Г.Занданшатар: Төрийн бүтээмжийг дээшлүүлэхэд төрийн албан хаагчдын эх орон, иргэдээ гэсэн сэтгэлээс шууд хамаарна

Л.Бямбажав
2022/06/23

НҮБ-ЫН ТӨРИЙН АЛБАНЫ ӨДӨРТ ЗОРИУЛСАН УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАРЫН МЭНДЧИЛГЭЭ

Монгол Улсын нийт төрийн албан хаагчид аа!

Эрхэм хүндтэй төрийн албандаа итгэл сэтгэлээрээ зүтгэж байгаа Та бүхэндээ НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр жил бүрийн 6 дугаар сарын 23-нд тэмдэглэдэг “Төрийн албаны өдөр”-ийн мэндийг дэвшүүлье.

Монгол Улс дэлхийн хамтын нийгэмлэгийн бүрэн эрхт гишүүнээр элсээд хоёр дахь  жарнаа эхлүүлж байна. Энэ хугацаанд манай улс НҮБ-ын үндсэн зорилго, зарчмуудыг тууштай дэмжин, өөрийн хувь нэмрийг олон салбарт оруулж байгаагийн зэрэгцээ сүүлийн жилүүдэд төрийн албаны шинэтгэлийн чиглэлээр идэвхтэй хамтран ажиллах болсон. “Төрийн албаны өдөр”-ийг олон улсад 20 дахь жилдээ, манай оронд дөрөв дэх удаагаа тэмдэглэж байна. Энэ бүхэн Монгол Улсын төрийн албаны шинэтгэлийн шинэ үе шаттай цаг хугацааны хувьд давхцаж буй нь бэлгэшээлтэй бөгөөд зохих үр дүнгээ өгч байгааг онцлон тэмдэглэе.

Олон улсын төрийн албаны өдрийн зорилго нь дэлхий дахины болон улс орны хөгжилд төрийн албаны оруулах хувь нэмрийг үнэлж цэгнэх, иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээний чанар, үр нөлөө, инновацыг хэлэлцэн, сайн туршлагыг түгээх, төрийн байгууллага, албан хаагчдын сайн ажил үйлсийг сурталчлан таниулах, төрийн албаны үе үеийнхний туршлага солилцох, мэдлэг хуваалцах, ирээдүйн залуу үеийнхний төрийн албанд ажиллах урам зоригийг бадраах өргөн агуулгатай болно.

Төрийн албаны өдрийн энэ оны зорилт нь цар тахлын дараах үеийн нийгэм, эдийн засгийн зорилт, иргэдийн хэвийн амьдралыг сэргээн хөгжүүлэхэд төрийн байгууллага, албан хаагчдын үүрэг оролцоог нэмэгдүүлж, төрийн үйлчилгээг үр дүнтэй хүргэх олон талын түншлэл үүсгэх, улс орон, хувь хүний тогтвортой хөгжлийн нөхцөл суурийг бүрдүүлэх инновацын сэдэвт анхаарлаа хандуулж байгаагаараа онцлог юм. Энэ зорилт нь улс орон бүрийн адил манай орны хувьд ч нэн тулгамдсан асуудал мөн.

Манай улсын Засгийн газраас Ковидын дараах хэвийн амьдралын горимдоо эргэн орох "Шинэ сэргэлтийн бодлого"-ын хүрээнд төр-хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын идэвхтэй түншлэлд тулгуурлан улс орны хөгжлийг тэтгэх зургаан багц асуудлыг тодорхойлон хэрэгжүүлэхийн төлөө чармайн ажиллаж байна. Энэ бүх ажилд УИХ бодлого, эрх зүйн  дэмжлэг үзүүлсээр ирлээ.

Шинэ сэргэлтийн бодлогын нэг зорилт нь төрийн бүтээмжийн сэргэлт билээ. Төрийн бүтээмжийг дээшлүүлэх нь төрийн албан хаагчдын инновацлаг бүтээлч сэтгэлгээ, эх орон, иргэдээ гэсэн сэтгэл, идэвхтэй оролцоо, зүтгэл чармайлтаас, ажлын зөв зохион байгуулалт, зөв хандлага соёлоос шууд хамаарна. Энд төсөв, санхүү шаардлагагүй төрийн хэмнэлтийн зарчимд суурилсан өөрчлөлтийн менежмент л нэн чухал.

Үүнийг манай төрийн албан хаагчид, бүх шатны менежерүүд ухамсарлаж, тулгамдсан асуудалд бодитой хариу өгсөн, орон нутаг, салбар бүрийн сорилт бэрхшээлд гарц боломж нээсэн оролцоогоор хувь нэмрээ оруулна гэдэгт би эргэлзэхгүй байна.

Төрийн албан хаагч Та бүхний сэтгэл зүтгэл, оролцоо санаачилга, ажил үйлчилгээний үр дүнг энэ өдөр тэмдэглэн хэлэхэд таатай байна. Цаашид Та бүхний хамтран хэрэгжүүлэх ажил, шийдвэрлэх зорилт бүр их байгаа гэдгийг ч дор бүрнээ бодвол зохистой.

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсад явуулж буй төрийн албаны шинэтгэлийг бүхий л талаар дэмжин хамтран ажиллаж буй НҮБ-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газар, Хөгжлийн хөтөлбөр болон гадаад орон, олон улсын байгууллагуудад чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Улс, иргэддээ улам сайн үйлчлэх эрхэм зорилготой төрийн албыг төлөвшүүлэн хөгжүүлэхийн төлөөх ажил нь амжилттай, үйлс нь бүтэмжтэй байхын сайны ерөөлийг төрийн нийт албан хаагчдадаа өргөн дэвшүүлье!



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХЗДХЯ: 30 байгууллагын 83 дүрэм журмыг хүчингүй болгуулав 1 цагийн өмнө
SAT1 хэвшлийн эрсдэлийг бууруулах арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцэж байна 2 цагийн өмнө
Хуурамч урамшууллын зар сурталчилгаагаар иргэдийг залилан мэхлэх оролдлого нэмэгдэж байна 3 цагийн өмнө
''Тамгат шүтээн" тахилга, ёслолын арга хэмжээ зохион байгуулагдана 3 цагийн өмнө
Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр хуралдлаа 5 цагийн өмнө
ТААНАГҮЙ ГОВЬ 5 цагийн өмнө
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана 5 цагийн өмнө
Улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түр түдгэлзүүлжээ 5 цагийн өмнө
0-4 насны хүүхдүүд витамин, даралт, зүрх судасны эм, ууж хордох нь түгэээмэл байна 6 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгджээ 7 цагийн өмнө
Нийслэлд өнөөдөр бороо орно 8 цагийн өмнө
Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө Өчигдөр
Японд дахин 7.1 магнитудын хүчтэй газар хөдөллөө Өчигдөр
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг 08 дугаар сарын 17-28-ны өдрийг дуустал бүртгэнэ Өчигдөр
Хүчингийн хэргийн хохирогч болсон найман настай охиноо эмчлүүлэхийн тулд зээл авсан Өчигдөр
Эрх мэдэл урвуулан ашигласан, хахууль авсан хэргүүдийг прокурорт хүргүүлжээ Өчигдөр
Нэг хоногт гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 58 иргэнийг шалгаж эхэллээ Өчигдөр
Наймдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна Өчигдөр
Өнөөдөр Хангай, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ Өчигдөр