Баянхонгор аймгийн Шинэжинст сумынхан хоёр хуваагдчихсан байна. Уул уурхайг дэмжинэ, дэмжихгүй гээд л ид хэлэлцүүлэг өрнөж байна. Айлаас айл, саахалтаас саахалтын хооронд ам дамжин яригдах гол сэдэв уул уурхай болоод байна. Гэхдээ уул уурхайг дэмжиж, нутгийн иргэд ажилтай орлоготой болох нь зөв гэсэн санал дээр хоёр хуваагдаад байгаа иргэдийн арай илүү хувь нь нэгджээ. Товчхондоо уул уурхайн үйл ажиллагааг явуулсан нь зөв гэж үзэж байна. Дээрх санал шийдэлд хүрэхийн тулд ёстой л долоо хэмжиж, нэг огтол гэсэн ухагдахуунаар хашир ханджээ, Шинэжинст сумынхан.
НУТГИЙН ИРГЭД: Уул уурхай эхлүүлчихвэл бидэнд ашигтай байж чадах уу
Өнгөрсөн намар Шинэжинст сумынхан бөөнөөрөө сууж байгаад уул уурхайтай холбоотой асуудалд сайн муугаа нүүр нүүрээ харж байгаад ярилцсан юм байна. Бүр шийдэл, шийдвэрт ч хүрчээ. “Эрдэнэ Монгол” компанийн байгаль орчны нарийвчилсан үнэлгээг дэмжих эсэхээ ярилцсан байна. Уул уурхайг дэмжээд үйл ажиллагааг нь эхлүүлчихвэл нутгийнханд ямар ашигтай юм. Жирийн буйд амьдралтай малчид, сумын төвийн иргэдийн амьдралд ямар нэгэн дорвитой өөрчлөлт гарах уу. Алтаа ухуулчихаад эзэн нь болсон бид хараад сууж байх юм уу. Эцэг өвгөдөөс өвлүүлж өгсөн нутаг усанд хор уршиг юу байх вэ. Зурагтаар гарсан шиг малаа услах ч боломжгүй, улаан шороо шуурсан түйрэн дунд ирээдүйд амьдарч, хэдэн малаа тавиад туучих юм биш байгаа. Хэдэн га талбай эвдэгдэх вэ. Дараа нь ухсан нүх үлдээгээд алга болчих юм биш байгаа. Нөхөн сэргээлтийг говийн ургамлаар сэргээж чадах уу гээд л мөн ч олон талаас нь асууж, ярилцаж санал солилцсон байна.
Нутгийнхан уул уурхайн асуудал дээр болгоомжтой хандаж буй нь энэ. Энэ компанийн үйл ажиллагааг зогсоож болно. Гэхдээ олон жил нутгийн удирдлага, ард иргэдтэй хамтарч ажилласан. Хэцүү цагт өвс, тэжээлээр тус дэм болж байсан. Энд алтны нөөц байгаа гэдгийг хүн бүхэн мэддэг болчихлоо. “Эрдэнэ Монгол”-ыг хөөгөөд гаргачихлаа гэхэд өөр нэг компани ороод ирнэ. Хариуцлагагүй компаниуд эсвэл хувь хүмүүс нутгийнханд ашиггүй юм хийгээд явдаг. Танихгүй бурхнаас таньдаг чөтгөр нь дээр гэдэг үг бий” гэх нэгэн байна. Мөн “Ерөөсөө л хэнд ч газраа ухуулахгүй. “Эрдэнэ Монгол”-ыг хөөж гарга” гээд эрс эсэргүүцэх нэгэн ч байжээ. 2021 оны наймдугаар сарын 27-нд болсон II багийн хурлаар 289 өрхөөс 100 өрхийн 189 иргэн оролцож, 54.2 хувь нь “Эрдэнэ Монгол” компанийг үйл ажиллагаагаа явуулахыг нь дэмжсэн аж.
“ЭРДЭНЭ МОНГОЛ” КОМПАНИ: НУТГИЙН ИРГЭДЭД ҮР ӨГӨӨЖТЭЙ, БАЙГАЛЬ ОРЧИНД ЭЭЛТЭЙ, ХАРИУЦЛАГАТАЙ УУЛ УУРХАЙГ НУТАГШУУЛНА
Харин “Эрдэнэ Монгол” компани малчид, нутгийн иргэдэд “Манай компанийн лицензийн талбай говийн их дархан цаазат газраас хол, Сэгс Цагаан Богдоос 150 гаруй км-ын зайд байгаа. Энэ нь зэрлэг амьтдын олон мянган жил идээшилж ирсэн орчны бүсээс хангалттай хол оршиж байгаа юм. Нийтдээ 100 га талбайд үйл ажиллагаа явуулна. Үүнд кемп, хуурай аргын үйлдвэр, хүдэр овоолох цэг, автомашин, техник байршуулах газар, цэвэрлэх байгууламж тэргүүтэй бүтээн байгуулалтууд багтсан. Харин тѳслийн нийт талбай хааш хаашаагаа километр хүрэхгүй юм. Бусад уул уурхай маш их хөрс хуулалт хийгдэж байгаа. Харин Баянхөндий төслийн хувьд хүдэр нь газрын гадаргад ойр байгаагаараа давуу талтай. Тиймээс богино хугацаанд нутгийн иргэдэд үр өгөөжтэй байгаль орчинд сөрөг нөлөө багатай хэлбэрээр хэрэгжүүлэх гэж байгаа төсөл. Хүмүүсийн санаа зовоод байгаа гурван зүйл байдаг.
Нэгдүгээрт, Говийн эмзэг хөрсний асуудал. Энд тэндгүй зам гаргаж, улаан шороо тоос босгоод хүнд даацын машинууд давхилдаад байх юм шиг ойлгоод байгаа. Тоног төхөөрөмж бусад зүйлээ авчраад энд суурилуулчихвал болох гээд байгаа юм. Өөрөөр хэлбэл, баяжуулах үйлдвэр баригдчих учир хүнд даацын машин хөрс эвдээд олон дахин холхиж, шороо тоос босгохгүй гэсэн үг. Зөвхөн уурхай дээрээ л ажиллана. Хүдрээ боловсруулаад алтаа тусгай тоног бүхий суудлын тэргээр зөөгөөд байх боломжтой. Гэхдээ байнга чийгшүүлэх, зөөлөн хөрстэй газруудад нэмэлт хайрга дайрга асгах зам арчилгааны судалгаа хийгдэж байна.
Үүний дараа говийг усгүй болгочих юм биш байгаа гэсэн зовнил. Тэгвэл уг компанийн нэг давуу тал нь газрын гүний ус ашиглаж, нийт ашигласан усныхаа 86.4 хувийг дахин ашиглахаар технологийн шийдлүүдээ гаргаад байгаа юм.
Гуравдугаарт, цианит натри гэх химийн бодис ашиглахдаа санамсаргүй алдаж, хүн малгүй хордох аюулын талаар яриад байгаа. Дэлхийд болон Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль, дүрэм, журам, стандарт, технологийн дагуу бүх үйл ажиллагаа хийгдэнэ гэдгийг тус компанийн инженер, мэргэжлийнхэн баримт, судалгаа, тооцоолол, төлөвлөгөөтэй нь ярьж байгаа. Өөрөөр хэлбэл, уг бодисыг хөрс усанд шингэх, агаарт дэгдэхгүй болтол нь саармагжуулах юм. Үүнийг мэргэжлийн хяналтын албан хаагчид байнга ирж, шалгаад байх учир санаа зовох зүйлгүй аж. Монгол Улсад алтны хүдэр олборлож буй олон компани дээрх химийн бодисыг ашиглаж байгаа. Өөр нэг чухал асуудал нь хөндөгдсөн талбайд тэр чигт нь нөхөн сэргээлт хийгдэнэ. Өмнө нь ургаж байсан өвс ургамлыг тарьж, үрсжүүлэх юм. Сум, орон нутагт 300 гаруй ажлын байр бий болгоно. Мах, сүүнээс эхлээд эдийн засгийн эргэлтэд оруулах олон зүйл дээр сум орон нутгаа түшиглээд явах гэнэ. Товчхондоо, “Эрдэнэ Монгол” компани нутгийн иргэдэд үр өгөөжтэй, хариуцлагатай уул уурхайн жишгээр үйл ажиллагаа явуулахыг зорьж байгаа юм байна.
ЗАЛУУС АЖИЛТАЙ БОЛОХООС ГАДНА ХАМААРЛЫН ЭДИЙН ЗАСАГ НЬ БИДЭНД ХЭРЭГТЭЙ ЮМ БАЙНА
Малчид “Эрдэнэ Монгол” компанийн уурхай уг нь тийм ч том талбайтай биш юм билээ. Уурхай бүрэн хэмжээнд ажилласнаар манай сумын иргэдийн 10 хувь нь тогтмол ажилтай, орлоготой болчихно. “Тэр хөндий чинь манай сумын хоёрдугаар багийн нутаг. Яг уурхай орчимд арав хүрэхгүй айл нутаглаж байна. Сүүлийн жилүүдэд манай сум хөгжлөөс бүр ч их хоцорч байна. Ажилгүй залуус олон байна. Бусад нутгийнхан сумандаа ажил хийгээд амьдраад байж болж байна. Гэтэл манайхан Улаанбаатар хот, Өмнөговийн уурхай руу явж ажиллаж байна. Хаа байсан Улаанбаатар хот орж хямдхан үнээр махаа борлуулах гэж явдаг. Эндээ 600 гаруй хүний хоол унданд махаа нийлүүлээд байвал болох юм байна. Бас сүү, цагаан идээний борлуулалтын асуудал гарч ирнэ. Нэг талхны цех ч болтугай ажиллуулж болох юм байна. Ер нь ажилгүйдлээс болоод бид хөгжлөөс хоцорч байгаа шүү. Засгийн газар хүссэн хүсээгүй короновирусийн эдийн засгийн хямралыг давж гарахын тулд уул уурхайгаа түшиглэх юм билээ. Тэгэхээр сум, орон нутгаас хараа хяналтаа сайжруулаад үйл ажиллагааг нь явуулах нь зөв юм байна” гэсэн шийдэлд хүрсэн аж.
УРТЫН ГОЛ БАГИЙНХНЫ ГАРГАСАН ШИЙДВЭРИЙГ БАЯН-ӨНДӨР СУМЫНХАН БОЛООД УИХ-ЫН ЗАРИМ ГИШҮҮН ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙНА
Харин нэг хэсэг нь “Уул уурхайг дэмжихгүй. Юу ч гэж худлаа ярьсан хамаагүй. “Эрдэнэ Монгол” компанийн лицензийг цуцлуулна.” “Баян-Өндөр сумын хэдэн малчин, УИХ-ын гишүүн хүртэл биднийг дэмжиж байгаа. Сэгс цагаан богд уулыг тэд хайр найргүй ухаж байна. Цоохор ирвэс уул уурхайгаас болоод нутаггүй болж байна. Говь усгүй болох нь гээд л олон нийтэд мэдээлэл өгөх хэрэгтэй” хэмээн ярилцаад салжээ. Үүний дараа Улаанбаатар хотын нэр нөлөө бүхий хүмүүс дээрх асуудлыг дэвэргэж өөртөө ашигтайгаар эргүүлэхийн тулд тодорхой санхүүжилт шийдэж, сүүлийн үеийн зохиомол худал мэдээллийг гаргаад байгаа ажээ. Өөрөөр хэлбэл, Шинэжинст сумын иргэдийн сайн муугаа ярилцаж байж гаргасан шийдвэрийг мушгин гуйвуулж өөрсдөдөө ашигтайгаар эргүүлэх гэсэн бүлэглэл бий болоод байна. Баян-Ѳндѳр сумын хувьд бол уурхай лиценз тус сумын нутагт байрлаагүй юм билээ. Түүнээс “Эрдэнэ Монгол” компани хууль зөрчиж, лицензтэй болоод говийн усыг ховх сорж, ан амьтан нь дайжиж, улаан шороо босгож, цөлжилт бий болгох гэсэн нэгээхэн ч зүйл байхгүй гэдгийг нутгийн иргэд нотлон ярьж байна. Бүр олборлолт эхлээгүй байгааг онцолж, “Яаж иргэд, олон нийтийг тэгж турхирч чаддаг байна аа” гэж байв.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна