ОХУ-ын Роспотребнадзор байгууллагаас Эрхүү хотод хэрэгжүүлсэн урьдчилан сэргийлэх болон халдварын эсрэг арга хэмжээг дуусгаж байгаа талаар мэдээлэв.Эрхүү муж, Эрхүү болон Шелехов хотуудын ариун цэвэр, халдвар судлалын нөхцөл байдал тогтвортой, тайван байна.
2026 оны 10 дугаар сарын 7-ны байдлаар халдварын сэжигтэй тохиолдолтой холбоотой хавьтал болсон хүмүүсийн 90 гаруй хувьд эмнэлгийн ажиглалт дууссан бөгөөд халдварт өвчинтэй холбоотой эрүүл мэндийн ямар нэгэн өөрчлөлт илрээгүй байна. Мөн хийсэн 5,000 орчим лабораторийн шинжилгээгээр ямар нэгэн аюултай эмгэг төрүүлэгч бичил биетэн илрээгүй байна.
Өвчилсөн ажилтан нь мэргэжлийн үйл ажиллагааныхаа хүрээнд ажилладаг аюултай халдварт өвчний эсрэг вакцинд хамрагдсан бөгөөд тухайн халдварын эсрэг дархлаатай байсан байна. Мэдээлэл хүлээн авмагц халдварын эсрэг шаардлагатай арга хэмжээг нэн даруй, бүрэн хэмжээгээр, холбогдох эрүүл ахуйн хууль тогтоомжийн дагуу зохион байгуулж, хэрэгжүүлсэн байна.
Биологийн аюулгүй байдлын шаардлагын хэрэгжилтийг шалгасан хоёр комиссын ажлын үр дүнд эмгэг төрүүлэгч бичил биетэнтэй ажиллах явцад ямар нэгэн осол, аваарийн нөхцөл байдал гараагүй болохыг тогтоожээ. Түүнчлэн эмгэг төрүүлэгч бичил биетэнтэй ажиллахад зохих хяналтыг хэрэгжүүлж байсныг баталгаажуулсан байна.
Олон улсын эрүүл мэндийн дүрмийн дагуу Роспотребнадзор нөхцөл байдлын талаарх мэдээллийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад хүргүүлсэн байна. ДЭМБ-аас Эрхүү хотод бүртгэгдсэн эмнэлгээс гадуурх уушгины хатгалгааны тохиолдолтой холбоотойгоор ариун цэвэр, халдвар судлалын шинжтэй эрсдэл байхгүй гэсэн байр суурийг нийтэлсэн байна.
Иймд урьдчилан сэргийлэх болон халдварын эсрэг арга хэмжээг бүрэн хэрэгжүүлсэн бөгөөд Эрхүү хот болон Эрхүү мужийн хүн амд халдварын тархалтын эрсдэл одоогоор байхгүй гэж Роспотребнадзор мэдээлсэн байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна