О.Солонго: Томуугийн вакциныг хийлгэснээс хойш 14 хоногт дархлаа тогтдог

О.Шүрэнцэцэг
2020/09/24

Хүйтний улирал эхэлж байгаатай холбогдуудан энэ жил ханиадны вакциныг хэдийд хийж эхлэх, эцэг эхчүүдийн анхаарах зарим зүйлийн талаар ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн Хүүхдийн эрүүл мэнд, тусламж үйлчилгээ хариуцсан зохицуулагч, хүүхдийн уушгины эмч О.Солонго дараах зөвлөгөө, мэдээллийг өгч байна.

 -Энэ жил эрт сэрүүсэх төлөвтэй байна. Цаг агаараа дагаад ханиад томуу элбэгшдэг. Тиймээс хоёулаа ярилцлагаа ханиад томуу, амьсгалын замын өвчин яагаад архагшиж, хүндэрдэг вэ гэсэн асуултаар эхэлье?

-Улирал хоорондын энэ үеийг ханиад шуухинаагийн үе гэж үздэг. Үүнийг иргэд томуугийн үе эхэлсэн гэж андуурах  тохиолдол байдаг. Томуугийн вирус хүйтэн, чийгшил багатай агаарт удаан хугацаагаар амьдарч эмгэг төрүүлэх шинж чанартай болдог. Тэр утгаараа улирлын томуу нь жил бүрийн арваннэгдүгээр сараас дараа жилийн гуравдугаар сар хүртэл үргэлжилдэг. Томуугаас урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга нь дархлаажуулалт байдаг. Гэвч энэ нь өвчлөлийг 100 хувь бууруулна гэсэн үг биш юм. Өвчлөлийг багасгах, өвчилсөн тохиолдолд хүндрэлийг багасгах үр дүнтэй байдаг.

-Зарим хүн ханиад хүрээд эдгэсэн, гэтэл дахиад ханиад хүрчихлээ гэдэг. Энэ нь  томуугийн вирусийн онцлогтой холбоотой юу. Ер нь ханиад томуугаас хэрхэн сэргийлэх вэ?

-Амьсгалын замын цочмог халдвар нь 200 гаруй төрлийн вирусаар үүсгэгддэг. Сэрүүн бүсийн орнуудад ард иргэд томуу, томуу төст өвчинд жилд 5-6 өртдөг. Өөрөөр хэлбэл, томуу нь томуугийн вирусаар үүсгэгддэг, бүх насны хүнийг өвчлүүлдэг амьсгалын замын цочмог халдвар юм. Вирус нь А, B, С хүрээний хэв шинжтэй.  Томуугийн халдвараас сэргийлэх нийтлэг арга хэмжээ нь өвчилсөн хүнтэй ойр байхаас зайлсхийх, амны хаалт хэрэглэх, гараа угаах, шингэн зүйл уух, дулаан байх, илчлэг сайтай, аминдэмээр баялаг хоол, хүнс хэрэглэх, агаарт гарах, идэвхтэй хөдөлгөөнтэй байх, сайн унтаж амрах гээд олон зүйлийг анхаарах хэрэгтэй. Мөн томуугийн урьдчилан сэргийлэх тарилга буюу вакцинд хамрагдах нь чухал.

-Томуугийн вакци­ныг зарим хувийн эмнэлэгт хийгээд эхэлчихсэн. Гэтэл зарим иргэд энэ вакциныг заавал хийлгэх ёстой юу, ямар давуу талтай вэ гэж их асуудаг. Үүнд та ямар зөвлөгөө өгөх вэ?

-Энэ вакцин нь биед томуугийн вирусын эмгэг үүсгэхгүй бүтцийн тодорхой хэсгийг агуулсан зохиомлоор дархлаа тогтоох тарилга юм. Томуугийн вакцин хийлгэсний дараа вирусын халдвар авахад дархлааны тогтолцоо үр дүнтэй идэвхжиж, уг вирусыг устгаж биеэс зайлуулах урвал явагддаг. Манай улсад жил бүрийн аравдугаар сарын 1-15-ны хооронд томуугийн дархлаажуулалтад идэвхтэй хамруулдаг. Энэ үеийг вакцинд хамрагдах хамгийн тохиромжтой үе гэж хэлж болно. Энэ жилийн хувьд ЭМЯ-наас 1.2 сая хүнийг томуугийн вакцинд хамруулахаар болсон. Өмнөх жилүүдээс хэд дахин өндөр дархлаажуулалтад хамруулж байгаа. Вакцин хийхдээ эцэг эхчүүдэд урьдчилан мэдээлэл өгсний үндсэн дээр хүүхдүүдэд хийдэг. Хувийн эмнэлгүүдийн хувьд цөөн тоогоор оруулж ирдэг учраас сайн дурынхан төлбөрөө төлөөд хамрагддаг. Тиймээс эцэг, эхчүүд томуугийн цар тахлын болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүднээс мэргэжлийн эмчийн зөвлөгөө, зөвлөмжийн дагуу дархлаажуулалтын вакцинд хамрагдах нь чухал юм.

Томуугийн дархлаажуулалтад бага насны хүүхдүүд, ахмад настнууд, жирэмсэн эмэгтэйчүүд, хүнд архаг өвчин эмгэгтэй хүмүүс, эрүүл мэндийн ажилтнууд гэсэн эрсдэлт бүлгийн хүмүүсийг нэн тэргүүнд хамруулдаг.

-Томуугийн вакциныг хүссэн хүн бүр тариулж болох уу. Хориглох заалт бий юу?

-Томуугийн вакцин хийлгэсний дараа олдмол дархлаа хамгийн багадаа 14 хоногт үүснэ. Судалгаагаар вакцины дархлаа тогтоох чадвар дунджаар таван сар байдаг. Ханиад бүрэн эдгээгүй үед буюу халуурсан, ханиалгасан, нус гоожсон шинж тэмдэг илэрсэн үед, бусад товлолт вакцин хийлгэснээс хойш нэг сарын хугацаа өнгөрөөгүй бол дархлаажуулалтад хамрагдахгүй. Мөн өмнө нь томуугаас сэргийлэх тарилгын үед хэт мэдрэгшлийн хариу урвал илэрч байсан болон өндөг, тахианы мах, энэ төрлийн бусад бүтээгдэхүүнд хэт мэдрэг хүмүүс хийлгэхийг хориглодог. Түүнчлэн тарилга хийлгэхээс өмнө нэг жилийн дотор булчин татах өвчнөөр өвчилсөн хүмүүс хийлгэхийг зөвлөдөггүй.

-Ханиадны вакцин хийлгэсний дараа биед ямар нэгэн хариу урвал, гаж нөлөө илрэх үү?

-Зарим хүнд тарилга хийсний дараа тухайн газар улайх, хавдах, өвдөх шинж тэмдэг илэрч болно. Мөн халуурах, толгой өвдөх, ядрах, бөөлжих шинж ч илэрч болно. Эдгээр шинж нь ихэвчлэн 2-3 хоногтоо арилдаг. Тарилга хийлгэснээс хойш хоёр хоног ус хүргэхгүй гэдгийг анхаарах хэрэгтэй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Г.Занданшатараас "ОНТРЭ"-гийн хэлцлийг амжилттай хийхийг олон нийт хүлээж байна 6 цагийн өмнө
Улаанбаатарт импортын хагас коксон нүүрс оруулж ирэхээр төлөвлөж байна 7 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ерөнхий сайдыг өрөвдөж байна, танхим хүссэнээр нь байгуулагдаагүй 8 цагийн өмнө
Монголын йлдвэрчний эвлэлийн хороог шинэчлэх түр хороог байгуулав 9 цагийн өмнө
Байр, машин, аяллын эрхийн эзэд удахгүй тодорно 9 цагийн өмнө
Ө.Шижир: Бид ажил олгогч талаа бодож байж ирээдүйд төлөгдөх шимтгэл, татварууд илүү нэмэгдэнэ 11 цагийн өмнө
​Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ 11 цагийн өмнө
Уул уурхайн нөхөн сэргээлтийн цогц сургалтыг зохион байгууллаа 12 цагийн өмнө
УИХ-ын чуулганы хуралдаан 10:00 цагаас эхэлнэ 12 цагийн өмнө
Өнөөдөр болох үйл явдлын тойм 12 цагийн өмнө
Нийслэлд +25 градус дулаан байна 12 цагийн өмнө
А.Баяр: Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцэлнэ Өчигдөр
Мал хулгайлах гэмт хэрэгт 623 хүн холбогджээ Өчигдөр
Б.Жавхлан: Төсвийн тодотголоор 1.8 их наяд төгрөгийн дүнтэй өөрчлөлт хийнэ Өчигдөр
Энэ оны эхний таван сард гадаадын 22509 иргэнд визийн зөвшөөрөл олгожээ Өчигдөр
Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны гишүүд “Нээлттэй үйлдвэрчний төлөө” жагсаал зохион байгуулж, удирдлагуудад шаардлага гардууллаа Өчигдөр
Улсын заан Б.Бат-Өлзий "Тэргүүн бөх"-өөр шалгарлаа Өчигдөр
Залуус Дундговьд цөлжилт, газрын доройтолтой тэмцэх сайн туршлага, шийдлээ хэлэлцлээ Өчигдөр
“Этүгэн Ирвэсүүд” клубын охид олон улсын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ Өчигдөр
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар тамгаа гардлаа Өчигдөр