М.Болдсайхан: ЭЕШ-ыг ирэх зургадугаар сарын 8-11-нд авна


Коронавирусийн цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор манай улс сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоосон. Энэ хугацаанд сурагчдыг хичээлийн хоцрогдолд оруулахгүйн тулд БСШУСЯ, Монголын телевизүүдийн холбоотой хамтран теле хичээл явуулсан хэдий ч эцэг, эхчүүд “Хүүхдэд бүрэн гүйцэт ойлголт өгөхгүй байна” хэмээн шүүмжлэх болсон. Үүгээр зогсохгүй “Энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалт хойшилно” гэдэг дам яриа гарч, олон нийтэд эргэлзээ үүссэн байна. Иймээс элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарь болон хичээлийн хоцрогдол зэргийг Боловсролын үнэлгээний төвийн элсэлтийн шалгалт хариуцсан мэргэжилтэн М.Болдсайханаас тодрууллаа. 

 -Өнгөрсөн хоёрдугаар сарын 10-наас элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл эхэлсэн. Энэ жилийн хувьд хэдэн хүн шалгалт өгөх вэ. Бүртгэл хэдэн хувьтай явж байгаа вэ? 

 -Энэ жил XII анги төгсөх 28600 гаруй сурагч байгаа. Үүн дээр нэмэгдээд тодорхой шалтгааны улмаас өмнөх жилүүдэд элсэлтийн ерөнхий шалгалт өгөөгүй хүмүүс бий. Боловсролын үнэлгээний төвөөс элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр 32 мянган хүүхэд бүртгүүлнэ гэсэн тооцоо гаргасан. Онлайн бүртгэл ирэх дөрөвдүгээр сарын 15-нд дуусна. Энэ жилийн хувьд цар тахалтай холбоотойгоор төгсөгчид бүртгүүлэх боломж, бололцоо хязгаарлагдамал байгаа. Тухайлбал, хөдөө орон нутгийн болон захын хорооллын хүүхдүүд гэртээ интернэтгүй, үйлчилгээний газрууд ажиллахгүй байгаа болохоор бүртгэлээсээ хоцорч байна. Элсэлтийн ерөнхий шалгалтад бүртгүүлэгчдийн тоо өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад хангалтгүй байна. Өөрөөр хэлбэл, өнөөдрийн байдлаар бүртгүүлэх ёстой нийт сурагчдын 25 хувь нь бүртгэлд хамрагдсан. Хөл хорио тавигдаж эхэлсэн болохоор ямартай ч сар орчмын хугацаанд  үлдсэн хүүхдүүд маань бүртгүүлж амжина. 

-Жил бүр элсэлтийн ерөнхий шалгалтад зориулсан шинэ технологи нэвтрүүлдэг. Энэ жил гэхэд л царай таних систем хэрэглэнэ гэж байна. Үүнээс өөр ямар онцлог байгаа вэ? 

 -Бид зөвхөн элсэлтийн ерөнхий шалгалт гэлтгүй бусад шалгалтын явц болон хяналтыг сайжруулах зорилгоор жил бүр шинэ технологиудыг нэвтрүүлдэг. Өөрөөр хэлбэл, сүүлийн үеийн мэдээлэл технологийн хөгжил, инновацийн давуу талуудыг ашиглаж ирсэн. Жишээлбэл, өнгөрсөн жил шууд засалтын шилэн технологийг нэвтрүүлэн 30 шалгалтын байранд ашиглаж, төгсөгчдийн шалгалтын материалыг газар дээр нь засаж, дүнг нь зарласан. Амжилттай болсон учир энэ жил нэмж шалгалтын 50 байранд тус технологийг ашиглах зорилт тавин ажиллаж байна. Ингэснээр иргэд, олон нийт, сурагчдад олон давуу тал бий болно. Тухайлбал, хол газар явахгүй, зайнаас буюу гэрээсээ дүнгээ сонсоно,цөөхүүлээ шалгалт өгнө, дүн оноогоо хурдан мэднэ гэх мэт. Мөн өмнөх жилүүдэд бусдын өмнөөс шалгалт өгөх оролдлого цөөнгүй гарч байсан. Иймээс тус үйлдлийг таслан зогсоох, хүүхдүүдийн тэгш өрсөлдөөнийг хангах зорилгоор царай таних системийг нэвтрүүлсэн. Тодруулбал, энэ жилээс эхэлж царай таних технологийг зарим шалгалтын байранд туршилтын журмаар нэвтрүүлэхээр бэлтгэл ажлаа хангаж байна. Гэхдээ цөөн тооны байранд энэ системийг ашиглана. 

-Хөдөө орон нутгийн сурагчид теле хичээлд төдийлөн хамрагдаж чадахгүй байгаа. Үүнээс үүдэн хүүхдүүд хичээлийн хоцрогдолд орох болсон. Элсэлтийн ерөнхий шалгалтын хугацааг хойшлуулах уу?  

-Теле хичээлийг зохион байгуулахад БСШУСЯ, Монголын телевизүүдийн холбоо, Боловсролын хүрээлэн, Багшийн мэргэжлийн институт зэрэг байгууллагаас гадна манай шилдэг, чадварлаг багш нарын хичээл зүтгэл, хүч хөдөлмөр шингэж байна. Гэтэл энэ их хүч хөдөлмөрийн үр дүнд гарсан теле хичээлүүдийг хүүхдүүд маань үзэхгүй,  судлахгүй бол бид хайран цаг хугацаа, хөрөнгө мөнгө зарж байна гэсэн үг. Тэгэхээр хичээлийг ач холбогдолтой болгоход эцэг, эхчүүд болон хүүхдүүдийн оролцоо, идэвх чармайлт чухал нөлөөтэй. Теле хичээл дээр нэмэлтээр Боловсролын үнэлгээний төв Монголын телевизүүдийн холбоотой хамтарч зөвхөн элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэж байгаа хүүхэд залуучуудад зориулсан хичээл орж эхэлсэн. Тодруулбал, энэ сарын 9-нөөс хичээл тус бүрээр элсэлтийн ерөнхий шалгалтад зориулсан цуврал гарч байгаа. Ингэхдээ Боловсролын үнэлгээний төвөөс өнгөрсөн жилүүдэд гаргасан хамгийн хүнд даалгавруудыг сонгож, сурагчдын гүйцэтгэлд юу нөлөөлсөн, хэрхэн алдсан, яав л илүү амар хялбар ойлгуулах вэ гэсэн өнцгөөс хичээлээ явуулж байна. Гэсэн хэдий ч агуулгын хоцрогдлыг зөвхөн теле хичээлээр гүйцэхгүй. Урт хугацаанд хичээл, сургууль тасалдсан учир төгсөх ангийн сурагчдад санаа зовж, тэднийг аль болох хичээллүүлэхийг хүсэж байна. Хэрэв цаг наашилж, хөл хорио сунгагдахгүй байвал бид бямба гарагт нэмэлт хичээл орох замаар агуулгын хоцрогдолыг нөхнө. Энэ бүх хоцрогдолыг нөхөж дууссаны дараа буюу зургадугаар сарын 8-11-ний хооронд элсэлтийн ерөнхий шалгалтыг зохион байгуулахаар төлөвлөж байна.

-Цахимаар шалгалтад бүртгүүлэхдээ 11 алхам хийх зөвлөмж байсан. Ер нь цахимаар бүртгэхэд ямар хүндрэл, бэрхшээл гарч байна вэ? 

 -Элсэлтийн шалгалтад бүртгүүлэх хүүхэд, залуучууд 3х4 хэмжээтэй цээж зураг, интернэт гүйлгээ хийх эрхтэй банкны карт байхад л хангалттай. Таван минут дотор бүртгэлдээ бүрэн хамрагдана.  Боловсролын үнэлгээний төв 2017 оноос эхлээд үйл ажиллагаагаа цахимжуулж эхэлсэн. Тухайлбал, бид багш судлаачдын шалгалтын дараа ирүүлдэг байсан тайлан, материалыг цахим хаягаар хүргэдэг болсон. Өөрөөр хэлбэл, бүх сургууль, сум, аймаг, дүүрэг өөрсдийн мэдээллээ цахимаар авдаг болсон. Хоёрдугаарт, цахим буюу “Онлайн даалгаварын сан”-г ажиллуулсан. Үүнийг ашиглан багш нар болон эцэг, эхчүүд, хүүхдүүд зэрэг боловсролын үйлчилгээнд хамрагдаж байгаа. Иймээс хэн бүгд өөрийгөө, хүүхдээ хянах боломжтой болсон. Гуравдугаарт, та бүхний сайн мэдэх шилэн технологи. Мөн үүнтэй зэрэгцэн бид иргэдэд хүргэх томоохон зургаан теле зөвлөмжийг хүргэж байна. Үүний эхлэл болсон онлайн бүртгэлийн зөвлөмж олон нийтэд хүрч эхэлсэн. Тодруулбал,  шалгалтын бүтэц, зохион байгуулалтын зөвлөмж, хариултын хуудас хэрхэн ашиглах, даалгаврын санг ашиглах тухай, тэр бүү хэл хөгжлийн бэрхшээлтэй иргэд шалгалтад хэрхэн хамрагдах вэ зэрэг зөвлөмжүүдийг хүргэсэн.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Тавантолгой түлш ХХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр С.Даваасүрэнг томиллоо 4 цагийн өмнө
Шатахууны түгээлт ирэх даваа гарагаас хэвийн болно гэв 5 цагийн өмнө
ТӨВ АЙМАГ: Цагаан жагсаалтад орох хүсэлтийг цахимаар илгээнэ 12 цагийн өмнө
Өнөөдөр уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 12 цагийн өмнө
Түүхий эд гарган авч буулгахаас өөрийн боловсруулах аж үйлдвэр рүү Өчигдөр
Эхний 24 цагийн байдлаар 60,557 хүүхэд цэцэрлэгт бүртгүүлээд байна Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Зарим төрлийн олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газар олгоно Өчигдөр
Инфляц долдугаар сард 13 хувьд хүрч, өмнөх сараас 1 нэгж хувиар өсжээ Өчигдөр
Дорноговьд 500 хүнд зориулсан “ДЭЛХИЙН ХАМГИЙН ТОМ МОНГОЛ ГЭР” бий Өчигдөр
Наймдугаар сарын шатахууны хэрэглээг бүрэн хангах нөхцөл бүрджээ Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
ХААН Банкны нэрэмжит 3х3 сагсан бөмбөгийн УАШТ Дорнодоос эхэллээ 2026/08/11
Мансууруулах бодистой холбоотой хэрэгт шалгагдаж байсан иргэнийг Туркээс албадан авчирлаа 2026/08/11
“Чөлөөлье” аяны хүрээнд төрийн үйлчилгээг цахимжуулж байна 2026/08/11
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” 1.1 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжийг эмнэлэгт хүлээлгэн өглөө 2026/08/11
Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо 2026/08/11
Увс, Ховд, Баян-Өлгийд цахилгаан эрчим хүчийг түр хязгаарлана 2026/08/11
ОХУ-аас 25 мянган тонн АИ-92 авто бензин, 5 мянган тонн онгоцны түлш нэмэлтээр нийлүүлнэ 2026/08/11