Г.Занданшатар: Үндсэн хуулийн хүндэт харуул байх эрхэм журамт үүргээ нэр төртэй биелүүлсээр ирснийг талархан тэмдэглэж байна

Н.Мижидмаа
2021/01/13

 Монгол төрийн тулгуур баримт болох Үндсэн хууль нь төр, иргэн хоёрын харилцааны үндсийг тодорхойлж, шударга ёсны талаарх ард түмний суурь үнэлэмжийг илэрхийлдэг дээд хэм хэмжээний нийлбэр юм. Өдгөөгөөс 29 жилийн тэртээ 1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр Монгол Улс ардчилсан, шинэ Үндсэн хуулиа баталсан. Энэ ойн өдрийг тохиолдуулан Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд ойн өдрийн мэндчилгээ дэвшүүллээ.

 Тус мэндчилгээнд “Та бүхэндээ Монгол Улсын төрийн эрх барих, хууль тогтоох дээд байгууллага Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийн чин сэтгэлийн мэндчилгээ өргөн дэвшүүлье. Өдгөөгөөс 29 жилийн тэртээ 1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр монгол түмэн ардчилсан, шинэ Үндсэн хуулиа баталж, “МЭДЭГТҮН, САХИГТУН” хэмээн даяар олноо зарлан тунхагласан билээ. Энэ бол төрт ёсны хоёр мянган жилийн түүхтэй Их Монгол Улс хөгжил дэвшлийн шинэ эринийхээ эхлэлийг тавьж, иргэний эрх, эрх чөлөөг дээдэлсэн шинэ нийгэм байгуулахын төлөө хийсэн ТҮҮХЭН СОНГОЛТ байлаа. 

Шинэ Үндсэн хуулийн Тавдугаар бүлгийн Жаран дөрөвдүгээр зүйлд Монгол Улсын Үндсэн хуулийн цэц бол Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих байгууллага, Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа мөн болох тухай заасан байдаг. Нийт монгол түмний оюун санааны хамтын бүтээл, нийгмийн зөвшилцлийн тунхаглал,  Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, ардчилсан ёс, хүний эрх, хөгжил дэвшлийн бат илэрхийлэл болсон Үндсэн хуулийн Хүндэт харуул нь байх энэ эрхэм журамт үүргээ Монгол Улсын Үндсэн хуулийн цэц нэр төртэй биелүүлсээр ирснийг талархан тэмдэглэж байна” гэжээ.  

    Монголын ард түмний улсаа мандуулах чин хүсэл, бат эрмэлзлийг баринтагласан Үндсэн хуулийг зөрчин гажуудуулах аливаа үйлдэл, санаархлыг таслан зогсоох, зүйл заалт бүрийг нь ёсчлон сахиулах Үндсэн хуулийн цэцийн үйл хэрэг чухамдаа улс орон, ард иргэдийнхээ ирээдүйн хувь заяаг хэлтийлгэлгүй зөв тэгш авч явах, гагцхүү хууль засагласан шударга нийгмийг цогцлоох тулгуур багана болж байдгийг Улсын Их Хурлын дарга мэндчилгээндээ онцолсон.  

    “Өнгөрсөн 30 шахам жилд монголчууд бидний бүтээсэн хөгжил дэвшил, шинэчлэл өөрчлөлтийн ололт амжилт, олон улсын тавцан дахь Монгол Улсын байр суурь, нэр хүнд нь шинэ Үндсэн хуулийн тулгуур үзэл санаа, үндсэн зарчмууд зөв байсныг батлан харуулсан. Нийгмийн олон талт харилцаа нарийсан гүнзгийрэхтэй зэрэгцэж, өөрчлөгдөн шинэчлэгдэх зайлшгүй шаардлага аливаа хуульд тулгардаг. Шинэ Үндсэн хууль маань ч энэ замыг тойроогүй. Тодорхой асуудлуудаар нэмэлт, өөрчлөлт хийх шаардлагатай талаар сүүлийн 20 гаруй жил ярьж, өөрчлөлтийг хэрэгжүүлэх санаачилга гурван парламент дамнан эрчимтэй өрнөж, хэд хэдэн төсөл өргөн баригдсан билээ. Өөрчлөлт зайлшгүй гэдэгт ард олны маань дийлэнх олонх санал нэгдээд байв. Эдгээрт үндэслэн Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах түүхэн үйл хэргийг 2019 онд Монголын парламент бүтээн хэрэгжүүлсэн. Монгол Улсын Үндсэн хуулийн цэц энэ үйл хэрэгт анхнаас нь анхааралтай хандаж, хяналт тавьж, санал зөвлөмжөө хүргүүлж байсанд талархал илэрхийлье” хэмээжээ.

    Энэхүү нэмэлт, өөрчлөлт нь засаглалын хяналт-тэнцлийг хангаж, Засгийн газрын тогтвортой байдал, парламентын хариуцлагыг нэмэгдүүлэх, шүүхийн хараат бус байдал, шударга ёсыг тогтоох, нутгийн захиргааны бие даасан байдлыг бэхжүүлэх үндсэн зарчимд чиглэсэн болохыг мэндчилгээндээ Улсын Их Хурлын дарга тэмдэглэсэн байна.

    Энэ өөрчлөлтөөр улсаа улсын дайтай улс болгож, иргэдийнхээ хүний дайтай амьдрах нөхцөл, боломжийг бүрдүүлэх ЭРХ ЗҮЙН ХУВЬСГАЛТ ШИНЭТГЭЛ-ийн эхийг тавьж чадсан гэдэгт эргэлзэхгүй байгаагаа мэндчилгээнд дурдаад “Улс орон маань цэгцрэх, шударга ёс тогтох, эрүүл нийгэм төлөвших, саруул ирээдүй гэрэлтэх сайн цагийн төлөөх Монгол Улсын Их Хурал, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн хамтын ажиллагаа эх орон, ард түмнийхээ язгуур эрх ашгийн тусын тулд цаашид тууштай өрнөн хөгжинө гэдэгт итгэлтэй байна. Үндсэн хуулийн цэц, түүний гишүүн үүргээ гүйцэтгэхдээ гагцхүү Үндсэн хуульд захирагдах, хараат бус байх гуйвалтгүй зарчмыг бид гүнээ хүндэтгэн, ямагт эрхэмлэх болно.

    Мөнх хөх тэнгэрийн дор Монголын гал голомт үүрд бадран мандаж, Монгол эх орон минь хөгжин цэцэглэх болтугай” гэжээ.

Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Эрүүгийн 930 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явууллаа 14 цагийн өмнө
Өнгөрсөн долоо хоногт 164,781 зөрчлийг шийдвэрлэлээ 16 цагийн өмнө
Сар шинийн сорилго барилдаанд Б.Орхонбаяр арслан түрүүллээ 16 цагийн өмнө
“Эрдэнэс тавантолгой” хк-ийн үйл ажиллагаа цэгцэрч эхэллээ 16 цагийн өмнө
“Гарц” киноны аав, хүү хоёр “Нийгмийн дайсан”-д ямар дүрээр эргэн нэгдэв 18 цагийн өмнө
Сар шинийн баяраас өмнө олгох мөнгөн тэтгэмжүүд 19 цагийн өмнө
Улаанбаатар метро төслийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг боловсруулж дууслаа 19 цагийн өмнө
"SDGs & AI: Ирээдүйн Инновац" олон улсын хэлэлцүүлэгт монгол сурагчид оролцлоо 19 цагийн өмнө
“ХАКҮХО КАП” өсвөрийн тэмцээнд монгол тамирчид нэг алт, хоёр мөнгөн медаль хүртлээ 20 цагийн өмнө
УИХ-ын дарга Н.Учрал өнөөдөр ОХУ-д айлчлал хийхээр мордлоо 20 цагийн өмнө
А.Баясгалан: Эмээ минь "Сэгс цагаан богд шигээ баян яваарай" гэж ерөөдөг байсан 21 цагийн өмнө
“Subaru Impreza” загварын суудлын автомашин бүрэн шатаж байсныг унтраажээ 21 цагийн өмнө
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 21 цагийн өмнө
Сар шинийн сорилго барилдаан үргэлжилж байна Өчигдөр
​Х.Чойбалсангийн мэндэлсний 131 жилий​н ой тохиож байна Өчигдөр
Улаанбурхан өвчний нас баралтын тоо 13 болжээ Өчигдөр
Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хариуцлагыг чангатгах үүрэг өглөө Өчигдөр
Диплом гаргуулахаар 29.9 сая төгрөг залилуулжээ Өчигдөр
Л.Энхрийлэн Парисын их дуулгад дэд байр эзэллээ Өчигдөр
Танилц: Дэлхийн хамгийн өндөр тэмээ 3.06 метр Өчигдөр