Зөрчлийн тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

О.Шүрэнцэцэг
2022/04/08

Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганы өчигдрийн /2022.04.07/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв. 

Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин нарын зургаан гишүүнээс  2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр өргөн мэдүүлсэн  Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн.

Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Г.Ганболд танилцуулав. Тэрбээр, Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Зөрчлийн тухай хуульд нийгмийн хор аюул бага буюу тэр даруйд залруулах боломжтой зөрчилд сануулах арга хэмжээ авахгүйгээр шууд торгох шийтгэлийг урьтал болгосон, торгох шийтгэлийг үр дүнтэй хэрэгжүүлэх арга хэрэгсэл тусгагдаагүй, зарим торгох шийтгэлийн хэмжээ бодит байдалтай нийцэхгүй, хэт өндөр, эсвэл хэт бага хэмжээгээр тогтоосон, зарим зөрчлийг тусгаагүй орхигдуулсан байна. Иймд иргэдэд учирч буй эдийн засгийн дарамтыг багасгах, сэтгэл зүйн хувьд хариуцлагаа ухамсарлах боломжийг олгох, хуулийн зорилтоо бүрэн хангахуйц, заавал хэрэгжих, хүн бүрт тэгш, алагчлалгүй шударга үйлчлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор хуулийн төслийг боловсруулсан гэлээ.

Хуулийн төсөлд сануулж болох зөрчлийн хэргүүдийг тусгасан байна. Зөрчлийн тухай хууль хэрэгжих хугацаанд тухайн жилд бүртгэгдсэн нийт зөрчлийн 90-ээс дээш хувийг цагдаагийн байгууллага харьяалан шалган шийдвэрлэж ирсэн бөгөөд үүнээс нийт зөрчлийн 92.4 хувь нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг зөрчих, 3.3 хувь нь олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах, 0.3 хувь нь худалдаа үйлдвэр, үйлчилгээ, үйл ажиллагааны журам зөрчих, 0.4 хувь нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих, 3.6 хувь нь бусад төрлийн зөрчил эзэлж буй аж.

Эдгээрээс нийгмийн хор аюул бага, шууд таслан зогсоох боломжтой зөрчлүүдэд сануулах шийтгэлийг оногдуулснаар нэгдсэн журмаар бүртгэх боломж байгаа бөгөөд үүнээс нийт зөрчлийн 90-ээс дээш хувийг шалган шийдвэрлэдэг цагдаагийн байгууллага, тэр дундаа Тээврийн цагдаагийн албанд сануулах шийтгэл оногдуулах боломж бүхий бүртгэлийн систем бүрдэх юм байна. Сануулах шийтгэлийг зөрчил бүрт оногдуулах боломжгүй бөгөөд нийтийн эрх ашгийг хамгаалах үүднээс Зөрчлийн тухай хуулийн зарим зүйл, хэсэгт заасан зөрчлийг сануулах зохицуулалтад хамааруулахгүй байхаар тусгасан гэлээ. Тухайлбал, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих, мөрийтэй тоглох, Галт зэвсгийн тухай хууль зөрчих, Жагсаал, цуглаан зохион байгуулах журам зөрчих, Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтэй тэмцэх тухай хууль, Донорын тухай хууль зөрчих гэх мэт зөрчлүүд сануулах зохицуулалтад хамаарахгүй юм байна.

Харин нийтийн тээврийн хэрэгслээр зорчихдоо зорчих тасалбар аваагүй байх, Замын хөдөлгөөний дүрэмд заасан баримт бичиггүйгээр тээврийн хэрэгсэл жолоодсон, улсын бүртгэлийн дугаар нь бүдгэрсэн, арилсан үед тээврийн хэрэгсэл жолоодсон, тээврийн хэрэгслийн жолооч, эсвэл зорчигч хамгаалах бүс хэрэглээгүй, тогтоосон хугацаанд иргэн улсын бүртгэлд бүртгүүлээгүй гэх мэт түгээмэл гардаг, хөдөө, орон нутгийн иргэдээс түлхүү уламжилж буй гомдлуудад тулгуурласан зөрчлүүдэд шууд торгохгүйгээр сануулах боломжуудыг нээх зорилготой юм гэв.

Дараа нь Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан танилцуулав.

Монгол Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, Д.Батлут, С.Бямбацогт, Г.Ганболд, Ц.Идэрбат, Н.Наранбаатар, Ц.Сандаг-Очир, Т.Энхтүвшин нараас 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Хууль зүйн байнгын хороо 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцлээ. Хууль санаачлагч зөрчилд оногдуулах шийтгэлийн үндсэн төрөлд сануулах шийтгэлийг шинээр хуульчлах, зөрчил гаргасан этгээдэд давхар шийтгэл оногдуулж байгаа зохицуулалтыг өөрчлөх, торгуулиа хугацаанд нь төлөх хөшүүрэг бий болгох зэрэг зорилгоор Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсныг Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан танилцуулгадаа онцлоод хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх  дэмжиж, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэнийг дурдав.

Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Баярсайхан, Ш.Адьшаа, Ж.Сүхбаатар, Ж.Ганбаатар, Б.Бат-Эрдэнэ, Ч.Хүрэлбаатар, Т.Аюурсайхан нар асуулт асууж, төсөл санаачлагч гишүүн Г.Ганболд, С.Бямбацогт нар хариулт өглөө.

Мөн гишүүд хуулийн төсөлтэй холбогдуулан санал хэлж, байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн, УИХ баталсан хуулиа 1-2 жилийн дараа өөрчлөөд байх нь зохимжгүй. Ялангуяа Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль зэрэг иргэний эрх, хүний эрхтэй шууд холбоотой асуудалд долоо хэмжиж, нэг огтолж байх шаардлагатай. Нөгөө талаас авто машины тоо нэмэгдсэнтэй холбоотой жолоочийн зөрчил ихэссэн  байхад арга хэмжээг нь зөөллөх нь сайн зүйл биш. Ер нь хатуу чанга байсны буруу гэж байхгүй. Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр маш сайн бодож, нягталж асуудалд хандах шаардлагатай гэсэн байр суурийг илэрхийлсэн. 

Харин Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаярх хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлээд УИХ-аас төслийг хэлэлцэхийг дэмжээд, Засгийн газраас өргөн барих төсөлтэй нэгтгээд Ажлын хэсэг байгуулаад ажиллахдаа төслийг илүү сайн боловсруулж, гишүүдийн гаргаж байгаа саналыг тусган, боловсронгуй болгож батлах саналтай байна гэв. 

Ингээд Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд  хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 65 хувь нь дэмжсэн тул хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлснээр чуулганы хуралдаан өндөрлөлөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Улсын заан Б.Бат-Өлзий МҮБХ-ны чансааг тэргүүлж байна 8 цагийн өмнө
Зах,худалдааны төвийн удирдлагууд уртасгасан цагаар ажиллах саналыг дэмжлээ 9 цагийн өмнө
Мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн бүлэг этгээдийг баривчилжээ 12 цагийн өмнө
Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх төсөл ирэх сарын 31-нд хэрэгжиж дуусна 12 цагийн өмнө
О.Саранчулуун Хэнтий аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настнуудтай уулзлаа 13 цагийн өмнө
“Сүүн дархлаа” хөтөлбөрт 1-12 дугаар ангийн бүх хүүхдийг хамруулна 14 цагийн өмнө
Х.Нямбаатар “Сүүн дархлаа” зорилтот хөтөлбөрийн хүрээнд “Сүү” ХК-д ажиллаж байна 15 цагийн өмнө
МҮЭХ ​Төрийн шийдвэрүүд Үндсэн хууль зөрчсөн эсэхийг шалгуулахаар Үндсэн хуулийн цэцэд хандлаа 17 цагийн өмнө
Миланы өвлийн олимп угтcан загварын шоунд Монголын тамирчид оролцлоо 17 цагийн өмнө
Морин хуурын чуулгыг оркестр болгосон сайд 19 цагийн өмнө
Ардчилсан нам:Багш, эмч нарын цалингийн асуудлаарх Засгийн газрын "залилан" 19 цагийн өмнө
Э.Наранбат дэлхийн цээж тооллын аварга цол хүртлээ 20 цагийн өмнө
Эцэг эх: Сард зургаан мянган төгрөг төлж хүүхэддээ сүү уулгаж байгаа нь боломжийн санагдаж байна​ 20 цагийн өмнө
Ломбард сарын 14 хувийн хүүтэй байна 20 цагийн өмнө
Ихэнх нутгаар хүйтний эрч чангарна 21 цагийн өмнө
Орбитод усан бассейн, боулинг, фитнесийн тоног төхөөрөмжтэй орчин үеийн цогц усан спорт ашиглалтад орлоо Өчигдөр
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Ерөнхий сайд Г.Занданшатар Ясмин Фоуадыг хүлээн авч уулзлаа Өчигдөр
Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх сургалтад 4000 сурагч хамрууллаа Өчигдөр