​ПАРЛАМЕНТ ХУРДТАЙ БАЙНА, ХАРИН ЗАСГИЙН ГАЗАРТ ТАШУУР ХЭРЭГТЭЙ БОЛОХ НЬ ЭЭ


Улсын Их Хурлын 2016 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан шинэ Улсын Их Хурал ажлаа эхлээд нэг жил өнгөрч байна. Урт хугацаа мэт харагдах ч Улсын Их Хурлын хувьд намар, хаврын хоёр удаагийн ээлжит чуулганаа өндөрлүүлж, гурав дахь чуулганаа эхлээд удаагүй байна.

Өнгөрсөн хугацаанд Улсын Их Хурал хууль тогтоох үүргээ хангалттай гүйцэтгэснийг тоон үзүүлэлтээс харж болно. Тухайлбал, шинээр бүрдсэн М.Энхболд даргатай Улсын Их Хурал анхны намрын ээлжит чуулганаараа (2016.10.03-2017.02.10) нийтдээ 274 хууль тогтоомж буюу үүнээс бие даасан 22 хууль баталж, 175 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан, хууль хүчингүй болсонд тооцох тухай хууль 15, олон улсын гэрээ, конвенц соёрхон батлах тухай хууль 3, Улсын Их Хурлын 59 тогтоол баталжээ. Тэгвэл 2016 оны сонгуулиар бүрдсэн З.Энхболд даргатай Улсын Их Хурал намрын чуулганаараа бие даасан 16, нэмэлт, өөрчлөлт оруулсан 67, хүчингүй болсонд тооцох тухай 16, олон улсын гэрээ, конвенц соёрхон батлах тухай 3 хууль, Улсын Их Хурлын 61 тогтоол буюу нийтдээ 163 хууль тогтоомж баталж байжээ.

Энэ удаагийн Улсын Их Хурал хаврын ээлжит чуулганаараа (2017.04.05-2017.07.06) бие даасан 19, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 116, хууль хүчингүй болсонд тооцох тухай 10, олон улсын гэрээ, конвенц соёрхон батлах тухай 8 хууль, Улсын Их Хурлын 30 тогтоол, нийтдээ 183 хууль тогтоомж баталсан байна.

Гэтэл өмнөх Улсын Их Хурал хаврын (2013 оны) чуулганаараа нийт 93 хууль тогтоомж, үүнээс бие даасан 13, нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 45, хүчингүй болсонд тооцох тухай 5, олон улсын гэрээ, конвенц соёрхон батлах тухай 4 хууль, Улсын Их Хурлын 26 тогтоол баталж байжээ. Дээрх хоёр удаагийн ээлжит чуулганаар баталсан хууль тогтоомжийн тоон үзүүлэлтийг харьцуулахад энэ удаагийн Улсын Их Хурлын баталсан хууль тогтоомжийн тоо өмнөх парламентынхаас 90-111-ээр илүү буюу 68-97 хувь давуу байна.

Мөн өнгөрсөн хугацаанд Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг гурван удаа зарлан хуралдуулж, тодорхой асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэсэн. Түүнчлэн өнгөрсөн хоёр удаагийн ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаан 59 удаа буюу ажлын 140 өдөр хуралдсан бол Байнгын болон дэд хороод 239 удаа хуралджээ.

Парламентаас хурд нэхвэл хууль тогтоомж дутуу дулимаг, түүхий болоход хүргэх талтай. Харин энэ удаагийн Улсын Их Хурлын чуулганы хуралдааны явц байдлыг харахад асуулт асууж, үг хэлэх гэсэн гишүүдийн бүгдийнх нь үгийг сонсож, цагаар хавчихгүй, тоо хязгаар тавихгүй байгаа нь олон нийт зөв мэдээлэл олж авах, асуудлыг эргэцүүлж дүгнэж цэгнэх, парламентын гишүүдээ таньж мэдэхэд ач тустай юм. Энэ байдалд хуралдааныг даргалж байгаа Улсын Их Хурлын дарга М.Энхболдын аядуу зөөлөн, хүлээцтэй, аливаад эв эеийг хичээдэг зан чанар, төрийн хүний тулх нөлөөлж байгаа нь тод харагддаг.

Энэ удаагийн Улсын Их Хурлын бас нэг онцлог нь шинээр сонгогдсон Улсын Их Хурлын 76 гишүүн бүрэн бүрэлдэхүүнээрээ Анхдугаар чуулганааргишүүний тангаргаа өргөсөн. Мөн шинэ Засгийн газрыг хамгийн богино хугацаанд бүрдүүлж ажилд нь оруулсан парламент болж байгаа юм.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын Засгийн газар эдийн засаг нь доройтсон, өрийн дарамтад орсон, гадаадын хөрөнгө оруулагчид дайжсан, нийгэмд тулгамдсан асуудлууд ихээхэн хуримтлагдаж, дефолт зарлахад ойрхон байсан Монголын эдийн засгийг сэргээх хүндхэн үүрэг хүлээсэн. Богино хугацаанд ажилласан ч гэсэн тэдний хичээл зүтгэлийн үр дүнд Монгол Улсын эдийн засагтсэргэлтийн шинж тэмдэг ажиглагдаж, гадаад зах зээлийн эрэлт нэмэгдэж, уул уурхайн бүтээгдэхүүний үнэ, экспортын тоо хэмжээ болон үнийн дүн өсчээ. Тухайлбал, 2017 оны эхний есөн сарын байдлаар экспортын гол нэр төрлийн бүтээгдэхүүн болох нүүрсний экспортын орлого 3.4 дахин, төмрийнх40 хувиар нэмэгдсэн байна. 2016 оны эхний зургаан сард нүүрсний борлуулалт ердөө 293 сая ам.доллар байсан бол 2017 оны есөн сарын дүнгээр нэг тэрбум 730 сая ам.долларт хүрсэн нь даруй 6 дахиннэмэгдсэн үзүүлэлт юм.

Уул уурхайн экспортын голлох зургаан бүтээгдэхүүний борлуулалтын хэмжээ 2016 оны эхний улиралд нийт дүнгээрээ 1.8 тэрбум ам.доллар байсан бол 2017 оны есөн сарын байдлаар 4.0 тэрбум ам.долларт хүрчээ. Эдийн засгийн өсөлт 5.3 хувьд хүрсэн, татварын орлого тогтмол давж биелсэн, гадаадын хөрөнгө оруулагчдын итгэл сэргэсэн, хөрөнгө оруулалт нэмэгдсэн, тулгамдаж байсан гадаад өрийн дарамтыг арилгасан гээд нааштай үр дүн гарч, эдийн засгийг сэргээх үндэс суурийг бүрдүүлж чаджээ. Мөн Олон улсын валютын сан Монголын Засгийн газартай хамтран ажиллах хатуу боловч тустай хөтөлбөр хэрэгжүүлснээр ам.долларын ханш тогтворжсоны зэрэгцээ Монгол Улсад 5.5 тэрбум долларын хөнгөлөлттэй зээлийн эдийн засгийн хөшүүрэг оруулах үүд хаалгыг нээгээд байгаа билээ.

Энэ бүхэн нь шинээр бүрдсэн Улсын Их Хурлаас авч хэрэгжүүлсэн бодлого, шийдвэр, Засгийн газрын үйл ажиллагааны үр дүн юм.

Хэдийгээр эдийн засагт ийм нааштай үр дүн гарч байгаа ч парламент, Засгийн газрын үйл ажиллагаа шулуун дардан замаар саадгүй урагшилж бас л чадахгүйбайна. Парламентын олонхийг бүрдүүлж, дангаараа засаг барьж буй МАН-ын парламент дахь бүлэг хуваагдаж, сөрөг хүчинтэйгээ хүч хавсран Засгийн газраа огцруулсан нь олон нийтэд төдийлэн таалагдсангүй. Харин ч эрх баригч намын нэр хүндэд халтай явдал болчих шиг боллоо.

Шинэ Засгийн газраа хуулийн хугацаанд бүрдүүлсэн ч дотоодын үл ойлголцол, сайдад тавьсан Ерөнхийлөгчийн хориг гээд бас бус шалтаг, шалтгаанаас улбаалан гацаа үүсч, багагүй цаг хугацаа алдлаа. Цаашид дотоод зөрчил, үл ойлголцлоо нэг тийш болгож, эв эеэ хичээхгүй бол болохгүй, парламентад 65-уулаа байж Ерөнхийлөгчийн Тамгын газрын ганц дарга, арай гэж бүлэг байгуулах хэмжээний суудал авсан сөрөг хүчиндээ дээрэлхүүлээд баймааргүйг эрхбиш эргэцүүлэх цаг болсон биз ээ.

Улсын Их Хурал Засгийн газраа сайн дэмжиж байгаа. Засгийн газраас өргөн барьсан хууль, цаг үеийн шийдвэрийг аль болох саадгүй баталж өгөхийг хичээж буй нь анзаарагддаг. 2017 оны төсвийн тодотголыгсаяхан баталж өгсөн бол ирэх оны төсвийг энэ долоо хоногт батлах гэж байна.

Одоо шинээр томилогдсон Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн танхимын гишүүд ажлаа шуурхайлж, хурдтай, санаачилгатай, олон нийтэд хүрсэн өгөөж бүтээмжтэй ажиллах л үлдлээ. Тэгж байж Улсын Их Хурал, Засгийн газрын алхаа гишгээ жигдэрнэ. Улмаарзорилго тэмүүллээр нэгдсэн үйл ажиллагааных нь үр өгөөж олон түмэнд харагдана, амьдралд нь тус нэмэр болно.

Яг одоогийн байдлаар бол парламентынхаа хурдыг Засгийн газар нь гүйцэхгүй байна. Тиймээс тэд өөрсдийгөө гуядах хэрэгтэй болж.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Улаанбурхан өвчний 33 тохиолдол шинээр бүртгэгдлээ 25 минутын өмнө
Ш.Ёл: ноолуурыг стандартын дагуу бэлтгэж чанарыг сайжруулснаар зах зээл дэх үнийг өсгөж, малчдын орлого нэмэгдэх боломжтой 1 цагийн өмнө
Чөлөөт бүсийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар сэтгүүлчидтэй мэдээлэл солилцлоо 3 цагийн өмнө
Сурронтой холбоотой зам тээврийн осол 161 бүртгэгджээ 4 цагийн өмнө
ТААМАГ: Н.Учралын Засгийн газар урт наслахын тулд ХҮН, Үндэсний эвслийг багтаана 5 цагийн өмнө
Явган хүний зам дээр байршуулсан гэрэлтүүлгийн 1000 шонг шилжүүлж, нөхөн сэргээлтийн ажлыг эхлүүлжээ 5 цагийн өмнө
П.Сайнзориг: Энэ жил Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ой учраас 1024 бөх барилдах хэрэгтэй 6 цагийн өмнө
Баянзүрх захад үхрийн мах 31,000 төгрөгт хүрчээ 6 цагийн өмнө
Нийслэлийн дөрвөн дүүрэгт цахилгаан хязгаарлана 6 цагийн өмнө
Алдагдсан өмч “Өргөө” зочид буудлыг нийслэл буцаан авчээ 6 цагийн өмнө
Энэ онд 66 га талбайд зүлэгжүүлж, 18 га талбайг тохижуулна 6 цагийн өмнө
Ой, хээрийн 14 удаагийн гал түймрийн дуудлага бүртгэгджээ 8 цагийн өмнө
Улаанбаатарт +4 хэм дулаан байна 8 цагийн өмнө
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа 16 цагийн өмнө
ХААИС-д 135 морины хүчин чадалтай “Кубота” тракторыг Япон улсын “Нийгата Кубота” ХХК-иас хандивлалаа 23 цагийн өмнө
Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ Өчигдөр
Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг бүх талаар дэмжинэ Өчигдөр
“Хөгжлийн банкны” хэргийг мөрдөн шалгах явцад 861.3 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн Өчигдөр
Нийслэл ДЦС-5 төслийг 200 тэрбум төгрөгийн бондын эх үүсвэрээр санхүүжүүлж, 30 сарын хугацаанд барина Өчигдөр
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа Өчигдөр