Бизнесмэнүүдийн урам зоригийг улстөрчдийн нүцгэлэх зоригоор дэмжинэ гэв үү, Ерөнхий сайд


Улстөрчдийн нүүдэл бүр адилгүй. Гэхдээ гүйцэтгэх засаглалын ч, хууль тогтоох засаглалын ч стратеги төлөвлөгөө олон нийтэд ил тод байж, хүлээлтийн төсөөллийг бариа зөрүүнээс харуулдаг байх учиртай. Энэ бол аль ч улс орны хүрэх үр дүнгийн чиг баримжаа бөгөөд Монгол Улсын үе үеийн Ерөнхий сайдад ч, Ерөнхийлөгч, УИХ-д ч үр дүн нь их багаар хэмжигдэх нүүдэл гэж бий. Жишээ нь, Ерөнхий сайд асан М.Энхсайхан үнэ чөлөөлж, өмч хувьчлалыг эхлүүлсэн байхад Ерөнхий сайд асан Н.Энхбаяр мянганы замыг эхлүүлж, ОХУ-д төлөх ёстой их өрийг төлж барагдуулсан. Ерөнхий сайд асан С.Баяр Монголын анхны стандарт бус улс төрийн нөхцөл байдлыг бий болгох замаар Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээг батлуулж, Атарын III аяныг эхлүүлсэн. Цаашилбал, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн цахим шинэчлэл, Ерөнхий сайд Сү.Батболдын үеийн уул уурхайн эрчимт хөдөлгөөн, Н.Алтанхуягийн бүтээн байгуулалтын цаг хугацаа гээд тухайн улстөрч болгонд ялгарах ялгарал, онцлог, үлдэх өв гэж бий. Гэхдээ энэ нь нэр бүхий улстөрчид болон Монголын төрийг удирдаж байхдаа учруулсан гэм хохирол, алдаа дутагдлыг хаацайлах учир шалтгаан хамгаалалт биш юм. Өөрөөр хэлбэл, дээрхийг бичихийн учир нь улстөрч болгонд, тэр дундаа Ерөнхий сайд бүрт тодорхой зорилт, бодлого, түүний хэрэгжилтийг үр дүнд хүргэх тэмүүлэл байдаг гэдгийг хэлэх гэсэн хэрэг.

Энэ зорилго одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тухайд ч адилхан. Тэрбээр “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг боловсруулж, УИХ-аар батлуулж, “Шинэ сэргэлт” дунд хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлж эхэлсэн. Уг бодлогын хүрээнд Монгол Улс сүүлийн 30 жилийн түүхэндээ анх удаа боомтын сэргэлтийг эрчимжүүлж, эрчим хүчний бие даасан байдлаа хангах томоохон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж, ашиглалтад оруулах зорилт тавин ажиллаж байна. Хоёр хөрш орноор хязгаарлагдсан хилийн хаалттай нөхцөл байдлыг гадаад харилцаагаараа тэтгэж, гуравдагч хөрш, тэр дундаа Европ, Америкийн манай улстай харилцах харилцаа эрчимжиж, энгийнээр хэлбэл тэгш дүүрэн гадаад бодлого Монгол Улсыг хүнд хэцүү цагийн дархлаа болон хөгжиж байна. Мөн дотоодын улс төр бизнесийн эрх ашиг дагасан хулгай луйврыг таслан зогсоох, Хөгжлийн банк болон нүүрсний хэрэгтэй холбоотой гэм буруутныг олж тогтоож, эцсийн хариуцлагыг хүлээх чиглэлд Засгийн газар өөрөө шүгэл үлээж, эцсийн бүлэгт хууль хяналтын байгууллагын чиг үүргийг бүрэн хүлээсэн мэт ажиллах болсон. Энэ нь мэдээж олон хүнд үл итгэх итгэл, эргэлзээ, коммунизмыг сэргээн байгуулах далд санаархал мэт санагдаж буй ч өнөөдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уг эргэлзээнд хариулт өгөв.

Тэрбээр Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжүүдэд цом, өргөмжлөл гардуулах үеэрээ “Монгол Улсын Засгаас газраас өргөн барьсан Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль батлагдсанаар улстөрч, болон төрийн албан тушаалтан өөрийн эзэмшлийн компаниар төсвийн тендерт нөлөөлж оролцдог байдал таслан зогсож, энэхүү орон зай хувийн хэвшлийнхэн Та бүхэнд чөлөөт өрсөлдөөний орон й болж очих болно” хэмээгээд “Төр өөрөө ресторан, зоогийн газар, амралт сувиллын газар ажиллуулж, хувцас оёж, машин засахаас эхлээд хувийн хэвшилтэй өрсөлддөг байдлыг үе шаттай өөрчилж байна” гэж мэдэгдлээ. 

Энэ бол Монголын бизнес эрхлэгчид төдийгүй ард иргэдийн хүсэн хүлээж байсан үг хийгээд шийдэл. Улстөрчдийн ашиг сонирхол, түүнийг дагасан хулгай луйврын хэрэг өдрөөс өдөрт илчлэгдэж, төр дагасан бизнесийн бүлэглэл хүчирхэгжих болсон энэ үед унаж сөхөрсөн залуусын итгэл найдварыг ч, ТОП-100 аж ахуйн урам зоригийг ч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сэрээхийг хүссэн байх. Гол нь, түүний энэ үг хуулийн дагуу хэрэгжиж, хуулийн дагуу хязгаарлагдах цаг ойрхсон ирсэн. Засгийн газраас өргөн барьсан дээр дурдсан Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилсан сэргийлэх тухай хууль батлагдсанаар цаашид Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, аймаг, нийслэлийн Засаг дарга, УИХ-д суудал бүхий намын дарга нар, Үндсэн хуулийн Цэцийн гишүүн, Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын дээд шүүхийн шүүгч, Улсын Ерөнхий прокурор болон Төрийн албаны зөвлөл, Монголбанк, Сонгуулийн ерөнхий хороо, Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Иргэний нисэхийн ерөнхий газар, Ашигт малтмал, газрын тосны газар, Үндэсний геологийн алба, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар зэрэг УИХ болон Засгийн газарт ажлаа тайлагнадаг байгууллагын дарга, орлогч нар тэдний хамаарал бүхий этгээдэд төрөөс болон төрийн өмчит компани, төртэй хамтран хэрэгжүүлж буй олон улсын байгууллагуудын төслө хөтөлбөрөөс санхүүжих, бүх төрлийн худалдан авалтад оролцох, аливаа хөнгөлөлттэй зээл, тусламж, тэтгэлэг батлан даалтад хамрагдахыг тус албан тушаалыг эрхэлж буй хугацаанд нь хориглох учиртай.

Өнгөрсөн хугацаанд бол гурилын үйлдвэртэй нь Хүнс, хөдөө аж ахуйн сайд хийж, хувийн эмнэлэгтэй нь Эрүүл мэндийн сайд болж, банк санхүүтэй нь Эдийн засгийн сайд, хувийн сургуультай нь Боловсролын сайд болдог жишиг байсан. Үүнийгээ “Ажлын туршлага дээр нь үндэслэн томилсон, томилуулсан” гэж тайлбарладаг бөгөөд дэргэдээ нарийн мэргэжилтэн бус харин ах дүү хамаатан садан, найз нөхдөө авчирч, зөвлөх, туслах, дарга зэрэг албан тушаалд томилох нь нийтлэг үзэгдэл болж хувирсан. Тэр ч бүү хэл, “Манай гэр бүлийн бизнес” гэдгээр харьяа салбарынхаа тендерт оролцож, тендер авсан нь ч тоймгүй. Харин энэ удаад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон түүний Засгийн газар уг хуулийг санаачилснаараа Монголын улс төрд салхи оруулах, шинэ үүрэг хариуцлага нэмэх нөхцлийг үүсгэж буй хэрэг юм.

Үүнийгээ өнгөрсөн хугацаанд дэлхий нийтийг хамарсан ковид-19-ийн улмаас дефолт зарлах төвшинд хүрээд байсан Монголынхоо эдийн засгийг аварч, ажлын байраа хадгалж, татвар хураамжаар нийгмийн бодлого, төрийн бодлогыг дэмжин ажилласан ТОП-100 бизнес эрхлэгчдийн өмнө тэрбээр дахин зарлаж, дахин амлав.

Ердөө гуравхан жилийн өмнө буюу 2020 онд хасах 4.6 хувьтай байсан эдийн засаг 2021 онд 1.6 хувь, 2022 онд 4.8 хувь, 2023 оны нэгдүгээр улирлын дүнгээр 7.9 хувиар өсөж, нэг хүнд ногдох ДНБ анх удаа 5000 ам.долларт хүрч, улсын төсөв 1.1 их наядаар даван биелж, валютын нөөц 3.7 тэрбум ам.долларт хүрч ханш тогтворжиж, төлбөрийн тэнцэл эерэг гарч, экспорт цар тахлын өмнөх түвшинд хүрсэн энэ амжилт ийнхүү Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн бизнесмэнүүдийн урам зоригийг улстөрчдийн нүцгэлэх зоригоор тэтгэн дэмжих эрс шинэчлэлийнх нь тулгуур болсон байх. Нийтлэлийн эхэнд дурдсанчлан энэ бол Л.Оюун-Эрдэнийн Дубайн гэрээг цуцалж, Монгол Улсад ногдож байсан 34 хувийн өрийг чөлөөлүүлж, Оюутолгойн далд уурхайн олборлолтыг эхлүүлсэнтэй дүйцэхүйц, цаад ач холбогдол, Монголын нийгмийг эрүүлжүүлэх углуургаараа түүнээс ч өндөр үр ашигтай шинэчлэлийн төсөл юм. Уг төслийнх нь гол тулгуур болсон улстөрчдийн нүцгэлэх зоригийн тухайд энэ нь  гэр бүлийнхээ бизнесийг зах зээлийн заримд нь үлдээж, төрийн албыг хувааж хашсан нийтлэг ашиг сонирхлоо таслан зогсоож, төрийн тендерээр бизнесээ цэцэглүүлдэг 30 жилийн гаж тогтолцооноос өөрийгөө чөлөөлсөн тэр улстөрчийн эрэл юм. Өөрөөр хэлбэл, шинэ улстөрчийн эрэл, шинэ бизнесийн зарчим... Цаг үе шинийг урлана. Шинийг бүтээнэ.

 


1
angry
0
care
1
haha
4
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монголбанк 2026 оны 1 дүгээр сард 1.9 тонн үнэт металл худалдан авсан 52 минутын өмнө
Энэ оны 1-р улирлын төрийн албаны шалгалтын бүртгэл эхэллээ 1 цагийн өмнө
Гарал үүсэл тодорхойгүй согтууруулах ундааг борлуулах, түүгээр үйлчилсэн 34 зөрчил илрүүллээ 1 цагийн өмнө
Өнгөрсөн онд 30,162 данс ашиглан цахим гэмт хэрэг үйлдэгдсэн 2 цагийн өмнө
"Хуванцарын хэрэглээг бууруулъя" аяныг эхлүүлж байна 2 цагийн өмнө
Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойг энэ онд тэмдэглэнэ 4 цагийн өмнө
Өнгөрсөн долоо хоногт 129,258 зөрчлийг шийдвэрлэсэн байна 4 цагийн өмнө
Өнгөрсөн 2025 он түүхэнд бүртгэгдсэн хамгийн дулаан жил боллоо 6 цагийн өмнө
Авто машин шатаж 38 настай жолооч нас баржээ 6 цагийн өмнө
Нийт дуудлагын 93 хувийг обьектын гал түймэр эзэлж байна 6 цагийн өмнө
Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана 7 цагийн өмнө
Г.Аянга: Бид хүүхдэд зүрх шимшрэн байж мэс хүргэдэг 7 цагийн өмнө
Байгаль эхээ сэргээх санхүүжилт татах боломж cop-17 7 цагийн өмнө
Төв аймгийн нэгдсэн эмнэлэг тохойн үе бүтэн солих мэс заслыг амжилттай нэвтрүүллээ 8 цагийн өмнө
Хүүхдийн мөнгөн тэтгэмж энэ сарын 12-нд олгогдоно 8 цагийн өмнө
Хонины гулууз махыг килограмм нь 13 мянган төгрөгөөр таван байршилд борлуулж эхэллээ 8 цагийн өмнө
Нийт нутгаар цас орохгүй, хүйтний эрч суларна 8 цагийн өмнө
Т.Түвшинжаргал алтан медалын эзэн боллоо 21 цагийн өмнө
Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг таван байршилд зохион байгуулна Өчигдөр
Их жанжны төрсөн гэрийн бууринд “Цэцэг өргөх ёслол” болно Өчигдөр