П.Батхуяг: Хөл хорьсноос, хэл хорьсон биш

Н.Мижидмаа
2020/12/07

Хатуу хөл хорионы дэглэм хүмүүсийн амьдралын хэв маягт өөр өөрөөр нөлөө үзүүлж байна. Энэ өдрүүдийг хүмүүс хэрхэн үр бүтээлтэй өнгөрүүлж байгааг та бүхэндээ цувралаар хүргэж байгаа билээ. Тэгвэл бид энэ удаад зохиолч, судлаач Пүрэвхүүгийн Батхуягтай ярилцлаа. 

 Хөл хорионы дэглэм таны амьдралд хэрхэн нөлөөлж байна?
 
-Мэдээж тодорхой хэмжээгээр сайн муу нөлөө үзүүлж л байна. Саар талаас нь харах юм бол ямар нэг хэмжээгээр номын борлуулалт буурсан, төсөл ажил хойшилсон, уран бүтээлийн гэрээ цуцлагдсан, төлөвлөсөн зарим ажлууд тодорхойгүй болсон гээд л бас чиг чамгүй сөрөг үр дагавар дагуулжээ. Оноос өмнө хийгдэх байсан “Монофильм” төслөө одоогоор тодорхойгүй болсонд ялимгүй сэтгэл дундуур байна. Шинэ хэвлэгдэх номнуудаа ч энэ хорио цээрээс болоод хойш тавьчихсан. Франц хэлээр орчуулагдсан богино үгүүллэгийн түүвэр ч тэнд хэвлэгдэх ажил хойшилсон бололтой. Гэхдээ цаг тайвширч бүх зүйл хэвийн болно. Тэр цагт жаахан ачаалалтай байх нь гэж дотроо тооцоод л сууна. Харин сайн талаас нь харах юм бол юмаа бичих цаг зав гарч байна. Уншина даа гэж бодоод хойш нь тавьсан номнуудаа барьж аваад сайхан байна. Хэдийгээр цахимаар ч гэсэн зарим хүнтэй тухтай сайхан ярилцаж байна. Бас хайрлаж хүндэлдэг хүмүүсийнхээ тухай бичих боломж олдож байна. Кино сувгуудыг ч бас хашрааж байна. Хувийн сургалтаа онлайн хэлбэрээр явуулаад дуусч байна. Одоо дараагийн сургалтаа онлайнаар зарлах санаатай. Оюутнуудтай ч ийм орчинд хичээллэх, ажиллах арга ухаанд суралцаж байна гээд сайн сайхан талууд бас байна аа.  
 
Энэ үеийг таны хувьд хэрхэн үр бүтээлтэй өнгөрүүлж байгаа вэ?
 
-Зарим хүн гадаад хэл сурдаг ч юм уу, мэдлэг боловсролоо дээшлүүлж энэ цагийг үр бүтээлтэй өнгөрүүлж байх шиг байна. Зарим нь бүр уран зураг зураад эхэлжээ. Саяхан манай  найз ярихдаа  хүүхдүүддээ зориулж энэ үеийн талаар гэрэл зургийн дурсамжийн цомог хийж байна гэсэн. Хүн бүхэн л өөр өөрийнхөөрөө үр бүтээлтэй өнгөрөөж байгаа биз. Гэхдээ олны явдал янз янз юм чинь мөрийтэй тоглоом газар авах шинжтэй. Тийм байдлаар цаг өнгөрөөж байгаа залуу хүн байвал ёстой юу ч гэмээр юм. Одоохондоо хэлэх үг олдохгүй байна. Дэлхийн түүхээс харахад ер нь тиймэрхүү хөл хорионы үед уран зохиолын лав олон шилдэг бүтээл бичигдсэн юм гэнэлээ. “Декамерон”-аас авахуулаад Шекспирийн зарим сонгодог жүжгүүд, “Тахлын үеийн дурлал” ч юм уу, “Ухаантайн зовлон”,” Евгений Онегин” гээд цөөнгүйг нэрлэж болно.  Миний хувьд хоёр жилийн өмнө дутуу орхисон нэг туужийн зохиолоо л овоо явуулж байна. “Ташуу зураас” киноны зохиол захиалгаар бичиж байна. Дундговийн театрт бас нэг жүжиг бичиж өгөх  ажилтай Иймэрхүү л үр бүтээлтэй өнгөрч байх шив дээ.
 
Хэрэв та гэрээсээ ажиллаж байгаа бол гэр бүлдээ хэрхэн цаг зарцуулж байна?
 

-Гэрээсээ ажиллаж байна. Хүүхдүүд том болсон. Их л биеэ даасан хүмүүс өөр өөрийн хичээл номоо хийцгээгээд надад тэдэнд зарцуулах цаг тэд гаргаж өгөхгүй байна шүү дээ. Өнөө хүүхдүүд томрох лүд юмаа гэдэг дээ. Бас эхнэр цахимаар хичээл заагаад өдөржин л нэг өрөөнд төвлөрсөн хүн байх юм. Үнэндээ гэр бүлдээ гэхээсээ өөртөө л цаг зав зарцуулж байна даа. Харин саяхнаас дүүгийн охин айлчилж ирээд түүнтэй л нялуурах, эрхлэх ажил нэмэгдсэн. Ер нь гэр бүлдээ цаг зав зарцуулах гэхээсээ алдартай жүжигчид зохиолчдын хөрөг эсээ бичээд интернет орчинд л идэвхтэй байх шив дээ. Тэгээд ч ямар хөл хорьсноос хэл хорьсон биш. Бараг надаас бусад хүмүүсийн бичсэн бичвэрүүдийг харахаар гэр бүлийн уур амьсгал, хүүхдийн хүмүүжил, төлөвшилд энэ хөл хорио чинь их сайн нөлөөтэй байгаа бололтой. Ажил төрөл гээд л өглөө гараад хүүхдүүдээ унтсан хойно орой ирдэг амьдралын тийм нэг өрөөсгөл байдал олон гэр бүлд өөрчлөгдөж, халуун дулаан орчин гэр бүлд бүрдэж байна гэж л харах юм. Цаана нь бас үл бүтэх явдлууд ч их байх шиг. Гэр бүлийн хүчирхийлэл нэмэгдлээ гэдэг ч юм уу янз янзын л юм дуулдах юм. Сайнаа дагаад саар нь оршдог хүний л амьдрал юм даа.

 Ном унших нь өөрийгөө хөгжүүлэх төсөөлөн бодох чадвараа сайжруулахад чухал санагддаг. Таны хувьд номноос өөртөө юуг олж авдаг вэ?
 

-Ном унших нь үнэхээр өөрийгөө хөгжүүлэх, төсөөлөн бодох чадвараа хөгжүүлэх хамгийн сайн арга гэдэгтэй санал нийлнэ. Би л хувьдаа номноос мэдлэг, дараа нь ухаарал хайдаг, зохиогчийн үзэл санаа, сэтгэлгээ, тэгээд уран сайхны өвөрмөц талыг нь анхаарч уншдаг. Үйл явдлын ээдрээ сүлжилдээ бол хэний ч бичиж чадах зүйл учраас тоодоггүй. Харин энэ ном надад ямар шинэ сэрэл мэдрэмж, таашаал, сэтгэлгээ, амьдралын хандлагыг нээж өгөв гэдгээрээ л үнэ цэнэтэй санагддаг. Өөрөө ч бас тийм зохиол бичих юмсан гэсэн л бодолтой суудаг. Хэд хоногийн өмнө нэг уншигч та өөрийнхөө бичсэн номнуудынхаа талаар ямар бодолтой байдаг вэ? гэж асууж байналээ. Өөрийнхөө бичсэн бүхний тухай ийм тийм гээд ярих нь илүү ажил. Гэхдээ би монголын уран зохиолын шинэчлэгч сэтгэлгээний талд зогсож байгаадаа огт эргэлздэггүй. Миний эсээгээр дамжуулж олон хүн яруу сайхныг, үнэнийг мэдэрсэн гэдэгт итгэлтэй байдаг. Үгүүллэгүүдийн хувьд шинэ юм биш ч хуучин байхыг үл хүсэж бичсэн юм. Тэгэхээр ямар ч номноос шинэ л мэдрэмжүүдийг хүртэх гэж уншдаг шигээ бичсэн бүх сайн муу номнуудаа ч бас тийм сэтгэлээ шингээдэг.
 
Таны хувьд хүмүүст санал болгох номын жагсаалтаасаа хуваалцвал?
 
-Ийм асуулт олон сэтгүүлч надаас тавьжээ. Би ийм ном унших жагсаалт нэхсэн асуултаас аль болох зайлсхийдэг. Номыг жороор ч юм уу, жагсаалтаар уншина гэдэг утгатай хэрэг. Хамгийн сайн уншигч хамгийн олон ном уншиж байж л шалгардаг байх гэж би боддог. Унших явцдаа л уншигч боловсорч, хөгжиж, ямар ном үнэ цэнэтэйг мэдэж, ямар зохиолч ур чадвартайг, хэр сэтгэж бичдэг болохыг таньдаг. Түүнээс биш энэ дэлхийгээр дүүрэн шилдэг номын жагсаалт байна. Манайд ч зөндөө байна. Бестселлэр ч юм уу, борлуулалт сайтай гэгдсэн номнууд дэлгүүр бүхний лангуун дээр хөглөрч байна. Тархиа хогийн сав болгомоор байвал тийм шалгарсан номнуудыг уншина биз. Сурталчилгаанд итгэж ном уншина гэдэг чинь цонхоор тусах нарны илчинд итгэж гадаа нүцгэн гарсантай л адил зүйл. Хэрэв ном уншихаар санагдаад жагсаалт хүсээд байгаа уншигчдад би одоохондоо”Мон судар”-аас гаргаж байгаа солонгон цувралуудыг л уншаарай гэж зөвлөх байна.

Цаг зав гаргаж ярилцсан танд баярлалаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Улаанбаатарт өдөртөө ялимгүй хур тунадас орно 24 минутын өмнө
Хяналт шинжилгээ, үнэлгээ хийх, байгууллагын үйл ажиллагаа үр дүнг үнэлж, дүгнэх арга зүй сэдэвт сургалт зохион байгуулж байна 16 цагийн өмнө
Э.Батшугар: Эдийн засгийн өсөлт иргэн бүрийн амьдралд бодитой нөлөөлөх ёстой 17 цагийн өмнө
Монгол Улсаас 37 иргэнийг албадан гаргажээ 17 цагийн өмнө
АТГ: Оюун-Эрдэнийн Тэмүүлэнг ирж тайлбар өгөхийг мэдэгдсэн 18 цагийн өмнө
Цэргийн гавьяаны одонгоор гурав, цэргийн хүндэт медалиар долоон хүн шагналаа 18 цагийн өмнө
Тоёота Алфарт маркийн тээврийн хэрэгслийн жолоочийг 50 мянган төгрөгөөр торгожээ 19 цагийн өмнө
GANGBAY | КАСЕТА тоглолтод оролцох зочин артистуудыг танилцууллаа 19 цагийн өмнө
Иргэдийн 50.2 хувь нь 30-60 насандаа нас барж байна 19 цагийн өмнө
“Номын баяр” 37 дахь жилдээ зохион байгуулагдана 20 цагийн өмнө
Өнгөрсөн онд 4436 хос гэрлэлтээ цуцлуулжээ 21 цагийн өмнө
Б.Пүрэвдорж: Хамгийн том хулгай "Эрдэнэс Тавантолгой" дээр явж байна 21 цагийн өмнө
Улсын хэмжээнд 29689 багшийн 854 507 сурагч үнэлгээнд хамрагдана 21 цагийн өмнө
​УИХ-ын чуулган 52.4 хувийн ирцтэй байна 22 цагийн өмнө
​Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраав 22 цагийн өмнө
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1891 бүртгэгдлээ 22 цагийн өмнө
Үүсмэл хогийн цэгүүдэд хяналтын камерууд ажиллаж эхэллээ 22 цагийн өмнө
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ 23 цагийн өмнө
Өнөөдрөөс эхлэн дараах байршилд халуун ус хязгаарлана 23 цагийн өмнө
ДАШТ-ээс Л.Туруунаа хүрэл медаль хүртлээ Өчигдөр