Банкууд зээлийн шалгуур, нөхцлөө чангатгаж эхэлжээ

О.Шүрэнцэцэг
2020/08/27

Энэ оны эхний хагас жилийн байдлаар 126 мянган иргэний 1.8 их наяд, 2672 аж ахуй нэгжийн 3.1 их наяд төгрөгийн зээлийн эргэн төлөлтөд хүндрэл үүслээ гэж Монголбанкнаас өчигдөр гаргасан Санхүүгийн тогтвортой байдлын 14 дэх тайланд онцолжээ. Цар тахалтай холбоотойгоор эргэн төлөлтийн хүндрэлд орсон хэрэглээний болон ипотекийн зээлийн эргэн төлөлтийн хугацааг хойшлуулж байгаа. Гэсэн хэдий ч хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэл өнгөрсөн оныхтой харьцуулахад 34 хувиар, иргэдийн чанаргүй зээлийн хэмжээ мөн 30 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа аж. 

Банкны хүүгийн орлого 22 хувиар буурчээ

Цар тахлын сөрөг нөлөө болон энэ оны хоёрдугаар сард 677 тэрбум төгрөгийн тэтгэврийн зээлийг тэглэсэн, мөн зээлийн хугацааг сунгасан зэрэг арга хэмжээнүүд арилжааны банкны хүүгийн орлогыг 22 хувиар буурахад нөлөөлсөн гэж үзжээ. Тиймээс эдийн засаг, санхүүгийн зах зээлд тодорхой бус байдал үүсч байгаагаас банкуудын зээл олгох шалгуур чангарсан байна. Хөл хорионы улмаас иргэд, компаниудын орлого буурч, хөл хорио хэзээ тавигдах нь тодорхойгүй байгаа нь ийнхүү зээлийн шалгуур чангарахад мөн нөлөөлжээ.      Банкнаас шинээр олгосон зээлийн хэмжээ энэ оны эхний зургаан сард 9.4 их наяд төгрөгтэй тэнцэж, өнгөрсөн оны дүнтэй харьцуулахад 7.7 хувиар буурчээ. Зээлийн төлвийн судалгааны үр дүнгээс үзэхэд банкуудын зээл олголт буурахад Ковид-19 цар тахалтай холбоотойгоор бизнесийн үйл ажиллагаа хумигдсан, эдийн засгийн идэвхжил буурсан зэрэг хүчин зүйлс голчлон нөлөөлсөн байна. Хэдийгээр ирэх сард банкууд зээлийн шалгуурыг одоогийнхоос өөрчлөх хүлээлтгүй байгаа ч зээлийн нөхцлийг чангаруулах магадлалтай байна. Тухайлбал, зээлийн хэмжээ, хугацаа, барьцаа хөрөнгө, хүү болон бусад нөхцөлийг энэ сараас эхлэн бага зэрэг чангаруулах аж. Гэхдээ энэ нь шинээр олгох зээлд хамаатай асуудал гэнэ. 

Хямралд том компаниуд илүүтэй өртөж байна

Том аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа доголдож, зээл төлөх чадамж нь муудаж байна гэж судалгаанд дурьджээ. Тодруулбал, цар тахлын нөлөөнд өртсөн зээлүүдийн 53.7 хувийг том компаниудынх, 36.9 хувийг иргэдийнх, 8.4 хувийг жижиг, дунд  аж ахуй нэгжүүдийн зээл тус тус бүрдүүлсэн байна. Өнгөрсөн зургадугаар сарын 12-ны байдлаар банкны системийн нийт зээлийн 48.3 хувь буюу 8.6 их наяд төгрөгийг аж ахуй нэгжүүдэд олгосон зээл бүрдүүлж байсан аж. Харин үүний  36.6 хувь буюу 3.2 их наяд төгрөгийн зээл цар тахлын нөлөөнд орсон гэж тооцоолжээ. Монголбанкнаас хийсэн зохицуулалтын хүрээнд банкууд 1059 аж ахуйн нэгжийн 1.1 их наяд төгрөгийн зээлд бүтцийн өөрчлөлт хийсэн байна. Тус арга хэмжээтэй холбоотойгоор 296 тэрбум төгрөгийн зээлийн үндсэн болон хүүгийн төлбөр төлөгдөөгүй байгаа аж. Компаниудын хувьд худалдааны салбарын үйл ажиллагаа бусад салбаруудтай харьцуулахад их хэмжээгээр хязгаарлагдаж тухайн салбарт үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдийн зээлийн эргэн төлөлтөд хүндрэл учирч байна гэж мэдээлжээ. Харин иргэдэд олгосон 9.3 их наяд төгрөгийн зээлийн 20.7 хувь нь цар тахалд өртсөн гэж үзэж байгаа юм байна. Өнгөрсөн зургадугаар сарын 26-ны өдрийн байдлаар нийт 91.7 мянган иргэний 1.4 их наяд төгрөгийн зээлд бүтцийн өөрчлөлт оруулжээ. Салбарын хувьд нийт зээлийн үлдэгдэл нь хэрэглээ, худалдаа, барилга, үл хөдлөх хөрөнгө, уул уурхай, боловсруулах үйлдвэрийн салбарт төвлөрсөн буюу эдгээр салбаруудад илүү мэдрэмтгий байгаа бол хөдөө аж ахуй, тээвэр ба агуулах эрхлэх үйл ажиллагаа, үйлчилгээний салбарт цар тахлын нөлөө бага байгаа аж. Тэгвэл боловсрол, мэдээлэл технологи, эрүүл мэнд, санхүү болон даатгал, төрийн үйлчилгээний салбарт мэдрэмтгий бус буюу байдал хэвийн байна гэж үзжээ.  Олон улсын байгууллагуудын зүгээс 2020 оны дэлхийн эдийн засгийн өсөлтийн таамаглалыг -4.9 хувь буюу өнгөрсөн дөрөвдүгээр сарын төсөөллөөс 1.9 нэгж хувиар бууруулсан нь 2008-2009 оны дэлхийн санхүүгийн хямралаас улбаатай эдийн засгийн уналтаас ч хүнд цохилт болж байна гэж дүгнэж байгаа. Өөрөөр хэлбэл, улс орнууд хямралын давхар давлагаатай тулгарч болзошгүй байгааг сэрэмжлүүлсээр байгаа юм. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2020.8.27 ЛХАГВА № 165 (6390)


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр зах худалдааны төвүүд ажиллахгүй 1 цагийн өмнө
ААН-ээс ам.долларын ханш, үйл ажиллагааны зардал өссөнтэй холбоотой АИ-92 авто бензиний үнийг нэмэх тухай саналыг ирүүлсэн гэв 2 цагийн өмнө
Нийслэлд +25 градус дулаан 2 цагийн өмнө
Монголын Барилгын Үндэсний Ассоциациас Үндсэн хуулийн цэцэд хандлаа 18 цагийн өмнө
Б.Батцэцэг: А.Төмөр сайдтай холбогдоход золгүй явдал болсон гэж хэлсэн 18 цагийн өмнө
Ц.Туваан: Хамтарсан засгийн газрын эхлүүлсэн төслүүд цаашид хэрэгжээд яваасай 18 цагийн өмнө
Р.Эрдэнэбүрэн: Хамтарсан засгийн газар богино хугацаанд их зүйл хийсэн 19 цагийн өмнө
Бүртгэлгүй ломбардууд 4.5 хувиас илүү хүү тооцож иргэдийг хохироож байна 19 цагийн өмнө
Нийслэлд 13 байршилд газрын дуудлага худалдааг цахимаар явуулна 20 цагийн өмнө
Б.Жавхлан: Дараагийн ерөнхий сайдын асуудлыг ярьдаг хүн нь би биш 20 цагийн өмнө
МИАТ ТӨХК нийт 512 мянган удаагийн аяллаар 25 сая зорчигч тээвэрлэжээ 21 цагийн өмнө
Д.Бадарсан: Түгжрэл бууруулах зорилготой зургаан төсөл хэрэгжинэ 22 цагийн өмнө
Нийслэлийн “Оргил” сургуулийн сургалтын төлбөрийн огцом нэмэгдлийг эсэргүүцэж, албан шаардлага хүргүүллээ 22 цагийн өмнө
Титэм судасны нарийслыг Монголд эмчлэх боломжтой боллоо 23 цагийн өмнө
10 настай хүүхэд бусдын машиныг унаж зугтжээ Өчигдөр
“Богд уул” сувиллыг эх, нярайн сэргээн засах төв болгоно Өчигдөр
Нийтийн тээврийн орлого 14 тэрбум төгрөгөөр өслөө Өчигдөр
Зөвшөөрлийн тухай хуулийн төслийг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь Өчигдөр
Гал түймрийн аюулаас хоёр хүүхдийн амь насыг авран хамгаалав Өчигдөр