Хөгжлийн банкнаас авсан зээлээ төлөөгүй ААН-үүдийг зээлээ төлөхийг шаардах зорилгоор "Өөрөөр нь төлүүлье” хэлэлцүүлгийг сэтгүүлчид хоёрдугаар сарын 11-нд буюу Баасан гаригт 11 цагаас "Туушин" зочид буудалд зохион байгуулна. Уг хэлэлцүүлэгт оролцох салбарын төлөөллүүдийг бид урьж байна. Одоогоор тус хэлэлцүүлэгт “Алтан дорнод Монгол” ХХК-ийн захирал Т.Ганболд оролцохоо илэрхийллээ. Тэрбээр "Энгийн иргэнд ийм их хэмжээний зээл олддог бол тэд ч баялаг бүтээгч болж чадна, миний дургүй хүрч байна, би хэлэлцүүлэгт оролцоно" гэлээ.
Хөгжлийн банк нь 66 зээлдэгчид 3.2 их наяд төгрөгийн зээл гаргаснаас 10 зээлдэгчийн 835.6 тэрбум төгрөгийн зээл эрсдэлтэй буюу эргэн төлөлтөд тодорхой саад учирчээ. Харин 25 зээлдэгчийн 906 тэрбум төгрөг чанаргүй зээлийн ангилалд багтаж шүүхэд шилжсэн байна.
Хөгжлийн банкнаас авсан зээлээ төлөөгүй 52 аж ахуйн нэгжийг АТГ-т шалгуулахаар шилжүүлсэн талаар Засгийн газраас мэдээлсэн. Түүнчлэн Хөгжлийн банкнаас 20 зээлдэгч 520 тэрбум төгрөгийг зориулалт бусаар зарцуулжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна