Тагнуулын ерөнхий газраас зэвсэгт этгээдүүдийг баривчилсан талаар мэдээлэл өглөө.
ТЕГ-ын олон нийттэй харилцах албаны ажилтан П.Өгөөмөр "Иргэд, олон нийт болон хэвлэл мэдээллийг байгууллагуудаас Тагнуулын байгууллагаас шалгаж буй зарим хэрэг, хэрэгт холбоотойгоор баривчлагдсан иргэдийн талаар албан ёсны хүсэлтийг удаа дараа тавьж байна. Иймд Тагнуулын байгууллагаас шалгаж буй зарим хэргийн иргэд олон нийтэд сэрэмжлүүлэг болгох үүднээс мэдээлэл өгье.
Монгол Улсын Үндсэн хуулийн хоёрдугаар бүлгийн 16 дугаар зүйлд зааснаас иргэн итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал цуглаан хийх эрх чөлөөтэй гэж заасан. Тэгвэл энэхүү эдлэх эрхийнхээ хүрээнд иргэдийн зохион байгуулж буй жагсаал цуглааны үеэр хүний эрүүл мэнд, амь насанд халдаж, үймээн самуун өдөөн хатгах, турхирах зорилготой зохион байгуулалтад орсон этгээдүүдийг Тагнуулын байгууллагаас шалгаж байна.
Тодруулбал, тагнуулын байгууллага Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.8 дугаар зүйлд заасан экстримист үйл ажиллагаа явуулах гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэж байсан Монгол Улсын нэр бүхий таван иргэнийг саатуулсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.
Дээрх этгээдүүд нь эксримист үйл ажиллагаа явуулахаар багагүй хугацаанд төлөвлөж бэлтгэж байсан бөгөөд тухайн этгээдүүдийн орон гэр, тээврийн хэрэгсэл, ажлын байранд хийсэн үзлэг нэгжлэгээр улсын онц чухал объектуудыг зэвсэглэн хяналтад авахаар төлөвлөсөн гар бичмэл, хууль бусаар олж авсан галт зэвсэг, байлдааны болон бусад зориулалттай галт зэвсгүүд, зэвсгийн чанартай эд зүйл илэрсэн.
Үзлэг нэгжлэгийн явцад нийт 12 галт зэвсэг илэрсэн.Мөн бүртгэлгүй галт зэвсэг таван ширхэг байснаас гадна байлдааны сум 274 ширхэг, 6.5 мм-ийн сум 82 ширхэг, 223 мм-ийн сум 149 ширхэг, 5.6 мм-ийн сум 291 ширхэг, 12мм-ийн сум 57 ширхэг, 16 мм-ийн сум 14 ширхэг буюу нийтдээ 861 ширхэг сум болон дэсэрч дэлбэрэх хэрэгсэл зэрэг илэрснийг эд мөрийн баримтаар хураан авсан. Уг этгээдүүд нь зохион байгуулалттай хууль бус үйл ажиллагааг явуулахаар бэлтгэж байсан бөгөөд зарим нэр бүхий улстөрч, төрийн албан хаагчийн амь насанд халдахаар төлөвлөж байсан нь мөрдөн шалгах ажиллагааны явцад илэрч байна. Мөн хэргийн нэг холбогдогч дээрх хууль бус үйл ажиллагаанд ашиглахаар хадгалж байсан бүртгэлгүй галт зэвсгээр нэгийгээ санаатайгаар буудан хүнд гэмтэл учруулсан байна. Тухайн үйлдэлтэй эрүүгийн хэргийг Тагнуулын байгууллагад нэгтгэн шалгаж байна. Иймд иргэдийн үзэл бодлоо илэрхийлэхээр зохион байгуулж буй тайван жагсаал, цуглааны үеэр зэвсгийн чанартай эд зүйлс, дэсэрч дэлбэрэх хэрэгсэл ашиглан нийтийг хамарсан эмх замбараагүй байдал үүсгэх, гэмт хэрэг үйлдэх санаа зорилго бүхий бүлэг этгээд байхыг үгүйсгэхгүй.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна