Өнгөрсөн амралтын өдөр Завхан аймгийн нутаг Отгонтэнгэр хайрханд авиралт хийж байсан 27 уулчны 17 нь сураггүй болсон. Улмаар Онцгой байдлын алба хаагчид эрэн хайх ажиллагаа хоёр өдөр явуулснаар уулчдын 14 нь амиа алдсан байдалтай олдоод байна. Үлдсэн гурван уулчныг эрэн хайх ажиллагаа өнөөдөр гурав дахь өдрөө үргэлжилнэ.
Албаны эх сурвалжууд "Тэд амьд байх магадлал бага" хэмээн мэдээлж буй юм. Эл ослын талаар олон нийтийн дунд "Уулчид цасан нурангид дарагдсан" гэх мэт янз бүрийн мэдээлэл байгаа билээ. Энэ асуудлаар Уулын спортын Олон улсын хэмжээний мастер Б.Ууганбаяр манай сайтад хандаж, дараахь мэдээллийг өглөө.
-ЦАСАН НУРАНГИ БУУСАН БОЛ АРВАН ХҮН Ч АМЬД ГАРАХГҮЙ БАЙСАН БАЙХ-
-Та Отгонтэнгэр ууланд гарсан ослын талаар ямар мэдээлэл өгөхөөр манай сайтад хандаж байна вэ?
-Намайг Б.Ууганбаяр гэдэг. Уулын спортын Олон улсын хэмжээний мастер. Сая 17 хүн амиа алдсан ослын талаар буруу зөрүү мэдээлэл их байгаа учраас бодит мэдээлэл өгье гэж бодсон юм. Уулчдыг ахалж явсан Монголын үндэсний скайраннингийн холбооны тэргүүн, Уулын спортын мастер Н.Сүрэнжавыг би танина. Нийтэч, даруухан, хүн бүртэй эвтэй найртай харьцдаг сайн залуу байсан. Өмнө нь Сутай хайрханд 2-3, Отгонтэнгэр хайрханд мөн л 2-3 удаа гарсан, Алтай Таван Богд гээд Монголын өндөр хайрхануудад бүгдэд нь гарсан залуу. Хувь хүмүүс болон албан газруудтай гэрээ хийгээд ууланд авирч байгаа багуудыг ахалдаг байсан. Сүүлийн таван жилд 30-аад аялал хийсэн байх.
-Буруу зөрүү мэдээлэл байгаа гэлээ. Та тэдгээр мэдээллийг залруулж хэлж өгөх юү?
-Хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон сошиал орчинд уулчид цасан нурангид даруулж амиа алдсан гэсэн утгатай зүйл бичээд байна. Онцгой байдлын албанаас өгч байгаа мэдээлэл нь тодорхой бус байгаа болохоор тэр байх. Тэнд цасан нуранги болоогүй. Киноноос үзэхэд уулын оройгоос асар их хэмжээний цас доошоо орж ирдэг шүү дээ. Үүнийг цасан нуранги гэдэг. Харин энэ тохиолдолд өдөртөө нэмэх 9, шөнөдөө хасах 13 градус хүрч, 20 гаруй градусын зөрүүтэй цаг агаартай үед өдөртөө цас нь хайлаад шөнөдөө хөлдөөд мөстдөг. Энэ үед үндсэндээ уулчид мөстсөн цасан дээгүүр явж байсан байгаа юм. Бидний ойлгож байгаа шиг өвдөг татсан хунгарласан цас байгаагүй.
-Цасан нурангид даруулаагүй бол уулчид юуны улмаас осолдсон юм бол?
-Тухайн үед мөстсөн цас асар халтиргаатай байсан байх. Эхний хоёр олс бүхий 17 хүний алхалтыг дийлэхгүйгээр хөл дор нь байсан мөс доошоо цөмрөөд, хавцал руу унасан гэж үзэж байгаа. Дээрээс асар хүчтэй цасан нуранги орж ирсэн бол амьд үлдсэн арван хүн ч гэсэн амь үрэгдэх байсан. Цасан нуранги арван хүнийг тойрч ирээд 17 хүнийг дарна гэж байхгүй шүү дээ. Буувал бүгдийг нь л хамаад явна. Тэгэхээр дээрээс цас унаагүй, хөл дор байсан мөстсөн цас доошоогоо цөмөрсөн байгаа юм. Ерөөсөө л 17 хүний хадаастай гуталны гишгэлтийг дийлэлгүй цөмөрсөн.
-СУТАЙ ХАЙРХАН, АЛТАЙ ТАВАН БОГД, ОТГОНТЭНГЭР ХАЙРХАН РУУ АВИРАХ ТОГЛООМ БИШ-
-Цас сайн нягтаршаагүй, цаг агаарын хувьд тохиромжгүй үед авиралт хийсэн гэж та хэлэх гэж байна уу. МУГТ, Уулын спортын Олон улсын хэмжээний мастер Б.Гангаамаа ч ингэж хэлсэн?
-МУГТ, уулын спортын Олон улсын хэмжээний мастер Б.Гангаамаа яг үнэнийг хэлсэн. Өдөртөө нэмэх хэмтэй байхад цас аажим аажмаар хайлаад шөнөдөө хөлддөг. Цас нягтаршаагүй, сайн хүйтрээгүй аравдугаар сард ууланд авирсан нь маш эрсдэлтэй алхам болсон. Энд явсан хүмүүсээс цөөхөн нь өндөр ууланд авирч байсан мэргэжлийн уулчид байсан юм билээ. Харин ихэнх нь Чингэлтэй хайрхан, Баруунширээт гэх мэт нийслэлийн бүс нутагт ууланд гардаг сонирхогчид байсан байгаа юм. Сонирхогч хүмүүс ийм өндөр, бас догшин хайрхан руу алхаад хэрэггүй. Энэ бол тоглоом биш. Сутай хайрхан, Алтай Таван Богд, Отгонтэнгэр хайрхан руу авирах тоглоом биш.
-Уг нь туршлагатай уулчид хамт явсан байна шүү дээ?
-Өдөр богиносоод, шөнө урт болчихсон ийм үед өглөө 07 цагт авиралт эхэлнэ гэдэг бол маш оройтсон цаг. Өглөө долоон цагт авирсан хүмүүс Отгонтэнгэр хайрхан руу бараг найман цаг авирч оргилд нь хүрнэ гэхээр бараг өдөр 15 цаг орчим болно. Ингээд буцаад харанхуйд явж таарна. Энэ 27 хүн үүрээр 04 цагийн үед авиралтаа эхлээд, өдөр 11, 12 цагийн үед орой дээрээ гараад, 13 цагийн орчимд буусан бол орой бүрэнхий болох үед буугаад ирэх боломж байсан байх. Харанхуйд бууж байгаад жаахан алдаа гаргаснаас ийм золгүй явдал болох шиг боллоо. Уулнаас бууж ирсэн арван уулчны хувьд өөр олстой явж байсан учраас цөмөрсөн хэсгээс зайтай байсан юм билээ. Тэр тулдаа амьд үлдсэн. Доор асар хүчтэй чимээ гарсан учраас хүлээзнэж, тэндээ хоноглоод, өглөө бууж ирсэн гэж амьд үлдсэн уулчид ярьсан байна лээ.
-Уулын спортын түүхэнд ингэж олуулаа амиа алдаж байсан харамсалтай тохиолдол байдаг уу?
-Дэлхийн уулын спортын түүхэнд ийм харамсалтай осол гарч байгаагүй юм билээ. Гэтэл нэг дор 17 хүн нас барлаа шүү дээ. Үнэхээр харамсалтай. Олуулаа авирч байгаад нэг хоёроороо, тавуулаа амь үрэгдэх тохиолдол гарч байсан. Доошоо 17 хүн унасан гэдгийг сонсоод амьд гарах ямар ч боломжгүй болжээ гэдгийг мэргэжлийн уулчид бид шууд ойлгосон. Ууланд авирч үзээгүй хүмүүс төсөөлөхдөө шагайгаар татсан ч юм уу, өвдгөөр татсан цасан дунд Богд ууланд алхаж байгаа юм шиг алхаж байтал дээрээс нь цас ороод ирсэн гэж ойлгоод байгаа юм. Тийм биш. Энэ өндөр оргилуудад авирахад алхам бүр нь маш нарийн, эрсдэлтэй, амь нас нь дээсэн дөрөөн дээр байдаг. Бэхэлгээ маш чухал.
-ТЭДЭНД ТЭМЦЭХ ЯМАР Ч БОЛОМЖ ОЛДООГҮЙ-
-Саяны ослын хувьд бэхэлгээ хэр найдвартай байсан юм бол?
-Энэ ослын хувьд хэчнээн сайн бэхэлгээтэй байсан ч ямар ч хэрэг болоогүй. Яагаад гэхээр доор нь байгаа мөс цөмрөөд орчихсон учраас. Отгонтэнгэр хайрхан 4000 гаран метр өндөртэй. Бууж явахдаа 3800 орчим метрийн өндрөөс доошоо хадан хавцал руу цөмөрч унасан. Онцгой байдлын аврагчид амиа алдсан хүмүүсийн цогцсыг 3200-3300 метрийн өндрөөс олсон гэхээр 400-500 орчим метр доошоо хадан хавцал руу цөмөрч унасан байгаа юм. Тэгэхээр амьд гарах магадлал байхгүй. Тэмцэх боломж олдоогүй.
-Энэ олон хүн хоёр олстой явж байсан нь олуулаа амиа алдах эрсдэлд хүргэсэн гэж та үзэж байна уу?
-Авирч, уруудаж байх үед олс мэдээж маш чухал. Нэг нь халтирч унах тохиолдолд нөгөөдөх нь татаж авч үлдэх зорилгоор олс хэрэглэдэг. Гурав, дөрвүүлээ явж байгаа тохиолдолд эрсдэлд орж, олс нь дийлэхээ больсон тохиолдолд хамгийн доор нь байгаа хүн олсоо огтлох уулын спортын бичигдээгүй дүрэм хүртэл бий. Бусдынхаа амийг аврахын тулд шүү дээ. 17-уулаа амиа алдсан харамсалтай ослын тохиолдолд нэг олсонд олуулаа холбогдож явсан нь төдийлөн нөлөөлөөгүй. Яагаад гэхээр доошоо цөмөрсөн учраас. Сүүлд явсан, амьд гарсан арван хүн ч энэ талаар ярьсан байсан. Гэнэт их дуу чимээ гарсан гэж. Тодорхой хэмжээний зузаантай мөс хэсэг газраараа л хага явахад дээр нь алхаж явсан хүмүүс бүгд халтираад уначихаж байгаа юм. Уулнаас буухад дандаа ташуулдаж урууддаг. Юм зүсэж байгаа юм шиг далийж буудаг. Нэг нэгнийхээ араас бууж байгаа 17 хүн нэг замаар ташуулдаж явж байсан учраас мөсний даац хэтэрч, дийлээгүй байх.
-Ууланд ингэж олуулаа явах нь эрсдэлийг улам нэмэгдүүлдэг үү?
-Уулын спортын мастерууд, мэргэжлийн уулчид бол өөр хэрэг. Энгийн иргэдийн хувьд ингэж олуулаа явсан нь мэдээж эрсдэл дагуулсан. Мэргэжлийн бус хүмүүсийн авхаалж самбаа, хүч, туршлага дутна. Энгийн хайкинг клубын гишүүд сонирхлын дагуу алхалт хийдэг газраараа алхаж байх хэрэгтэй байгаа юм. Амьд гарсан арван хүнийг урд нь хөтөлж яваа хүн маш авхаалж самбаатай ажилласан. Өмнө нь мөс цөмөрч унасныг мэдэрч, үлдсэн есөн хүнийхээ амь насыг хамгаалж, ууландаа хоносон байсан. Маш мундаг хүн байна гэж хэлмээр байна.
ЭХ СУРВАЛЖ: MEDEE.MN Б.ЦЭЛМЭГ
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна