, цаашид энэ талаар илүүтэй дэмжинэ гэлээ. Одоогийн байдлаар АНУ-ын ОУХА /USEP/-ийн тусламжтайгаар 11,0 сая долларын өртөг бүхий хөтөлбөр Монгол Улсад хэрэгжиж, Монголын махны экспортыг нэмэгдүүлэхэд анхаарч байна. Энэ нь Дорнод аймгийн хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх зорилттой уялдаж байгаа юм.

Тодруулбал, Дорнод аймгийн хөгжлийн тэргүүлэх гурван салбар нь хөдөө аж ахуй, аялал жуулчлал, эрдэс баялагийн салбар гэж тодорхойлсон. Тус аймгийн хэмжээнд малчин өрхийн тоо нэмэгдэж, мал сүргийн тоо сүүлийн гурван жилд тасралтгүй өсч, 2017 оны жилийн эцсийн тооллогоор таван төрөл дээрээ өсч, анх удаагаа хоёр сая толгойд хүрсэн. Уламжлалт нүүдлийн мал аж ахуйдаа түшиглэхийн зэрэгцээ өндөр ашиг шимт мал бүхий фермерийн аж ахуйг хөгжүүлэхэд анхаарч, цаашлаад мах экспортлох зорилттой байгаа, мөн төрөл бүрийн загвар аж ахуйг хөгжүүлэх талаар онцгой анхаарч ажиллах шаардлагатай байгаа талаар аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн дуулгалаа. Уулзалтын төгсгөлд АНУ-ын элчин сайдын хэргийг түр хамаарагч ноён Мануэль Микаллер эдийн засаг болон жижиг дунд бизнесийг хөгжүүлэх талаар саналаа хэлэхдээ, "Жижиг бизнес бол АНУ-ын эдийн засгийн нэлээд хэсгийг бүрдүүлж хөдөлгөж байдаг онцлогтой. Тэр хэрээр олон хүнийг ажлын байраар хангадаг. Дорнод аймагт ажиллаж байх хугацаандаа жижиг худалдаа эрхлэгчдийн ажлын байртай танилцаж, тэдэнтэй нүүр тулж уулзаж ярилцах сонирхолтой" гэдгээ илэрхийлсэн. Энэ уулзалт нь төсөл хөтөлбөрүүдийг цаашид хэрхэн үр дүнтэй хэрэгжүүлэх вэ гэдэгт хариулт өгсөн алхам болно гэв. Тэрээр Дорнод аймагт Америкийн соёл, мэдээллийн танхим, төв байгуулах талаар дэмжихийг аймгаас хүслээ. Мөн Бага сургууль, хүүхдийн цэцэрлэгийн барилга шинээр барих асуудлыг судалж үзэн, цаашид яриа хэлэлцээрээ үргэлжлүүлье гэлээ. АНУ-аас тус аймагт хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүдийн тухайд авч үзвэл, 2008 онд АНУ-ын Мянганы сорилтын корпораци болон Монгол Улсын Засгийн газар хооронд Мянганы сорилтын гэрээг байгуулж, Монголын эдийн засгийн өсөлтийг хангах замаар ядуурлыг бууруулах санхүүжилтийг АНУ-ын ард түмний татварын хөрөнгөөс гаргаж, зургаан төсөлд зарцуулж эхэлсэн. Мянганы сорилтын сангаас хот орчмын бэлчээрийн төслийг Монгол оронд хэрэгжүүлснээр Дорнод аймаг энэхүү төсөлд хамрагдаж, үүнийг дагаад малчин өрхүүдэд давуу тал олон гарчээ. Тухайлбал, бүлгэмүүдийн худаг усны асуудлыг шийдвэрлэх, малын хашаа хороо байгуулах зэргээр дэмжлэг үзүүлсэн байна. 2013 онд АНУ-ын Мянганы сорилтын корпорацийн санхүүжилтээр Мэргэжлийн Боловсрол Сургалтын төслөөс Дорнод аймаг дахь Политехник Коллежид дадлагын газар, мультимедиа сургалтын өрөөнүүд, токарь, гагнуур болон сантехникийн дадлагын газрыг байгуулж, орчин үеийн сургалтын тоног төхөөрөмжүүдээрдэмжлэг үзүүлсэн байдаг. Түүнчлэн АНУ-ын Энхтайваны корпусын шугамаар Дорнод аймгийн ерөнхий боловсролын сургуулиудад багш нар ирж ажиллан, Монгол хүүхдүүдийн англи хэлний боловсролыг дээшлүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулж байгаа юм.

АНУ-ын элчин сайдын яамнаас хэрэгжүүлдэг "Сургагч багш" бэлтгэх хөтөлбөрт тус аймгийн ЕБС-ийн багш, мэргэжилтнүүд хамрагдаж байгаа бол Англи хэлний "Аксесс", "Flex" зэрэг тэтгэлэгт хөтөлбөрүүдэд дунд сургуулийн сурагчид идэвх сонирхолтойгоор оролцож байна.

Харин Хүнс, хөдөө аж ахуйн салбарт АНУ-ын олон улсын хөгжлийн агентлаг /USAID/, "Хөгжлийн шийдэл" ТББ-ын санхүүжилтээр Жижиг, дунд бизнесийг дэмжих зорилготой "Reach" төсөл, АНУ болон Дэлхийн банкны санхүүжилтээр "Байгаль орчин, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг"-ээс /WCS/ хэрэгжүүлж байгаа "Зэрлэг амьтад, тэдгээрийн амьдрах орчныг цогцоор нь хамгаалах" зэрэгтөслүүд хэрэгжиж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Зам тээврийн яамны ТНБД асан Б.Насантогтоход шүүхээс 5 жилийн хорих ял ногдууллаа 12 цагийн өмнө
Бэлэн мөнгө авсан жолоочид цалингийн шийтгэл оногдуулжээ 13 цагийн өмнө
Э.Бат-Амгалан: Би нийслэлийн МАН-ын даргад нэрээ дэвшүүлэхгүй 14 цагийн өмнө
Өнгөрсөн долоо хоногт 104 ослын дуудлага бүртгэгджээ 15 цагийн өмнө
30 гаруй жилийн түүхтэй “Бодь Даатгал” брэндээ шинэчилж, “Богд Даатгал” боллоо 16 цагийн өмнө
Б.Бат-Өлзий: Та бүхнийхээ итгэлийг алдахгүй, дараагийн цолонд хүрэхийн төлөө хичээж зүтгэх болно 16 цагийн өмнө
Б.Баярхүү: Хүүг минь дэмждэг монголынхоо ард түмэнд баярлалаа 16 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна 18 цагийн өмнө
Ихэнх нутгаар хүйтэрнэ Өчигдөр
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ 2026/10/31
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ 2026/10/31
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг 2026/10/31
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна 2026/10/31
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна 2026/10/31
Улаанбаатар хотод ялимгүй цас орно 2026/10/31
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 2026/10/30
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 2026/10/30
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 2026/10/30
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 2026/10/30
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 2026/10/30