Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Гун багийн нутаг дэвсгэрт орших “Бүсийн гол” гэдэг газарт ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр нэвтэрч орж ирсэн тухай дуудлагыг есдүгээр сарын 15-ны өдрийн 19:45 цагт хүлээн авчээ. Тус газар нь аймгийн төвөөс баруун хойд зүгт 275 км, сумын төвөөс баруун хойд зүгт 110 км-ийн зайд оршдог бөгөөд түймэр Монгол Улсын хилийн 320 дугаар тэмдэгтээр нэвтэрсэн байна. Гал түймрийг унтраах ажиллагаанд Онцгой байдлын ерөнхий газар, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Хилийн цэргийн бие бүрэлдэхүүн болон Улаан-Уул сумын Мэргэжлийн ангийнхан оролцож байна. Алба хаагчид гурван бүлэгт хуваагдан, түймрийн тархалтыг хязгаарлах зорилгоор галын зурвас татаж, унанга ихтэй, асаж буй хэсгүүдийг бүрэн унтраахаар ажиллаж байгаа аж.Урьдчилсан байдлаар ойн түймэрт нийт 80 га орчим талбай өртөж, шатсан байна. Одоогоор гал түймрийг бүрэн унтраах, цаашид тархахаас урьдчилан сэргийлэх ажиллагаа үргэлжилж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна