Монгол Улсад нийт өрхийн тоо 2025 онд 1 005.8 мянгад хүрч, өмнөх тооллогын дүнгээс 12.1 хувиар нэмэгджээ.
Айл өрхийн тоо ийнхүү нэмэгдэж байгаа ч нэг өрхийн ам бүлийн тоо цөөрч буй нь нийгэм, эдийн засаг, хүн ам зүйн хүчин зүйлсээс шалтгаалж байгааг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.
Хүн ам, орон сууцны 2025 оны завсрын тооллогоор өрхийн ам бүлийн дундаж тоо 3.4 болж өмнөх тооллогынхоос 0.2 нэгжээр багасжээ. Улсын хэмжээний дунджаар 3-4 ам бүлтэй өрхийн эзлэх хувь нийслэлд 73.8, хөдөөд 26.2 хувьтай байна. Өмнөх тооллогын үед 3-4 ам бүлтэй өрхийн эзлэх хувь их байсан бол завсрын тооллогоор 1-2 ам бүлтэй өрхийн тоо нэмэгджээ. Харин 5-6 болон 7-гоос дээш ам бүлтэй өрх 0.1-0.4 нэгж хувиар багассан байна.

Нийт өрхийн 67.3 хувийг ам бүлээрээ буюу эхнэр, нөхөр, хүүхдүүдийн хамт амьдарч буй айл эзэлж байна. Харин ганц бие өрхийн эзлэх хувь нэмэгдэх хандлагатай байгаа нь гэрлэх нас хойшлох, хүүхэд төрүүлэх нь багасах, хүн амын насны бүтэц өөрчлөгдөх, хотжиж буй зэрэг нь нөлөөлж байж болох юм.
Нийт өрхийн 67.3 хувь нь ам бүлээрээ, 19 хувь нь ганц бие, 11.6 хувь нь нийлмэл, 2.1 хувь нь холимог ам бүлтэй айл байна. Өмнөх тооллоготой харьцуулахад ам бүлээрээ айл өрх 26.1 хувь буюу 140.2 мянга, ганц бие өрх 38.7 хувь буюу 53.3 мянга, холимог өрх 6.5 хувь буюу 1.3 мянгаар нэмэгдсэн бол нийлмэл ам бүлтэй өрх 42.5 хувь буюу 86.4 мянгаар багасжээ. Өөрөөр хэлбэл, эцэг, эх, ах, дүүс, садан төрлөөрөө амьдарч буй бүтэцтэй өрхийн тоо багассан гэсэн үг ажээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна