Уул уурхайн бус экспортыг дэмжих болсон нь түүхэн шийдвэр

М.Төгөлдөр
2022/01/06

МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэнтэй “Шинэ сэргэлтийн бодлого” болон уул уурхайн бус экспортын хүрээнд ярилцлаа.

-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн УИХ-д өргөн барьж батлуулсан “Шинэ сэргэлтийн бодлого”-д уул уурхайн бус экспортыг дэмжих талаар тодорхой саналууд тусгалаа олсон байна. Үүнээс ярилцлагаа эхэлье?

-Уул уурхайн бус экспортыг дэмжих, түүхий эд бэлтгэх, худалдан авахад зориулсан тусгай санхүүжилтийн тогтолцоог шинээр бий болгохоор боллоо. Мөн экспортын зээлийн баталгааны асуудал нааштайгаар шийдэгдэж байна. Аль аль нь сүүлийн 30 жилийн хугацаанд байгаагүй түүхэн шийдвэр. Өнгөрсөн хугацаанд уул уурхайн бус бүтээгдэхүүний экспорт 10 хувиас хол илүү гарахгүй явж ирсэн. Тэгвэл дээрх шийдвэрийн үр дүнд олон асуудал тодорхой болж байна. Одоогийн байгаа хувь хэмжээг нэмэгдүүлэх, нэмүү өртөг шингээх, татварын бааз суурь, эдийн засгаа тэлэх боломж үүгээр давхар бүрдэхээр байна. Одоо хэрэгжилтийг бүхий л шатанд хангаж ажиллах нь чухал. Хөдөө аж ахуйн салбарын бүтээмж, үр ашгийг нэмэгдүүлэх, түүхий эдээ илүү гүн боловсруулах хэрэгцээ шаардлага асар их байгаа.

-Ийм санхүүгийн хэрэгсэл бий болгосноор экспортод яг ямар байдлаар нөлөө үзүүлнэ гэж харж байгаа вэ?

-Экспортын асуудал яригдаад ирэхээр бүртгэлтэй холбоотой асуудал үүсэхээр байгаа.  Экспортын татвар байхгүй байгаа учраас бараа бүтээгдэхүүний тоо хэмжээ дарагдаж ирсэн тал бий. Өөрөөр хэлбэл, экспортын бүртгэлийн асуудал орхигдсон гэсэн үг. Худалдаа хариуцсан бие даасан байгууллага байхгүй байсны нэг сул тал энд гарч байгаа юм. Гааль, Татварын байгууллага нь гэрээн дээр байгаа үнэ, хэмжээ ярьдаг. Салбарын яамны зохицуулалт, төрийн байгууллага хоорондын уялдаа холбоог хангах хэрэгтэй болно. МҮХАҮТ мэдээллээр хангах тогтолцоог энд бүрдүүлэх хэрэгтэй. Уул уурхайн бус экспортыг дэмжсэн, бага хүүтэй зээл байхгүй учраас энэ орон зайд ченжүүд түүхий эдийг нь худалдаж аваад, өртгийг нь өсгөөд байгаа тал бий. Ченж бол буруу зүйл биш, энэ орон зайд бий болсон эдийн засгийн нэг үзэгдэл. Харин уул уурхайн бус экспортоо дэмжсэн тусгай нөхцөлтэй буюу хөнгөлөлттэй зээл гаргаад ирэхээр өөрсдөө түүхий эдээ бэлдээд эхэлнэ. Нэмүү өртөг шингээх, эцсийн бүтээгдэхүүн болгох тал дээр хувийн хэвшлүүд дорвитой анхаарна.

-Зээлийн эх үүсвэрээс гадна шийдэх асуудлууд олон байгаа байх. Эхний ээлжинд ямар асуудлуудыг шийдчихвэл экспорт дардан болно гэж та харж байна вэ?

-Манай гадаад худалдааны гол алдаа юу байсан гэхээр  бараагаа экспортлох гээд очихоор тухайн улсын импортын татварыг төлөх мөнгө байхгүй, татвар нь өндөр гэдэг саадтай тулгардаг байсан. Энэ асуудлаа ярихаар гадаад худалдааг төлөөлж байгаа эрх бүхий байгууллагууд, Элчин сайд нар нь импортын татвараас чөлөөлчихвөл болно гэж хараад энэ асуудлыг шийдэхээр хүсэлт тавьж, хөөцөлдөж ирсэн.

Өөрөөр хэлбэл, шийдлийг буруу газраас хайж иржээ. Харин импортын татвар төлөх мөнгийг нь шийдчихвэл урагшлах боломжтой байна. Энэ санхүүжилтээ шийдэхэд нь дэмжлэг үзүүлчихвэл аж ахуйн нэгжүүд бараагаа гаднын улсад зарж ирээд мөнгөө төлчихнө шүү дээ. Дээр нь ашиг олно, улсад үнэ цэн, нэмүү өртөг бий болгож, шинэ бүтээгдэхүүн хөгжүүлнэ. Энэ шийдлийг олж хараагүй алдаа үүссэн байна. Одоо энэ алдаагаа ойлгосон тул засаад явъя гэж байгаа юм. Тэр татварыг төлөх чадамжтай болох тогтолцоог нь бий болгоод өгье. Экспортод зориулсан тусгай зээлийн санхүүжилт бий болно гэдэг том давуу тал олгоно. Түүхий эдээ авах, тоног төхөөрөмжөө оруулж ирэх, цалин тавихад хамаг хөрөнгөө барьцаалаад зээл авчихсан аж ахуйн нэгжүүдэд энэ л бодит дэмжлэг болно.

-Манай улсын нөхөн сэргээгдэх баялгаас ямар бүтээгдэхүүнүүдийг гаднын зах зээл илүүтэй сонирхож байна вэ?

-Ноолуур, мах, арьс шир, бүх төрлийн ургамал голлох бүтээгдэхүүнүүд. Гаднынхан хамгийн их сонирхдог, худалдан авагч нь бэлэн бүтээгдэхүүнүүд гэсэн үг. Эдгээр баялгийн экспортоо зөв хийж чадвал дараа дараагийн бүтээгдэхүүнүүдээ хөгжүүлэх боломжтой болно гэсэн үг. Гадаад худалдаагаа бид эдгээр бүтээгдэхүүн дээрээ суурилж хийж сурах хэрэгтэй болчхоод байгаа. Дээр дурдсан түүхий эдээ өөрсдөө боловсруулах, нэмүү өртөг шингээх нь чухал. Түүхий эдээ хямдаар өгөөд байж болохгүй. Эрүүл тогтолцоо руу оруулах ёстой. Дарсан үнээр гаргаж болохгүй.

-Нэг талаас санхүүжилтийн асуудал хүндрэлтэй, экспортоо хөгжүүлж чадаагүй асуудлыг та хөндөж байна. Нөгөө талд гаднын зах зээлийн хүссэн хэмжээнд нийлүүлэх боломж дээр хүндрэл үүсдэг байх, тийм үү?

-Тийм. Энэ нь мөн л түүхий эд бэлтгэлтэйгээ уягддаг. Тухайлбал, маш мундаг технологи нэвтрүүлээд, тоног төхөөрөмж оруулж ирээд бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай болчихоод байхад түүхий эд нь хангалттай биш бол бүрэн хүчин чадлаараа үйлдвэрлэх боломжийг хязгаарладаг ч юм уу. Санхүүжилт үүнд чухал нөлөөтэй.

-Кластерын асуудал бас яригдах байх?

-Тийм ээ, кластераар явж чадахгүй байсан нь экспортоо хөгжүүлж чадахгүй байсны бас нэг шалтгаан. Одоо бол бага багаар хөгжүүлж байгаа. Тухайлбал, худалдааг дэмжих ТРАМ төслийн хүрээнд 100 гаруй жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг экспортын кластераар дамжуулан чадавхжуулж, экспортын дөрвөн кластер тус тус Төрийн Бус Байгууллагын статустай болсон. Түүнчлэн Танхим самар, эмийн ургамлын кластер байгуулсан. Тухайлбал, самар бол боловсруулахад хамгийн хялбар, худалдан авагч нь бэлэн, экспортын төгс бүтээгдэхүүүн. Энэ чиглэлээр кластер байгуулснаар экспортын нэгдсэн зохион байгуулалтад оруулж, дамлагч ченжүүдийн нөлөөг бууруулах, нэмүү өртгийн сүлжээг бий болгож эцсийн бүтээгдэхүүн гарган экспортлох нөхцөл бүрдэж байгаа юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
О.Хангай аварга нэг тонн тарвасын азтан шалгаруулна 15 цагийн өмнө
Г.Занданшатар “ОНТРЭ”-ийн лицензийг цуцлах чиглэлээр үүрэг өгсөн байжээ 16 цагийн өмнө
Туул гол ундны усны эх үүсвэр биш, Улаанбаатарчууд 100 хувь гүний цэвэр усаар ундаалдаг 16 цагийн өмнө
Ил гал гаргахгүй байхыг анхааруулж байна 20 цагийн өмнө
Цаг агаар: +7 градус дулаан 21 цагийн өмнө
ОХУ: Тариалалтын үе эхлэх болон үйлдвэрүүдийн засвар үргэлжлэхтэй холбоотойгоор шатахууны үнэ дахин өсөх магадлалтай Өчигдөр
НЗДТГ: Өнөөдрийн байдлаар 3000 гаруй тонн нөөцийн мах байна Өчигдөр
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, их хэмжээгээр бэлтгэж, хадгалсан этгээдийг баривчиллаа Өчигдөр
Ирэх дөрөвдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Нойтон цас орж, цасаар шуурна Өчигдөр
Г.Занданшатар: Монголын төр намын хуваагдал, талцлаас болж дэлхийд шившиг болж байна 2026/03/27
Үндэсний үйлдвэрлэгчид боловсролын салбарт 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ 2026/03/27
“Пицца Хат” брэндийн хамтран ажиллах санал 2026/03/27
"Монгол Улсын төрийн далбаа мандуулах хөтөлбөр"-ийг нээлээ 2026/03/27
Б.Цэвээндаш 1418 км замыг туулаад эх орондоо ирлээ 2026/03/27
ГССҮТ-д цус, цусан бүтээгдэхүүнийг дроноор тээвэрлэн түргэн шуурхай хүргэжээ 2026/03/27
Ц.Мөнхбат: МАН ирцээ бүрдүүлж чадахгүй байж буруугаа манай намаас хайгаад байна 2026/03/27
Нийслэлийн хэмжээнд 4600 айлыг цахилгаан эрчим хүчинд шинээр холбоно 2026/03/27
Азийн хамгийн гайхалтай дэд бүтцийн нэг "Голын хурдны зам" 2026/03/27
О.Цогтгэрэл: Чуулган хуралдахгүй байгаа ч цаг үеийн тулгамдсан асуудлыг сонсох ёстой 2026/03/27